Нэгдсэн портал cистем

Баннер

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

Баннер

Эвлэрүүлэн зуучлалын хууль

Баннер

Хуулийн нэгдсэн сан

Баннер

Иргэдэд зориулсан мэдээлэл

Сургалт, судалгаа

Зөвлөмж

Баннер
Эрхэм хэрэглэгч Та манай сайтыг алдаагүй зөв үзье гэвэл Mozilla Firefox тохиромжтой. Хэрвээ татаж авах бол дээрх зурган дээр дарна уу.

Цаг агаар

Хэрэглэгчийн булан



Валютын ханш




Захиргааны хэргийн хөдөлгөөний стандарт PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 6-р сарын 10, Пүрэв гариг, 07:07

 

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Журмын зорилт

1.1.1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу захиргааны хэргийн шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, шүүх хуралдаанд бэлтгэх, шүүх хуралдаанаар хэрэг хянан шийдвэрлэх, хэргийг хянан шийдвэрлэсний дараа хийгдэх ажилбаруудыг хэн, ямар хугацаанд, хэрхэн гүйцэтгэх тухай нэгдсэн стандартыг тогтоож, уг ажиллагаанд тавих хяналтыг зохион байгуулахад оршино.

1.2. Захиргааны хэргийн хөдөлгөөний стандартын тухай хууль тогтоомж

1.2.1. Уг журам нь Шүүхийн тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

1.2.2. Шүүгч захиргааны хэргийн хөдөлгөөнийг манлайлан удирдана.

Хоёр. Нэхэмжлэл хүлээн авах ажиллагаа

2.1. Нэхэмжлэл гаргах

2.1.1. Нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд түүнд нэхэмжлэгч болон түүнийг төлөөлж буй этгээд гарын үсгээ зурсан байна. Нэхэмжлэлийг тухайн шүүхийн шуудангийн хаягаар ирүүлж болно.

2.1.2. Нэхэмжлэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д заасан шаардлагыг хангасан байна.

2.1.3. Нэхэмжлэлийг хэрэгт авагдах үндсэн хувиас гадна хариуцагчийн тоогоор хувилан шүүхэд ирүүлэх бөгөөд нэхэмжлэлийг хариуцагчийн тоогоор хувилах нь нэхэмжлэгчийн үүрэг болно.

2.1.4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр, хэлбэрийн талаар иргэд, хуулийн этгээдэд мэдээлэл өгөх зорилгоор нэхэмжлэлийн загварууд, түүнд тавигдах шаардлага зэрэг холбогдох мэдээллүүдийг “Шүүхийн мэдээллийн самбар”-т байрлуулж, дээрх мэдээллийг агуулсан гарын авлагыг шүүхийн мэдээлэл, лавлагааны албанд хангалттай тоогоор байлгана.

2.1.5. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тэдгээрийг нотлох баримтыг нэхэмжлэлд тодорхой дурдсан байхад нотлох баримтыг заавал хавсаргахыг шүүхээс шаардахгүй бөгөөд нэхэмжлэлд тусгагдсан нотлох баримтыг хавсаргаагүй нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүй.

2.1.6. Нотлох баримтыг хавсаргаж ирүүлсэн тохиолдолд хавсаргасан баримт бичгийн жагсаалтыг заавал гаргуулна.

2.2.Нэхэмжлэлийг хүлээн авах

2.2.1. Нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхийн нарийн бичгийн дарга Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар 7 хоногийн ажлын бүх өдрүүдэд, ажлын цагт ямар нэгэн хязгаарлалт тогтоолгүйгээр хүлээн авч, бүртгэнэ.

2.2.2. Нэхэмжлэлийг хүлээн авахдаа дараах зүйлүүдийг шалгана:

а/ Шүүхийн болон нутаг дэвсгэрийн харьяалал;

б/ Нэхэмжлэгч, хариуцагчийн нэр, хаяг, утасны дугаар;

в/ Нэхэмжлэлийн шаардлагын агуулга /Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасан шаардлагыг тусгасан эсэх/;

г/ Нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтууд хуулийн шаардлага хангасан эсэх;

д/ Улсын тэмдэгтийн хураамж төлсөн эсэх;

е/ Урьдчилан шийдвэрлүүлсэн эсэх;

ё/ Нэхэмжлэл гаргах хугацаа.

2.2.3. Нэхэмжлэлийг хүлээн авсан дарааллаар бүртгэл /¹1/-д бүртгэнэ.

2.2.4. Нэхэмжлэл болон түүнд хавсаргасан баримт бичгийн хуудасны тоо, хүлээн авсан огноо, цаг, минут, бүртгэлийн дугаарыг Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс баталсан журмын дагуу нэхэмжлэлийн эхний хуудасны арын нүүрний зүүн доод буланд дардас дарж баталгаажуулна.

2.3. Нэхэмжлэл гаргах хугацаа сэргээх хүсэлтийг шийдвэрлэх

2.3.1. Нэхэмжлэл гаргах хугацаа сэргээлгэхийг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг нотлох баримтын хамт нарийн бичгийн дарга хүлээн авч, дардас дарж, огноо, цаг, минутыг баримтжуулан, тухайн нэхэмжлэлийг хүлээн авах шүүгчид өдөрт нь шилжүүлнэ.

2.3.2. Уг хүсэлтийг шүүгч 3 хоногийн дотор шийдвэрлэж, шүүгчийн захирамж гаргана.

2.3.3. Шүүгчийн туслах уг захирамжийн талаар хүсэлт гаргагчид 1 хоногийн дотор мэдэгдэнэ.

2.3.4. Шүүгч, шүүгчийн туслах хүсэлтийг хангасан шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болмогц Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон энэ журамд заасан бусад ажиллагааг гүйцэтгэнэ.

2.3.5. Шүүгчийн туслах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэлийн хамт шүүхийн нарийн бичгийн даргад хүлээлгэн өгнө.

2.3.6. Нарийн бичгийн дарга энэ талаар бүртгэл/¹18/-д бүртгэн, нэхэмжлэгчийн анх бүрдүүлж өгсөн баримтыг захирамжийн хамт тухайн өдөрт нь нэхэмжлэгчид хүргүүлэхээр бичиг хүргэгчид эсхүл шуудан хүргэгчид хүлээлгэн өгнө.

2.4. Нэхэмжлэлийг шүүгчид хуваарилах

2.4.1. Нэхэмжлэлийг хүлээж авсан нарийн бичгийн дарга Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсэг болон тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс тогтоосон хуваарийн дагуу нэхэмжлэлийг, түүнд хавсаргасан баримт бичгийн хамт тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүгчид 1 өдрийн дотор хүлээлгэн өгч, энэ тухай бүртгэл /¹1/-д гарын үсэг зуруулна.

2.5. Нэхэмжлэлийг буцаах

2.5.1. Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй бол шүүгч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай” захирамж гаргаж, нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломж олгон 7-14 хоногийн хугацаа тогтооно.

2.5.2. Шүүгчийн туслах уг захирамжийг гарсан өдөрт нь ёсчлуулж, нэхэмжлэгчид 1 хоногийн дотор мэдэгдэж, энэ тухай баримт/¹8/ үйлдэн, нарийн бичгийн даргад хүлээлгэн өгнө.

2.5.3. Нарийн бичгийн дарга нэхэмжлэлийн нэг хувь, түүнд хавсаргасан баримтыг нэхэмжлэгчид буцаан өгч бүртгэл /¹18/-д бүртгэж, гарын үсэг зуруулна.

2.5.4. Бүрдүүлбэр хангаад ирсэн нэхэмжлэлийг нарийн бичгийн дарга дахин хүлээн авч, өдөрт нь багтаан тухайн нэхэмжлэлийг анх хүлээж авсан бүртгэл /¹1/-д тэмдэглэн, дардас дарж, хүлээн авсан огноо, цаг, минутыг баримтжуулан, нэхэмжлэлийг буцаасан шүүгчид 1 хоногийн дотор шилжүүлнэ.

