Нэгдсэн портал cистем

Баннер

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

Баннер

Эвлэрүүлэн зуучлалын хууль

Баннер

Хуулийн нэгдсэн сан

Баннер

Иргэдэд зориулсан мэдээлэл

Сургалт, судалгаа

Зөвлөмж

Баннер
Эрхэм хэрэглэгч Та манай сайтыг алдаагүй зөв үзье гэвэл Mozilla Firefox тохиромжтой. Хэрвээ татаж авах бол дээрх зурган дээр дарна уу.

Цаг агаар

Хэрэглэгчийн булан



Валютын ханш




Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2014 оны 6-р сарын 16, Даваа гариг, 08:47

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 03 сарын 07 өдөр Төрийн ордон,                                  Улаанбаатар хот

Хуульчийн эрх зүйн байдлын тухай

Нэгдүгээр бүлэг

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хуульчийн эрх зүйн байдал, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, мэргэжлийн нэр хүнд, хариуцлагын тогтолцоо, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын чиг үүрэг, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд оршино.

2 дугаар зүйл.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж

2.1.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], энэ хууль, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."хуульч" гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээдийг;

3.1.2."хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл” гэжхуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг энэ хуулиар тогтоосон зарчим, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг баталгаажуулсан албан ёсны баримт бичгийг;

3.1.3."хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа" гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг;

3.1.4."хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага" /цаашид “Хуульчдын холбоо” гэх/ гэжхуульчдын заавал гишүүнчлэлтэй, өөрийн удирдлагатай, нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг;

3.1.5.“хуульч профессор” гэж Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд багшилж байгаа багш хуульчийг;

3.1.6."хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа"гэж хуульчийн хувьд бусдаас хөлс авахгүйгээр нийтийн тусын тулд болон нийгмийн эмзэг хэсгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах зорилгоор үзүүлж байгаа хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ, эрх зүйн иргэний боловсролыг дэмжих зорилготой аливаа үйл ажиллагааг.

4 дүгээр зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

4.1.Хуульчийн мэргэжлийн шалгалт, үргэлжилсэн сургалт зохион байгуулах, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хууль зүйн туслалцаа болон өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх, зохион байгуулалтыг хангах, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаан дахь зөрчилтэй холбогдсон маргааныг хянан шийдвэрлэх, хуульчид хариуцлага ногдуулах зэрэг харилцааг энэ хуулиар зохицуулна.

5 дугаар зүйл.Хуульчийн мэргэжлийн ерөнхий үүрэг

5.1.Хуульч нь мэргэжлийн үйл ажиллагаагаа үнэнч шударгаар гүйцэтгэнэ.

5.2.Хуульч нь олон нийтэд хүндлэл, итгэл хүлээхүйцээр биеэ авч явна.

5.3.Хуульч нь нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг сайн дураараа явуулахыг эрмэлзэнэ.

6 дугаар зүйл.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд

баримтлах зарчим

6.1.Хуульч хуульд харшлахгүй арга хэрэгслээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулна.

6.2.Хуульч нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, шударга ёсыг хангана.

6.3.Хуульч өөрийгөө мэргэжилтний хувьд тасралтгүй хөгжүүлнэ.

6.4.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хараат бус байна.

6.5.Хуульч мэргэжлийн үйл ажиллагаандаа бодитой хандана.

Хоёрдугаар бүлэг

ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТ

7 дугаар зүйл.Хуульчийн мэргэжлийн шалгалт

7.1.Хуульчийн мэргэжлийн шалгалт /цаашид "хуульчийн шалгалт" гэх/-ын зорилго нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх авахыг хүссэн этгээдийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх хангалттай мэдлэг, чадвар эзэмшсэн эсэхийг тогтооход чиглэнэ.

7.2.Хуульчийн шалгалт зохион байгуулах үйл ажиллагаанд тэгш эрх, шударга ёсыг хангах, ил тод байх, хууль дээдлэх, олон нийтийн итгэлийг даах, хараат бус байх зарчмыг баримтална.