2.5.5. Шүүгчийн захирамжаар тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлээгүй бол Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т заасны дагуу шүүгч “Нэхэмжлэлийг буцаах тухай” захирамж гаргана.

2.5.6. Шүүгчийн туслах бүртгэлийн программд энэ талаарх мэдээллийг оруулж, уг захирамжийг гарсан өдөрт нь нэхэмжлэлийн үлдсэн хувийн хамт шүүхийн нарийн бичгийн даргад хүлээлгэн өгнө.

2.6. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах

2.6.1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан үндэслэл байвал шүүгч 7-оос доошгүй хоногийн дотор нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгчид буцаах буюу холбогдох байгууллагад шилжүүлэх тухай захирамж гаргана.

2.6.2. Шүүгчийн туслах захирамжийг гарсан өдөрт нь нэхэмжлэгчид мэдэгдэж, баримт /¹8/ үйлдэнэ.

2.6.3. Шүүгчийн туслах бүртгэлийн программд энэ талаарх мэдээллийг оруулж, захирамжийг нэхэмжлэл, түүнд хавсаргасан материалын хамт 3 хоногийн дотор нарийн бичгийн даргад хүлээлгэн өгнө.

2.6.4. Нарийн бичгийн дарга холбогдох бүртгэл /¹1/-д тэмдэглэн, нэхэмжлэгч болон холбогдох байгууллагад хүргүүлэхээр бичиг хүргэгч, эсхүл шуудан хүргэгчид бүртгэл /¹18/-д гарын үсэг зуруулж, хүлээлгэн өгнө.

2.7. Захиргааны хэрэг үүсгэх

2.7.1. Нэхэмжлэлийг хүлээн авсан шүүгч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор захиргааны хэрэг үүсгэх тухай захирамж гаргана.

2.7.2. Хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж гармагц аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нарийн бичгийн дарга, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд ерөнхий шүүгчийн туслах Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс баталсан журмын дагуу индексжүүлэн, энэ тухай мэдээллийг Шүүхийн бүртгэлийн программд бүрэн, зөв оруулна.


Гурав. Хэрэг үүсгэсний дараах ажиллагаа

3.1. Нэхэмжлэлийг хариуцагчид гардуулах

3.1.1. Захиргааны хэрэг үүсгэмэгц шүүгч, шүүгчийн туслах нь хаана, хэзээ хүрэлцэн ирж нэхэмжлэлийн хувийг гардан авахыг мэдэгдэх хуудсаар хариуцагчид мэдэгдэж, энэ тухай баримт /¹1/-ыг хэрэгт хавсаргана.

3.1.2. Мэдэгдэх хуудсыг шүүгч, шүүгчийн туслах бичсэн өдөртөө шүүхийн бичиг хүргэгчид хүлээлгэн өгч, бүртгэл /¹2/-д тэмдэглүүлнэ.

3.1.3. Бичиг хүргэгч мэдэгдэх хуудсыг хүлээн авснаас хойш хэргийн оролцогчдод 3 хоногийн дотор Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77.2-77.9-д заасан журмын дагуу хүргэж, мэдэгдэх хуудсыг хүлээн авсан баримт/¹1/-д тухайн этгээдээр гарын үсэг зуруулж, баримтжуулан шүүгч, шүүгчийн туслахад бүртгэл /¹2/-д тэмдэглэн, буцааж өгнө.

3.1.4. Шүүгч, шүүгчийн туслах хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулан, гарын үсгийг гаргацтай зуруулж, баримт /¹2/ үйлдэн, хэрэгт хавсаргана.

3.1.5. Шүүгчийн туслах нэхэмжлэлд хавсаргасан баримтуудаас хариуцагчийн шаардлагатай гэж үзсэн нотлох баримтуудыг тэдний зардлаар хуулбарлан өгч болно.

3.2. Хэргийн оролцогчдод эрх, үүргийг тайлбарлах

3.2.1. Шүүгч захиргааны хэрэг үүсгэснээс хойш хэргийн оролцогчдод эрх, үүргийг нь амаар тайлбарлан өгч, энэ тухай баримт /¹3, 4, 5/-ыг хэрэгт хавсаргана.

3.3. Нотлох баримт цуглуулах

3.3.1. Шүүгч хэрэг үүсгэсэн үеэс эхлэн тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, иргэнээс шаардаж гаргуулна.

3.3.2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар байгууллага, албан тушаалтан, иргэнээс шаардлагатай нотлох баримтыг гаргуулахдаа шүүгч албан бичиг явуулж болно. Уг албан бичигт нотлох баримт гаргуулах болсон шалтгаан, ямар нотлох баримтыг гаргуулахыг хүсэж байгаагаа тодорхой илэрхийлж, нотлох баримтыг шүүхэд ирүүлэх боломжит хугацааг заана.

3.3.3. Шүүгчийн туслах уг албан бичгийг гарсан өдөрт нь бичиг хүргэгчид хүлээлгэн өгч, бүртгэл /¹2/-д тэмдэглүүлнэ.

3.3.4. Бичиг хүргэгч 1 хоногийн дотор тухайн этгээдэд уг албан бичгийг хүргэж, хүлээн авсан этгээдээр бүртгэл /¹2/-д гарын үсэг зуруулна.

3.3.5. Албан бичгийн хариу ирмэгц нарийн бичгийн дарга хүлээн авч, дардас дарж, хүлээн авсан огноо, цаг, минутыг баталгаажуулж, бүртгэл /¹17/-д бүртгэн, тухайн өдөрт нь шүүгчид шилжүүлнэ.

3.4. Шинжээч томилох

3.4.1. Шүүгч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу захирамж гарган, шинжээч томилохдоо хариу ирүүлэх боломжит хугацааг заавал заана.

3.4.2. Шүүгчийн туслах шинжээч томилох тухай захирамжийг гарсан өдөрт нь холбогдох баримтын хамт нарийн бичгийн даргад хүлээлгэн өгнө.

3.4.3. Нарийн бичгийн дарга мөн өдөрт нь шинжээчээр томилогдсон этгээдэд хүргүүлэхээр бичиг хүргэгчид бүртгэл/¹18/-д гарын үсэг зуруулж, хүлээлгэн өгнө.

3.4.4. Шинжээчийн дүгнэлтийг ирмэгц нарийн бичгийн дарга хүлээн авч, дардас дарж, хүлээн авсан огноо, цаг, минутыг баталгаажуулж, бүртгэл /¹17/-д бүртгэн, шинжээч томилох тухай захирамжийг хүргүүлэхэд хавсаргасан баримтыг бүрэн ирүүлсэн эсэхийг нягталж, тухайн өдөрт нь шүүгчид шилжүүлнэ.

3.5. Гэрчийг асуух

3.5.1. Шүүгчийн туслах нь шүүгчийн товлосон хугацаанд гэрчийг мэдэгдэх хуудас /¹1/-аар дуудан ирүүлнэ.

3.5.2. Шүүгч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 58, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан журмын дагуу гэрчийн мэдүүлэг авна.

3.5.3. Шүүгч гэрчид шаардлагатай асуултыг товч, тодорхой тавьж, шүүгчийн туслах энэ талаар тэмдэглэл үйлдэнэ. Уг тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

3.5.4. Шүүгч, шүүгчийн туслах гэрчид эрх, үүргийг нь тайлбарлаж өгсөн талаар тэмдэглэлд тусгана. Энэ талаар баримт/¹ 7/-г үйлдэж, тэмдэглэлд хавсаргана.

3.6. Үзлэг хийх

3.6.1. Шүүгчийн туслах үзлэгт байлцах этгээдүүдийг товлосон хугацаанд мэдэгдэх хуудас /¹1/-аар дуудан ирүүлнэ.

3.6.2. Шүүгч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан журмын дагуу үзлэгийг хийнэ.

3.6.3. Шүүгчийн туслах үзлэг хийсэн талаар тэмдэглэл үйлдэнэ. Уг тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

3.6.4. Шүүгч, шүүгчийн туслах хөндлөнгийн гэрчид эрх, үүргийг нь тайлбарлаж өгсөн талаар тэмдэглэлд тусгана.

3.7. Даалгавар гүйцэтгүүлэх

3.7.1. Шаардлагатай бол шүүгч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу даалгавар гүйцэтгүүлэх тухай захирамж гаргана.

3.7.2. Шүүгчийн туслах уг захирамжийг гарсан өдөрт нь холбогдох баримтын хамт нарийн бичгийн даргад хүлээлгэн өгнө.

3.7.3. Нарийн бичгийн дарга мөн өдөрт нь даалгавар гүйцэтгэх шүүхэд хүргүүлэхээр бичиг хүргэгчид бүртгэл/¹18 /-д гарын үсэг зуруулж, хүлээлгэн өгнө.

3.7.4. Даалгаврын хариу ирмэгц нарийн бичгийн дарга хүлээн авч, дардас дарж, хүлээн авсан огноо, цаг, минутыг баталгаажуулж, бүртгэл /¹17/-д бүртгэн, хавсаргасан баримтын хамт тухайн өдөрт нь шүүгчид шилжүүлнэ.

3.8. Гуравдагч этгээдийг татан оролцуулах

3.8.1. Шүүгч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу тухайн хэргийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах тухай шүүгч захирамж гаргана.

3.8.2. Шүүгчийн туслах уг захирамжийг гарснаас хойш 3 хоногийн дотор гуравдагч этгээдэд танилцуулж, нэхэмжлэлийн хувийг гардуулан, эрх, үүргийг нь тайлбарлан өгч, энэ тухай баримт /¹ 2, 5/ үйлдэн , хэрэгт хавсаргана.

3.9. Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх

3.9.1. Шүүгч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасны дагуу захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай захирамж гаргана.

3.9.2. Шүүгчийн туслах уг захирамжийг хэргийн оролцогчдод 3 хоногийн дотор мэдэгдэж, нарийн бичгийн даргад хүлээлгэн өгнө.

3.9.3. Нарийн бичгийн дарга мөн өдөрт нь тухайн захирамжийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэхээр бичиг хүргэгчид бүртгэл/¹18/-д гарын үсэг зуруулж, хүлээлгэн өгнө.

3.10. Орчуулагч, хэлмэрч томилох

3.10.1. Шүүгч шаардлагатай тохиолдолд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлд заасны дагуу орчуулагч, хэлмэрчийг томилох тухай захирамж гаргана.

3.10.2. Шүүгчийн туслах нь орчуулагч, хэлмэрч томилсон захирамжийг гарсан өдөрт нь шүүхийн бичиг хүргэгчид баримт /¹8/-ын хамт хүлээлгэн өгнө.

3.10.3. Бичиг хүргэгч шүүхээс томилсон орчуулагч, хэлмэрчид 3 хоногийн дотор шүүгчийн захирамжийг хүлээлгэн өгч, энэ тухай баримт /¹8/-д гарын үсэг зуруулан, шүүгчийн туслахад бүртгэл /¹2/-д гарын үсэг зуруулж, хүлээлгэн өгнө.

3.11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээх

3.11.1. Шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц сэргээн явуулах тухай захирамж гаргана.

3.11.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн буюу сэргээсэн захирамжийг гармагц шүүгчийн туслах бүртгэлийн программд энэ талаарх мэдээллийг оруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг зогсоох буюу сэргээнэ.

3.12. Хэргийг нэгтгэх, тусгаарлах

3.12.1. Шүүгч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг нэгтгэх, тусгаарлах тухай захирамж гаргана.

3.12.2. Шүүгчийн туслах уг захирамжийн талаар хэргийн оролцогчдод 3 хоногийн дотор мэдэгдэж, баримт /¹8/ үйлдэн хэрэгт хавсаргаж, энэ журмын 2.7.2-т заасан албан тушаалтанд мэдэгдэнэ.

3.12.3. Дээрх албан тушаалтан хэргийн индексийг Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс баталсан журамд заасны дагуу өөрчилж, энэ тухай бүртгэлийн программд бүртгэнэ.

3.12.4.Тусгаарласан хэргийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилна.

3.13. Хэргийн оролцогчийг албадан ирүүлэх

3.13.1. Шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.9-д заасны дагуу хэргийн оролцогчийг албадан ирүүлэх захирамж гаргана.

3.13.2. Хэргийн оролцогчийг албадан ирүүлэх тухай захирамжийг шүүгчийн туслах гарсан өдөрт нь шүүхийн хуягт хүлээлгэн өгч, энэ тухай бүртгэл /¹18/-д гарын үсэг зуруулж, хүлээлгэн өгнө.

3.13.3. Шүүхийн хуяг уг захирамжийн дагуу тухайн этгээдийг 3 хоногийн дотор шүүхэд албадан ирүүлнэ.

3.14. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41-43 дугаар зүйлд заасан журмаар хэргийг хянан шийдвэрлэх

3.14.1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41, 42, 43 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрсэн нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй бол тэдгээрийг баталж, шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана.

3.14.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрсэн тохиолдолд шүүгч захирамж, шүүх бүрэлдэхүүн шүүхийн тогтоол гаргахаасаа өмнө тухайн этгээд уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй, давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүйг тайлбарлаж, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгах, эсхүл баримт /¹9/ үйлдэн гарын үсэг зуруулж, хэрэгт хавсаргана.

3.14.3. Шүүгчийн туслах энэ журмын 3.14.1-д заасан захирамж, тогтоол гармагц шүүхийн шийдвэрийн дугаар авна.

3.14.4. Шүүгчийн туслах энэ журмын 3.14.1-д заасан захирамж, тогтоолыг 7 хоногийн дотор хэргийн оролцогчдод гардуулж, энэ тухай баримт/¹14/ үйлдэн, хэрэгт хавсаргана.

3.14.5. Энэ журмын 3.14.1-д зааснаар шийдвэрлэсэн тохиолдолд шүүгчийн туслах энэ журмын 5.2.-т зааснаар хэргийг эмхтгэж, 5.11-д заасны дагуу архивт шилжүүлнэ.

3.15. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунгах

3.15.1. Шүүгчийн туслах хэрэг хянан шийдвэрлэх хугацаа дуусахаас 7-оос доошгүй хоногийн өмнө энэ тухай шүүгчид мэдэгдэнэ.

3.15.2. Шүүгч уг хэрэгтэй танилцаж, хуульд заасан хугацаанд шийдвэрлэх боломжгүй бол шүүгчдийн зөвлөлгөөнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунгах болсон шалтгааныг танилцуулж, үндэслэлийг тайлбарлана.

3.15.3. Хэргийн хугацааг сунгах зайлшгүй шаардлагатай гэж үзвэл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д заасан хугацаагаар сунгаж, шүүгчдийн зөвлөгөөний тогтоол гарган, зөвлөгөөнд оролцсон шүүгч нар гарын үсэг зурна.

3.15.4. Ерөнхий шүүгчийн туслах шүүгчдийн зөвлөгөөний тэмдэглэл хөтлөн, тогтоолд дугаар авч, хуулбарыг хэрэг тус бүрт хавсаргана.

3.15.5. Шүүгчдийн зөвлөлгөөний тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх хугацааг сунгасан тохиолдолд шүүгчийн туслах энэ талаарх мэдээллийг бүртгэлийн программд оруулна.