8 дугаар зүйл.Хуульчийн шалгалтын комисс

8.1.Энэ хуулийн 52 дугаар зүйлд заасан Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос байгуулагдсан Хуульчийн шалгалтын комисс /цаашид "Шалгалтын комисс" гэх/ хуульчийн шалгалтыг зохион байгуулна.

8.2.Шалгалтын комисст шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн хорооны болон хуульч профессоруудын төлөөлөл орно.

9 дүгээр зүйл.Хуульчийн шалгалтад орох эрх

9.1.Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульчийн шалгалтад орох эрхтэй.

9.2.Гадаад улсын хууль зүйн сургуулийг төгссөн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульчийн шалгалтад орох журмыг Хуульчдын холбоо батална.

10 дугаар зүйл.Хуульчийн шалгалтад орох тухай өргөдөл гаргах

10.1.Энэ хуулийн 9.1-д заасан шаардлагыг хангасан этгээд хуульчийн шалгалтад орох тухай өргөдлөө шалгалтын комисст гаргана.

10.2.Шалгалтын комисс энэ хуулийн 14.4-т заасан хугацаанд өргөдөл хүлээн авна.

10.3.Хуульчийн шалгалтад орохыг хүссэн өргөдөлд дор дурдсан баримт бичгийг хавсаргана:

10.3.1.Монгол Улсын иргэний үнэмлэх, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүний хувьд гадаад улсын паспорт болон түүнийг орлох хууль ёсны баримт бичгийн хуулбар;

10.3.2.хуульч мэргэжлийн боловсролын дипломын хуулбар;

10.3.3.мэргэжлийн дадлагын тухай тодорхойлолт;

10.3.4.Хуульчдын холбооноос баталсан өргөдөл гаргагчийн маягтын дагуу бөглөсөн биеийн байцаалт.

10.4.Шалгалтын комисс нь хуульчийншалгалтад орох тухай өргөдөл, биеийн байцаалтын үнэн зөв байдлыг шалгах зорилгоор шаардлагатай баримт бичиг, мэдээ, мэдээллийг гаргуулахаар байгууллага, албан тушаалтанд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд өргөдөлд хавсаргасан баримт бичгийн хуулбарыг эх хувьтай нь тулган үзэж баталгаажуулна.

11 дүгээр зүйл.Хуульчийн мэргэжлийн дадлага

11.1.Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан Хуульчийн мэргэжлийн дадлага гэдэгт дараах ажил, албан тушаал хамаарна:

11.1.1.шүүгч, прокурор, өмгөөлөгчийн туслах;

11.1.2.Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслах;

11.1.3.төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн хуулийн зөвлөх, хуулийн асуудал хариуцсан ажилтан;

11.1.4.хууль зүйн сургуулийн багш, туслах багш, төрийн болон төрийн бус байгууллагын эрх зүйн судалгааны ажилтан.

11.2.Энэ хуулийн 11.1-д зааснаас гадна өмгөөллийн үйлчилгээ болон хууль зүйн туслалцаа үзүүлэхэд туслах ажлыг цагаар болон гэрээгээр гүйцэтгэснийг багц цагт шилжүүлж мэргэжлийн дадлагад тооцно.

11.3.Энэ хуулийн 11.2-т заасан мэргэжлийн дадлагад тооцох болон гадаад улсад мэргэжлийн дадлага хийх журмыг Хуульчдын холбоо батална.

12 дугаар зүйл.Хуульчдын холбоо өргөдлийг шийдвэрлэх

12.1.Энэ хуулийн 12.2-т зааснаас бусад тохиолдолд өргөдөл гаргагчид хуульчийн шалгалтад орох зөвшөөрлийг жагсаалтаар баталгаажуулж, нийтэд мэдээлнэ.

12.2.Дор дурдсан үндэслэл байвал Шалгалтын комисс хуульчийн шалгалтад оруулахаас татгалзана:

12.2.1.өргөдөл гаргагч энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй;

12.2.2.энэ хуулийн 10.3-т заасан баримт бичгийг дутуу, эсхүл хуурамчаар бүрдүүлсэн;

12.2.3.хуульчийн шалгалтын товд заасан хугацаанд бүртгүүлээгүй;

12.2.4.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаатай хүчингүй болгосон шийтгэлийн хугацаа дуусаагүй.

13 дугаар зүйл.Хуульчийн шалгалтад оруулахаас татгалзсан

шийдвэртэй холбогдуулан гомдол гаргах журам

13.1.Өргөдөл гаргагч нь хуульчийн шалгалтад оруулахаас татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шалгалт эхлэхээс 14-өөс доошгүй хоногийн өмнө Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд гомдол гаргаж болно.

13.2.Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо хуульчийн шалгалт эхлэхээс гурваас доошгүй хоногийн өмнө гомдлыг эцэслэн шийдвэрлэнэ.

14 дүгээр зүйл.Хуульчийн шалгалт явуулах газар, хугацаа

14.1.Хуульчдын холбоо хуульчийн шалгалтыг жилд нэг удаа товлон зарлаж, бүсчлэн зохион байгуулна.

14.2.Хуульчийн шалгалтын товыг уг шалгалт эхлэхээс 75-аас доошгүй хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана.

14.3.Хуульчийн шалгалтын товд шалгалтын хуваарь, бүртгэх журам, шалгалт авах газар, хугацаа, шалгалтын дарааллыг заана.

14.4.Хуульчийн шалгалтад оролцогчийг бүртгэх ажиллагаа шалгалтын товыг зарласан өдрөөс эхэлж, шалгалт эхлэхээс 30 хоногийн өмнө дууссан байна.

15 дугаар зүйл.Хуульчийн шалгалтын даалгавар

15.1.Шалгалтын комисс хуульчийн шалгалтын даалгаврын нууцлалыг шалгалт эхлэх хүртэл, түүний хариултын нууцлалыг шалгалт дуусах хүртэл хамгаална.

15.2.Хуульчийн шалгалтын даалгаврын гүйцэтгэлийг тоогоор дугаарлах бөгөөд дугаартай холбогдох шалгалтад оролцогчийн нэр нууцлагдсан байна.

15.3.Бодлогын шалгалтын даалгаврын гүйцэтгэлийг гурваас доошгүй шалгагчийн бүрэлдэхүүнтэйгээр дүгнэж, дүнг тэдгээрээс өгсөн үнэлгээний дунджаар гаргана.

16 дугаар зүйл.Хуульчийн шалгалт авах журам

16.1.Хуульчийн шалгалт нь эрх зүйн ерөнхий мэдлэгийг сорьсон сорилгын болон эрх зүйн салбарын хүрээнд тодорхой тохиолдлыг хууль хэрэглэж шийдвэрлэх бодлогын шалгалтын хэлбэрээр явагдана.

16.2.Хуульчийн шалгалтын үргэлжлэх нийт хугацаа гурав хоног байна.

16.3.Хуульчийн шалгалтад оролцогч сорилгын шалгалтын нийт онооны 60 ба түүнээс дээш хувийг авсан бол бодлогын шалгалтад орох эрхтэй болно.

16.4.Сорилгын болон бодлогын шалгалтад авсан нийлбэр дүн нь хуульчийн шалгалтын нийт онооны 70 ба түүнээс дээш хувьд хүрсэн бол хуульчийн шалгалтад тэнцсэнд тооцно.

16.5.Шалгалтын комисс хуульчийн шалгалтын нэгдсэн дүнг шалгалт дууссанаас хойш ажлын таван өдөрт багтаан шалгалтад оролцогчдын нэрсийн жагсаалтад харгалзах тоон дугаараар гаргаж, нийтэд мэдээлнэ.

16.6.Хуульчийн шалгалттай холбогдох бусад асуудлыг Хуульчдын холбооноос баталсан журмаар зохицуулна.

17 дугаар зүйл.Хуульчийн шалгалтад тэнцсэн тухай батламж олгох

17.1.Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо хуульчийн шалгалт дууссанаас хойш 30 хоногийн дотор уг шалгалтад тэнцсэн этгээдэд батламж олгоно.