3.16. Шүүх бүрэлдэхүүнийг томилох

3.16.1. Шүүгч хуульд зааснаар бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэх хэргийн шүүх хуралдааныг товлон зарлахаас 3-аас доошгүй хоногийн өмнө шүүгчдийн зөвлөлгөөнд танилцуулж, тогтоол гарган, шүүх бүрэлдэхүүнийг томилно.

3.16.2. Энэ журмын 3.15.4-д заасан ажиллагааг хийнэ.

3.16.3. Тухайн хэргийг хянан шийдвэрлэхээр томилогдсон шүүх бүрэлдэхүүнд шүүгчийн туслах шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэж, хэргийн материалтай танилцуулна.

3.17. Захиргааны хариуцлага хүлээлгэх

3.17.1. Шүүгч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5, 38 дугаар зүйлийн 38.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 97 дугаар зүйлд заасны дагуу хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод хариуцлага хүлээлгэх тухай шийтгэвэр гаргана.

3.17.2. Шүүгчийн туслах шийтгэврийг хариуцлага хүлээсэн этгээдэд тухайн өдөрт нь гардуулж, давж заалдах гомдол гаргах эсэх талаар асууж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2-т заасныг танилцуулан, энэ тухай баримт /¹ 11/ үйлдэж, захиргааны зөрчилтэй хэрэгт хавсаргана.

3.17.3. Давж заалдах гомдол гаргаагүй бол шүүхийн хуяг баривчлагдсан этгээдийг шийтгэврийн хамт тухайн өдөрт нь харьяалах цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгнө.

3.17.4. Тухайн зөрчил гаргасан этгээд давж заалдах гомдол гаргасан бол шүүгч Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 3-т зааснаар түдгэлзүүлнэ. Шүүхийн хуяг тухайн шийтгэврээр баривчлагдсан этгээдийн хаяг, биеийн байцаалтыг тодорхой бүртгэн авч, түүнийг дуудсан цагт ирүүлэх арга хэмжээ авна.

3.17.5. Торгох шийтгэл ногдуулсан шийтгэвэрт хэргийн оролцогч гомдол гаргаагүй, гомдол гаргах хугацаа өнгөрсөн тохиолдолд шүүгч гүйцэтгэх хуудас бичих бөгөөд шүүгчийн туслах гүйцэтгэх хуудсыг тухайн өдөрт нь Шийдвэр гүйцэтгэх харьяалах албанд хүргүүлэхээр бичиг хүргэгчид бүртгэл /¹7/-д гарын үсэг зуруулан, хүлээлгэж өгнө.

3.17.6. Шийтгэвэрт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлд заасны дагуу гомдол гаргавал энэ журмын 5.3-5.7-д заасан ажиллагааг хийнэ.

3.18. Хэргийн оролцогчдод хэргийн материалыг танилцуулах

3.18.1. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн материалтай танилцахыг хүсвэл шүүгч, шүүгчийн туслах тэдгээрт танилцуулж, энэ тухай баримт /¹ 6/ үйлдэн хэрэгт хавсаргана.

3.19. Хэргийн оролцогчдын хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх

3.19.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдааныг товлон зарлахаас өмнө хэргийн оролцогчид хүсэлтээ бичгээр гаргана. Хүсэлтийг нарийн бичгийн дарга хүлээн авч, дардас дарж, хүлээн авсан огноо, цаг, минутыг баталгаажуулж, тухайн өдөрт нь шүүгчид шилжүүлнэ.

3.19.2. Шүүгч хэргийн оролцогчийн хүсэлтийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийдвэрлэж, захирамж гаргана.

3.19.3. Шүүгчийн туслах захирамжийн талаар хэргийн оролцогчдод тухай бүрд мэдэгдэж, энэ журамд заасан ажиллагааг хийж холбогдох баримт үйлдэн хэрэгт хавсаргана.

3.19.4. Шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргавал 5.3-5.6-д заасан ажиллагааг хийнэ.


Дөрөв. Шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа

4.1. Шүүх хуралдааныг товлон зарлах

4.1.1. Шүүгч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасны дагуу шүүх хуралдааныг товлон зарлах тухай захирамж гаргамагц шүүгчийн туслах шүүх хуралдааны товыг шүүхийн мэдээлэл, лавлагааны албаны ажилтанд мэдэгдэж, “Шүүхийн мэдээллийн самбар”-т болон цахим сүлжээнд тухайн өдөрт нь байрлуулна.

4.2.Товыг оролцогчдод мэдэгдэх

4.2.1. Шүүх хуралдааныг товлон зарласны дараа шүүгчийн туслах шүүх хуралдаан болохоос 5-аас доошгүй хоногийн өмнө шүүх бүрэлдэхүүн болон шүүх хуралдааны оролцогчдод мэдэгдэх хуудсыг хүргүүлж, энэ тухай баримт /¹10/ үйлдэн хэрэгт хавсаргана.

4.3. Шүүх хуралдааны бэлтгэлийг хангах

4.3.1.Шүүх хуралдааныг товлосон цагт нь хийх, хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд бүрэн оролцуулах асуудлыг шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хариуцна.

4.3.2. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдаан эхлэхээс өмнө хуралдаанд оролцогчдын ирцийг бүртгэж, итгэмжлэл, өмгөөлөгчийн үнэмлэх зэрэг холбогдох баримт бичгийг шалгаж, шүүх хуралдааны даргалагчид танилцуулна.

4.3.3. Шүүх хуралдааныг зориулалтын танхимд явуулна.

4.4. Хуралдаанд оролцогчдын хүсэлтийг шийдвэрлэх

4.4.1. Шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчдоос хүсэлт гаргавал шүүгч, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орж, уг хүсэлтийг хүлээн авах эсэхийг хянан хэлэлцэн, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол гаргаж, уг захирамж, тогтоолд гомдол гаргах эрхтэй эсэхийг тайлбарлан өгнө.

4.4.2. Шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд хэргийн оролцогчдоос гомдол гаргах бол шүүх хуралдааныг хойшлуулна. Энэ тухай захирамж, тогтоолыг заавал бичгээр гаргана. Гомдол гаргавал энэ журмын 5.3-5.6-д заасан ажиллагааг хийнэ.

4.4.3. Шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд хэргийн оролцогчдоос гомдол гаргаагүй бол шүүх хуралдааныг үргэлжлүүлнэ.

4.5. Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх

4.5.1. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хуралдааны тэмдэглэлийг бүртгэлийн программ дээр шууд бичиж, энэ программаас шийдвэр, захирамж, шийтгэвэр, магадлал, тогтоолын дугаарыг авна.

4.5.2. Шүүхийн нарийн бичгийн дарга бүртгэлийн программ дахь шийдвэр, захирамж, шийтгэвэр, магадлал, тогтоолын дугаарын бүртгэл/¹ 4, 10, 12, 15, 16, 20/-ийг тухай бүрд нь хэвлэнэ.

4.5.3. Хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасан журмын дагуу бичиж, баталгаажуулна.

4.5.4. Тэмдэглэлийн хуудас бүр дээр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурсан байна.

4.5.5. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэлийг хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор бэлэн болгож, шүүх хуралдаан даргалагчид танилцуулж, гарын үсэг зуруулна.

4.5.6. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэлтэй танилцахыг хүссэн хэргийн оролцогчдод тэмдэглэлийг танилцуулж, гарын үсэг зуруулна.

4.5.7. Тэмдэглэлд засвар оруулах асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3.-т заасны дагуу шийдвэрлэх бөгөөд мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.6.-д заасан журам шүүх хуралдааны тэмдэглэлд хамааралгүй болно.

4.5.8. Шүүх хуралдаанд оролцож буй гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид эрх, үүргийг тайлбарлан өгсөн талаар шүүх хуралдааны тэмдэглэлд зааж, энэ тухай баримт /¹ 7/ үйлдэн, хэрэгт хавсаргана.

4.6. Иргэдийн төлөөлөгч дүгнэлт гаргах

4.6.1. Шүүх хуралдаанд оролцож буй иргэдийн төлөөлөгч дүгнэлтээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлд зааснаар гаргах бөгөөд түүний бичгээр гаргасан дүгнэлтийг хэрэгт заавал хавсаргана.

4.7. Шүүхийн шийдвэр ба түүнийг бүртгэлийн программд оруулах

4.7.1. Шүүхийн шийдвэрийг шүүх хуралдаан дууссанаас хойш 7 хоногийн дотор шүүгч, шүүгчийн туслах Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасны дагуу боловсруулж, ёсчлуулна.

4.7.2. Шүүгчийн туслах бүртгэлийн программд тухайн хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх товч мэдээллийг шийдвэр гарсан өдөрт нь оруулна.

4.7.3. Шүүгчийн туслах шүүхийн шийдвэр ёсчлогдсон өдөр шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь бүртгэлийн программд оруулна.

4.7.4. Шүүгчийн туслах бүртгэлийн программд хэргийн талаарх бүхий л мэдээллийг бүрэн, зөв, хугацаанд нь оруулсан эсэхийг шүүгч хянана.

4.7.5. Бүртгэлийн программын найдвартай, аюулгүй ажиллагааг тухайн шүүхийн тамгын хэлтэс, албаны дарга хариуцах бөгөөд гэмтэл гарсан тохиолдолд нэн даруй Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс тогтоосон журмын дагуу засварлах ажлыг зохион байгуулна.

4.8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-д зааснаар нэхэмжлэлийг буцаах

4.8.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэлийг буцаасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг шүүгч, шүүгчийн туслах 3 хоногийн дотор боловсруулан, ёсчлуулна.

4.8.2. Нэхэмжлэгч, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолоор буцаасан нэхэмжлэлийг өөрийн бүрдүүлсэн нотлох баримтын хамт буцааж авахыг хүсвэл түүний хүсэлтийг бичгээр авч, нэхэмжлэлийн хуулбарыг зөвхөн өөрийнх нь бүрдүүлж хэрэгт хавсаргасан нотлох баримтын хамт буцааж өгнө. Энэ тухай бүртгэл /¹18/-д гарын үсэг зуруулж, хүлээлгэн өгнө.

4.8.3. Энэ журмын 4.8.3-т заасан ажиллагааг гүйцэтгэсний дараа шүүгчийн туслах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч, гуравдагч этгээдээс болон шүүхээс цуглуулсан, түүнчлэн шүүхээс гүйцэтгэсэн ажиллагааны баримтууд, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудыг эмхтгэн үдэж, архивт бүртгэлээр шилжүүлнэ.

4.8.4. Шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд заасан шаардлагыг нэхэмжлэгч биелүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан тохиолдолд холбогдох нотлох баримтыг архивт шилжүүлсэн баримтаас авч хэрэгт хавсаргаж болно.

4.8.5. Энэ журмын 4.8.4-д зааснаар архиваас баримт авсан тохиолдолд хэдэн хуудас, ямар баримтыг аль хэрэгт хавсаргасныг мэдээлэл лавлагааны ажилтан бүртгэл /¹8/-д бүртгэнэ.


Тав. Хэргийг анхан шатны журмаар хянан

шийдвэрлэсний дараах ажиллагаа

5.1. Шийдвэрийг гардуулах

5.1.1. Шүүгчийн туслах шүүхийн шийдвэрийг уншин сонсгосон өдрөөс хойш 7 хоногийн дотор хэргийн оролцогчдод гардуулж, энэ тухай баримт /¹14/ үйлдэн, хэрэгт хавсаргана.

5.1.2. Шүүгчийн туслах телефон утас болон шүүхийн мэдэгдэх хуудсаар шийдвэрийг гардан авах талаар хэргийн оролцогчдод мэдэгдсэн боловч ирээгүй бол байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд албан бичгээр, иргэдэд тэдгээрийн нэхэмжлэлд бичсэн буюу шүүх хуралдаанд оролцохдоо мэдүүлсэн хаягаар шүүхийн шийдвэрийг хүргүүлж, энэ тухай баримт /¹14/ үйлдэн, хэрэгт хавсаргана.

5.2. Хэргийг эмхтгэх

5.2.1. Шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчдод гардуулсан буюу хүргүүлснээс хойш 7 хоногийн дотор шүүгчийн туслах хэргийг эмхтгэн, хуудас бүрийг дугаарлаж, шүүгчид танилцуулах бөгөөд энэ тухай баримт /¹20/ үйлдэн, хэрэгт хавсаргана.

5.2.2. Шүүгчийн туслах хэргийн хавтасны нүүр, товъёогийг бүрэн, зөв хөтөлнө.

5.2.3. Хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг дарааллаар нь, нотлох баримтыг давхардуулахгүйгээр эмхтгэнэ.

5.2.4. Хэргийн онцлог, нотлох баримтын бүрдлээс хамааран доорх байдлаар эмхтгэж болно.

а/ Нэхэмжлэгчийн зүгээс гаргасан нотлох баримтуудыг эхний хэсэгт, хариуцагчийн бүрдүүлсэн нотлох баримтуудыг хоёр дахь хэсэгт, шүүхээс явуулсан ажиллагааны баримтуудыг гурав дахь хэсэгт;

б/ Нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэснээс хойш хийгдсэн ажиллагаа болон хэргийн оролцогчдоос гаргасан нотлох баримтыг шүүхэд гаргасан он, сар, өдрийн дарааллаар.

5.2.5. Шүүгчийн туслах хэрэгт авагдсан эд мөрийн болон бичмэл бус нотлох баримтуудыг /диск, дуу болон дүрс бичлэгийн хуурцаг г.м./ хэрэг эмхтгэсэн баримтад ширхэг, төрлөөр нь тодорхой зааж, зориулалтын уут, хайрцагт хадгална.

5.2.6. Шүүгчийн туслах хэргийг бүрэн эмхтгэсний дараа энэ журмын 5.2.5-д заасан эд мөрийн болон бичмэл бус нотлох баримтуудыг хэргийн хамт шүүхийн нарийн бичгийн даргад бүртгэлээр хүлээлгэн өгнө.

5.2.7. Энэ журмын 5.2.6.-д заасан ажиллагаа хэргийг давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хүргүүлэх, түүнчлэн архивт хүлээлгэн өгөхөд нэгэн адил хамаарна.

5.3. Гомдол хүлээн авах

5.3.1. Давж заалдах болон хяналтын журмаар гаргах гомдлын хэлбэр, агуулгыг тусгасан загваруудыг холбогдох бусад мэдээллийн хамт анхан шатны шүүх бүр “Шүүхийн мэдээллийн самбар”-т байрлуулна.

5.3.2. Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол, хуульд гомдол гаргахаар заасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг тухайн захиргааны хэргийн шүүхийн нарийн бичгийн дарга хүлээн авах бөгөөд дараах шаардлагуудыг хангасан эсэхийг шалгана.

а/ Гомдол гаргагч нь тухайн хэргийн оролцогч мөн эсэх, хэрэв төлөөлөгч, өмгөөлөгч бол итгэмжлэлтэй эсэх;

б/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлд заасан гомдолд тавигдах шаардлагыг хангасан эсэх;

в/ Гомдол гаргах хугацаа хэтэрсэн эсэх, хэрэв хугацаа хэтэрсэн бол хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт, түүнд хавсаргасан баримт нь шаардлага хангасан эсэх;

г/ Улсын тэмдэгтийн хураамж төлсөн эсэх.

д/ Гомдлыг хуульд заасан үндэслэлийн дагуу гаргасан эсэх

5.3.3. Энэ журмын 5.3.2.-т заасан шаардлагуудыг хангасан гомдлыг тухайн захиргааны хэргийн шүүхийн нарийн бичгийн дарга дардас дарж, хүлээн авсан огноо, цаг, минут, хавсаргасан баримтын хуудасны тоог баталгаажуулах бөгөөд бүртгэлийн программд энэ тухай мэдээллийг оруулж, холбогдох бүртгэл /¹5, 6/-д бүртгэнэ.

5.3.4. Гомдлыг хүлээн авсан өдөрт нь тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, эсхүл шүүгчийн туслахад шилжүүлнэ.

5.4. Гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг шийдвэрлэх

5.4.1. Гомдол гаргах хугацааг сэргээлгэх хэргийн оролцогчийн хүсэлтийг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдлын хамт тухайн захиргааны хэргийн шүүхийн нарийн бичгийн дарга хүлээн авч, дардас дарж, огноо, цаг, минутыг баталгаажуулж, тухайн өдөрт нь хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгчид бүртгэл /¹19/-д гарын үсэг зуруулж, хүлээлгэн өгнө.

5.4.2. Энэ журмын 5.4.1.-д заасан хүсэлтийг шүүгч 3 хоногийн дотор шийдвэрлэж, шүүгчийн захирамж гаргана.

5.4.3. Шүүгчийн туслах уг захирамжийн талаар хүсэлт гаргагчид 1 хоногийн дотор мэдэгдэж, баримт /¹8/ үйлдэн, хэрэгт хавсаргана.

5.4.4. Шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангасан бол энэ журмын 5.3-5.6-д заасан ажиллагааг хийнэ.

5.4.5. Шүүгчийн захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон бол шүүгчийн туслах хүсэлт болон гомдлыг хавсаргасан баримтын хамт нарийн бичгийн даргад хүлээлгэн өгнө.

5.4.6. Нарийн бичгийн дарга хүсэлт гаргагчид хүргүүлэхээр бүртгэл /¹18/-д бүртгэн, бичиг хүргэгч эсхүл шуудан хүргэгчид бүртгэл /¹18/-д гарын үсэг зуруулж, хүлээлгэн өгнө.

5.5. Гомдлыг хэргийн оролцогчдод танилцуулах

5.5.1. Шүүгчийн туслах давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авсан өдөртөө тухайн хэргийн бусад оролцогчдод гомдлын талаар телефон утас болон мэдэгдэх хуудас /¹3/-аар мэдэгдэж, тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргах эрхтэйг тайлбарлаж, гомдлыг танилцуулсан тухай баримт /¹15/ үйлдэн, хэрэгт хавсаргана.

5.6. Хэргийг Улсын Дээд шүүхэд хүргүүлэх

5.6.1. Шүүгчийн туслах хэрэг хүргүүлэх албан бичгийг ёсчлуулж, гомдол, тайлбарын хамт хэрэгт хавсарган нарийн бичгийн даргад хүлээлгэн өгнө. Хэрэг хүргүүлэх албан бичигт нэхэмжлэл, хариуцагчийн нэр, шүүхийн шийдвэр, захирамж, тогтоолын огноо, хавтас хуудасны тоо, хавсаргасан баримт /диск, хуурцаг г.м./ зэргийг тодорхой дурдана.

5.6.2. Нарийн бичгийн дарга хэргийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 173 дугаар зүйлийн 173.2-д заасан хугацаанд Улсын Дээд шүүхэд хүргүүлнэ.

5.6.3. Хэргийг хүргүүлсний дараа ирүүлсэн тайлбарыг шүүхэд хүлээн авсан огноо, цаг, минутыг баталгаажуулан дардас дарж, тухайн өдөрт нь албан бичгээр Улсын Дээд шүүхэд хүргүүлнэ.

5.6.4. Гомдол гаргасныг мэдсэн хэргийн оролцогч тайлбар ирүүлээгүй нь хэрэг хүргүүлэх хугацааг хэтрүүлэх үндэслэл болохгүй.

5.7. Хэргийг Улсын Дээд шүүхээс хүлээн авах

5.7.1. Улсын Дээд шүүхээс хянан шийдвэрлээд буцаасан хэргийг тухайн захиргааны хэргийн шүүхийн нарийн бичгийн дарга хүлээн авч, дардас дарж, хэрэг ирсэн огноо, цаг, минутыг баталгаажуулж, бүртгэл /¹ 5, 6/-д бүртгэнэ.

5.7.2. Улсын Дээд шүүхээс хянан шийдвэрлээд буцаасан хэргийг нарийн бичгийн дарга анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн болон Ерөнхий шүүгчид заавал танилцуулна.

5.8. Магадлал, тогтоолыг гардуулах

5.8.1. Улсын Дээд шүүхээс хэрэг ирсэн өдрөөс хойш 3 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн магадлал, тогтоолыг гардаж аваагүй хэргийн оролцогчдод түүнийг гардуулах буюу хүргүүлэх ажиллагааг тухайн хэргийг шийдвэрлэсэн шүүгчийн туслах гүйцэтгэж, энэ тухай баримт /¹17, 19/ үйлдэн хэрэгт хавсаргана.

5.9. Анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан хэргийг хуваарилах

5.9.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тохиолдолд энэ журмын 2.4-т заасны дагуу шүүгчид хэргийг хуваарилан, тухайн өдөрт нь бүртгэл /¹1/-д гарын үсэг зуруулж, хүлээлгэн өгнө.

5.9.2. Дахин хэлэлцүүлэхээр буцаасан хэргийг хүлээн авсан шүүгч дээд шатны шүүхийн магадлал, тогтоолд заасан асуудлыг шалгаж, 30 хоногийн дотор хэргийг шийдвэрлэнэ.

5.10. Гүйцэтгэх хуудас бичих

5.10.1. Шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрт гүйцэтгэх хуудас бичүүлэх, шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр гаргасан хэргийн оролцогчийн хүсэлтийг нарийн бичгийн дарга хүлээн авч, өдөрт нь тухайн хэргийг шийдвэрлэсэн шүүгч, шүүгчийн туслахад бүртгэл /¹7/-д гарын үсэг зуруулж, хүлээлгэн өгнө.

5.10.2. Шүүгч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтээр, эсхүл шүүгч даруй биелүүлэх шаардлагатай гэж үзвэл 3 хоногийн дотор шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гарган, гүйцэтгэх хуудас бичнэ.

5.10.3. Шүүгч хэргийн оролцогчоос гүйцэтгэх хуудас бичүүлэх хүсэлт гаргасан, эсхүл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 186 дугаар зүйлд заасан тохиолдолд 3 хоногийн дотор гүйцэтгэх хуудас бичнэ.

5.10.4. Шүүгчийн туслах 3 хоногийн дотор бүртгэлийн программд тэмдэглэж, хүсэлт гаргасан этгээдэд мэдэгдэж, захирамж болон гүйцэтгэх хуудсыг холбогдох материалын хамт нарийн бичгийн даргад хүлээлгэн өгнө. Нарийн бичгийн дарга тухайн өдөрт нь хүсэлт гаргасан этгээд болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр бичиг хүргэгчид бүртгэл /¹7/-д гарын үсэг зуруулж, хүлээлгэн өгнө.

5.11. Хэргийг архивт шилжүүлэх

5.11.1. Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолд гомдол гаргах хуульд заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд нарийн бичгийн дарга хэргийг архивт шилжүүлж, бүртгэл /¹1/-д архив хариуцсан ажилтнаар гарын үсэг зуруулж, хүлээлгэн өгнө.

5.11.2. Архив хариуцсан ажилтан хэргийг бүртгэл /¹8/-д бүртгэнэ.

5.12. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэрийг хянуулах

5.12.1. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг тухайн захиргааны хэргийн шүүхийн нарийн бичгийн дарга хүлээн авахдаа дараах шаардлагуудыг хангасан эсэхийг шалгана.

а/ Хүсэлт гаргагч нь тухайн хэргийн оролцогч мөн эсэх;

б/ Ямар шүүхийн шийдвэрийг хянуулахыг хүсэж байгаа;

в/ Шинэ нөхцөл байдал илэрсэн үндэслэлийн талаар хүсэлтэд тусгасан эсэх ;

г/ Гомдол гаргагчийн гарын үсэг байгаа эсэх;

д/ Шинэ нөхцөл байдлыг нотолсон баримтууд нь хуулийн шаардлага хангасан эсэх.

5.12.2. Хуулийн шаардлага хангасан хүсэлтийг тухайн захиргааны хэргийн шүүхийн нарийн бичгийн дарга хүлээн авч, дардас дарж, огноо, цаг, минутыг баталгаажуулж, холбогдох бүртгэл /¹19/-д бүртгэнэ.

5.12.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.-т заасан журмыг зөрчихгүйгээр шүүгчдийн зөвлөлгөөнөөс тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилж, бүртгэл /¹19/-д гарын үсэг зуруулж, хүлээлгэн өгнө.

5.12.4. Шүүгчийн туслах холбогдох хэргийг архиваас авч, бүртгэл /¹8/-д бүртгүүлж, гарын үсэг зуруулна.

5.12.5. Улсын Дээд шүүхийн магадлал, тогтоолыг хянуулах хүсэлтийг архиваас авсан хэрэгт хавсарган, энэ журмын 5.5-5.6-д заасны дагуу Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хүргүүлнэ.

5.12.6. Улсын Дээд шүүхээс хянан шийдвэрлээд буцаасан хэргийг энэ журмын 5.7.-д заасны дагуу хүлээн авч, бүртгэл /¹ 5, 6/-д бүртгэнэ.


Зургаа.Давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа

6.1. Улсын Дээд шүүхэд хэрэг хүлээн авах

6.1.1. Аймаг, нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс давж заалдах журмаар гаргасан гомдолтой болон шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн магадлал, тогтоолыг хянуулахыг хүссэн хэргийг Улсын Дээд шүүхийн Бичиг хэрэг, өргөдөл, гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагч хүлээн авч, Улсын Дээд шүүхэд хэрэг ирсэн огноо, цаг, минутыг баталгаажуулан дардас дарж, Захиргааны хэргийн Танхимын тэргүүний туслахад бүртгэлээр шилжүүлнэ.

6.1.2. Захиргааны хэргийн Танхимын тэргүүний туслах хэргийг хүлээн авч, дардас дарж, хэрэг ирсэн огноо, цаг, минутыг баталгаажуулна. Хэргийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81, 82 дугаар зүйлд заасан журмын дагуу ирүүлсэн эсэхийг шалган, хуульд заасан журмыг зөрчиж ирүүлсэн бол Танхимын тэргүүнд танилцуулна.

6.1.3. Хэргийг анхан шатны шүүхэд буцаах эсэх асуудлыг Танхимын тэргүүн шийдвэрлэнэ.

6.1.4. Хэргийг хүлээн авсны дараа Танхимын тэргүүний туслах тухайн хэргийн индексээр бүртгэлийн программд орж, хэргийг Улсын Дээд шүүх хүлээж авсан талаарх мэдээллийг бүрэн, зөв оруулна.

6.2. Шүүгчид хэрэг хуваарилах

6.2.1. Захиргааны хэргийн Танхимын тэргүүний туслах хэргийг Улсын Дээд шүүх хүлээн авсан огноо, цаг, минутыг үндэслэн, бүртгэлийн программд бүртгэж, Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүгчдийн зөвлөлгөөнөөс тогтоосон журмын дагуу хуваарилж, бүртгэл /¹9/-д бүртгэнэ.

6.2.2. Хэргийг хуваарилагдсан шүүгчид шилжүүлэхдээ хэргийн хавтас, хуудасны тоо, хавсарган ирүүлсэн бусад баримтуудыг нэг бүрчлэн хүлээлгэн өгч, энэ тухай бүртгэл /¹9/-д гарын үсэг зуруулна.

6.2.3. Хэргийг хуваарилахдаа Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6-д заасан нөхцөл байдал байгаа эсэхийг шалгана.

6.2.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа захиргааны хэргийн танхим хэргийг хүлээн авснаас эхэлж тоологдоно.

6.2.5. Шүүгч хүлээж авсан хэргийг дур мэдэн бусад шүүгчид шилжүүлэх болон хэргийг хоорондоо сольж болохгүй бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.1, 64.1.2, 64.1.3-т заасан татгалзан гарах үндэслэл тогтоогдвол Танхимын тэргүүнд энэ тухай танилцуулан, түүний туслахад хэргийг буцаан өгнө.

6.2.6. Шүүгч татгалзан гарсан хэргийг Танхимын тэргүүний туслах энэ журмын 6.2.1-6.2.3-т заасны дагуу өөр шүүгчид хуваарилна.

6.2.7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг эс зөвшөөрсөн гомдолтой хэргийг хүлээн авсан шүүгч 10 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.

6.3. Гомдол гаргаагүйд тооцох

6.3.1. Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч давж заалдах гомдлоосоо татгалзаж байгаагаа бичгээр мэдэгдвэл гомдол гаргаагүйд тооцож, шүүгч захирамж, шүүх тогтоолыг 3 хоногийн дотор гаргана.

6.3.2. Шүүгчийн туслах уг захирамжийг хэргийн оролцогчдод танилцуулж, бүртгэлийн программд бүртгэж, хэргийг эмхтгэн, Танхимын тэргүүний туслахад хүлээлгэн өгнө.

6.3.3. Танхимын тэргүүний туслах тухайн өдөрт нь хэргийг Улсын Дээд шүүхийн Бичиг хэрэг, өргөдөл, гомдол хариуцсан ахлах зааварлагчид бүртгэл /¹9/-д гарын үсэг зуруулж, хүлээлгэн өгнө.

6.4. Шүүх хуралдааны бэлтгэл хангах

6.4.1.Давж заалдах шатны шүүх хуралдааны зохион байгуулалтыг танхимын шүүгчийн туслахууд 7 хоногоор ээлжлэн хариуцах бөгөөд шүүх хуралдааны зарыг хуралдаан болохоос 7 хоногийн өмнө гаргаж, шүүхийн мэдээлэл, лавлагааны албаны ажилтанд мэдэгдэн, “Шүүхийн мэдээллийн самбар”-т болон цахим сүлжээнд байрлуулна. Хэргийн оролцогчид давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохыг хүсвэл шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг тэдгээрт мэдэгдэж, энэ тухай баримт /¹16/-ыг хэрэгт хавсаргана.

6.4.2. Шүүгчийн туслах хэргийн талаар илтгэх магадлалын төслийг хэргийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор бэлтгэн, шүүгчид хэргийн хамт танилцуулж, холбогдох хууль тогтоомжийг түүвэрлэн өгнө.

6.4.3. Шүүгчийн туслах шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг шүүх бүрэлдэхүүний тоогоор олшруулж, шүүх хуралдааныг зохион байгуулах шүүгчийн туслахад хуралдааныг зарлахаас 3 хоногийн өмнө өгнө.

6.4.4.Шүүх хуралдааныг зохион байгуулж байгаа шүүгчийн туслах хэргийн оролцогчид шүүх хуралдаанд оролцож байгаа бол тэмдэглэл хөтлөх бөгөөд хуралдаан дууссанаас хойш 3-аас доошгүй хоногийн дотор хуралдааны тэмдэглэлийг бэлэн болгож, ёсчлуулан, хэрэгт хавсаргана.

6.5. Шүүх бүрэлдэхүүн томилох

6.5.1. Шүүх хуралдаан зохион байгуулах шүүгчийн туслах шүүх бүрэлдэхүүнийг томилох тухай Танхимын тэргүүний захирамжийн төслийг шүүх хуралдаан болохоос 3 хоногийн өмнө бэлтгэн ёсчлуулж, тухайн хэрэгт хавсаргана.

6.5.2. Танхимын тэргүүний туслах Танхимын тэргүүний захирамжийн дугаарыг бүртгэлийн программаас авч, бүртгэл/¹13/-ийг тухай бүр хэвлэнэ.

6.6. Давж заалдах шатны шүүх хуралдааны магадлалыг гардуулах,

6.6.1. Илтгэгч шүүгч, шүүгчийн туслах хэргийг шийдвэрлэснээс хойш 7 хоногийн дотор Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д заасны дагуу боловсруулан ёсчлуулж, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулан өгөх буюу хүргүүлж, энэ тухай баримт /¹17/ үйлдэн хэрэгт хавсаргана.

6.6.2. Шүүгчийн туслах магадлалыг хэргийн оролцогчдод гардуулан өгсөн буюу хүргүүлсний дараа 3 хоногийн дотор хэргийг үдэж эмхтгэн, хэрэг хянан шийдвэрлэсэн тухай мэдээллийг бүртгэлийн программд бүрэн, зөв оруулна.

6.6.3. Шүүгчийн туслах хэргийг Танхимын тэргүүний туслахад бүртгэлээр хүлээлгэн өгнө.

6.7. Хэргийг анхан шатны шүүхэд буцаах

6.7.1.Танхимын тэргүүний туслах давж заалдах шатны шүүх хуралдааны магадлалтай захиргааны хэргийг шүүгчийн туслахаас хүлээн авч, бүртгэлийн программ дахь хаалтыг шалгаж, анхан шатны шүүхэд хүргүүлэхээр Улсын Дээд шүүхийн Бичиг хэрэг, өргөдөл, гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагчид бүртгэл /¹9/-д гарын үсэг зуруулж, хүлээлгэн өгнө.

6.7.2. Энэ журмын 6.6.1.-д заасан хугацаанд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалаа гардаж аваагүй бол магадлалын хувийг хэргийн оролцогчдын тоогоор хэрэгт хавсарган, анхан шатны шүүхэд хүргүүлнэ.

Долоо.Хяналтын шатны шүүхийн үйл ажиллагаа

7.1. Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргасан хэргийг хяналтын шатны шүүхэд хүлээн авах, хэргийг шүүгчид хуваарилах, шүүх хуралдааны бэлтгэл хангах, шүүх бүрэлдэхүүн томилох, гомдол гаргаагүйд тооцох, шүүхийн тогтоолыг гардуулах, хэргийг анхан шатны шүүхэд буцаахдаа энэ журмын 6.1-6.7-д заасныг баримталж, холбогдох баримт үйлдэж, бүртгэлийг хөтөлнө.

7.2. Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандаж гомдол гаргах

7.2.1. Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1761 дугаар зүйлийн 1761.1-д зааснаар гомдол гаргасан тохиолдолд хэргийг Улсын Дээд шүүхийн Бичиг хэрэг, өргөдөл, гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагч хүлээн авч, Захиргааны хэргийн Танхимын тэргүүний туслахад бүртгэлээр хүлээлгэн өгнө.

7.2.2. Танхимын тэргүүний туслах хэргийг хүлээн авч, дардас дарж, хэрэг ирсэн огноо, цаг, минутыг баталгаажуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 173 дугаар зүйлийн 173.2, 1761 дугаар зүйлийн 1761.1-д заасан журмын дагуу анхан шатны шүүх хэргийг ирүүлсэн эсэхийг шалган, хяналтын шатны захиргааны хэргийн бүртгэлийн программд бүртгэн, Ерөнхий шүүгчийн ажлын албаны даргад бүртгэл /¹11/-д гарын үсэг зуруулж, хүлээлгэн өгнө.

7.2.3. Ерөнхий шүүгчийн ажлын алба хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор Ерөнхий шүүгчид танилцуулна.

7.2.4. Ерөнхий шүүгч дүгнэлт гаргах үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд энэ тухай түүний хариуг Ерөнхий шүүгчийн ажлын албаны дарга гомдол гаргагчид албан бичгээр мэдэгдэж, хэргийг захиргааны хэргийн Танхимын тэргүүний туслахад бүртгэлээр хүлээлгэн өгнө.

7.2.5. Ерөнхий шүүгч дүгнэлт гаргавал хэргийг Захиргааны хэргийн Танхимын тэргүүн эсхүл Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн томилсон шүүгч Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанд илтгэнэ.

7.2.6. Улсын Дээд шүүхийн хуралдааны тэмдэглэлийг нийт шүүгчдийн хуралдааны зохион байгуулалт хариуцсан шинжээч хөтлөх бөгөөд хуралдаан дууссанаас хойш 3 хоногийн дотор бэлэн болгон, ёсчлуулна. Хэргийг эмхтгэн, бүртгэлийн программд бүртгэж, Танхимын тэргүүний туслахад хүлээлгэн өгнө.

7.2.7. Улсын Дээд шүүхийн тогтоолыг гардуулах, хэргийг анхан шатны шүүхэд буцаахдаа энэ журмын 6.6, 6.7-д заасныг баримтална.

Найм. Хэргийн харьяалал тогтоох ажиллагаа

8.1. Харьяалал тогтоолгохоор ирүүлсэн хэргийг хүлээн авах,

харьяалах шүүхэд шилжүүлэх

8.1.1. Аймаг, нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.4.-т заасны дагуу харьяалал тогтоолгохоор ирүүлсэн хэргийг Улсын Дээд шүүхийн бичиг хэрэг, өргөдөл, гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагч хүлээн авч, Улсын Дээд шүүхэд хэрэг ирсэн огноо, цаг, минутыг баталгаажуулан, дардас дарж, захиргааны хэргийн Танхимын тэргүүний туслахад бүртгэлээр шилжүүлнэ.

8.1.2. Танхимын тэргүүний туслах хүлээн авч, бүртгэл /¹14/-д бүртгэн, Танхимын тэргүүнд тухайн өдөрт нь танилцуулж, харьяалал тогтоох тухай захирамжийн төслийг боловсруулж, ёсчлуулна.

8.1.3. Уг захирамжийг хэрэг хүргүүлэх албан бичгийн хамт хэрэгт эмхтгэж, харьяалах шүүхэд хүргүүлэхээр Улсын Дээд шүүхийн бичиг хэрэг, өргөдөл гомдол хариуцсан ажилтанд бүртгэл /¹14/-ээр хүлээлгэн өгнө.

Ес. Хариуцлага

9.1. Энэ журмыг зөрчсөн шүүгч, ажилтанд эрх бүхий албан тушаалтан Төрийн албаны тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, Шүүгчийн ёс зүйн дүрэмд заасан хариуцлагыг ногдуулна.

 


 

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 7-р сарын 10, Пүрэв гариг, 01:00
 

Тунхаг

Зурган дээр дарж үзнэ үү
Текстээр үзэх бол ЭНД
дарна уу.

Цахим сан

Баннер

Шинээр гарсан дүрэм, журмууд

Баннер

Файл шэйр

Баннер

Сонгон шалгаруулалтын зар

Баннер

Санал асуулга

Та Шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?
 

Цаг хугацаа

Манай зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр6
mod_vvisit_counterӨчигдөр698
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт4120
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт1358
mod_vvisit_counterЭнэ сард5861
mod_vvisit_counterӨнгөрсөн сард12900
mod_vvisit_counterНийт зочдын тоо503284

Хэн онлайн байна: 1
Таны IP хаяг: 54.227.51.103
,
Now: 2017-12-16 01:27