18 дугаар зүйл.Хуульчийн шалгалтад дахин орох

18.1.Хуульчийн шалгалтад тэнцээгүй болон сахилгын шийтгэл хүлээж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө хугацаатай хүчингүй болгуулсан этгээд сахилгын шийтгэлийн хугацаа дууссанаас хойш хуульчийн шалгалтад дахин орох эрхтэй.

ГУРАВДУГААр бүлэг

ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ

19 дүгээр зүйл.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх

зөвшөөрөл, түүнийг олгох журам

19.1.Хуульчийн шалгалтад тэнцэж батламж авсан этгээд батламж авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх өргөдөл гаргана.

19.2.Энэ хуулийн 19.1-д заасан өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:

19.2.1.хуульчийн шалгалтад тэнцсэн батламж;

19.2.2.ял шийтгэгдэж байгаагүйг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт;

19.2.3.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүйг нотолсон эрүүл мэндийн тодорхойлолт.

19.3.Хуульчдын холбоо нь өргөдөлд хавсаргасан баримт бичгийн үнэн зөв байдлыг шалгаж, хуульчид тавигдах зан байдлын болон эрүүл мэндийн шаардлагыг харгалзан гишүүнээр элсүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.

19.4.Хуульчдын холбоо өргөдөл гаргагчийг гишүүнээр бүртгэж авсан тохиолдолд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоно.

19.5.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан этгээд хуульч мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхтэй болно.

19.6.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн үндсэн дээр хуульч нь өмгөөлөгч, прокурор, шүүгчээр ажиллана.

19.7.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаагүй олгоно.

20 дугаар зүйл.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа

эрхлэх зөвшөөрөл олгох ажиллагааг

түдгэлзүүлэх үндэслэл

20.1.Дор дурдсан үндэслэл байвал хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох ажиллагааг түдгэлзүүлнэ:

20.1.1.өргөдөл гаргагч нь гэмт хэрэгт холбогдон эрх бүхий байгууллагад шалгагдаж байгаа;

20.1.2.өргөдөл гаргагч нь эрүүл мэндийн байдлын улмаас тодорхойгүй хугацаагаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх чадваргүй болсон;

20.1.3.энэ хуулийн 10.3, 19.2-т заасан баримт бичигтэй холбоотой маргаан үүссэн;

20.1.4.улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа, эсхүл улс төрийн албан тушаал эрхэлж байгаа;

20.1.5.байнгын буюу түр хугацааны цэргийн албан хаагчийн үүрэг сайн дураараа гүйцэтгэж байгаа.

21 дүгээр зүйл.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл

21.1.Дор дурдсан үндэслэл байвал өргөдөл гаргагчид хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзана:

21.1.1.санаатай гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон, эсхүл авлигын болон албан тушаалын хэрэгт буруутгагдаж хууль зүйн хариуцлага хүлээсэн;

21.1.2.энэ хуулийн 10.3, 19.2-т заасан баримт бичиг дутуу, эсхүл хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдсон;

21.1.3.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны бие даасан байдалд харшлах албан тушаал эрхэлж байгаа, эсхүл хуульчийн хувьд хараат бусаар ажиллах боломжгүй болсон;

21.1.4.төрийн албанд ажиллах эрхээ хасуулсан;

21.1.5.энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан хуульчид хориглох үйлдэлд буруутгагдаж байгаа.

21.2.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрт энэ хуулийн 64 дүгээр зүйлд заасан журмаар өргөдөл гаргагч гомдол гаргах эрхтэй.

22 дугаар зүйл.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох болон

дуусгавар болох үндэслэл

22.1.Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн хариуцлагын асуудал эрхэлсэн хороо /цаашид "Мэргэжлийн хариуцлагын хороо" гэх/-ноос хариуцлага хүлээлгэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн болон хүчингүй болгосноос бусад үндэслэлээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох харилцааг зөвхөн энэ зүйлээр зохицуулна.

22.2.Хуульч эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон тохиолдолд өөрийнх нь хүсэлт болон эрх бүхий этгээдийн дүгнэлтээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлж болно.

22.3.Энэ хуулийн 22.2-т заасан үндэслэлээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх асуудлыг Хуульчдын холбоо шийдвэрлэнэ.

22.4.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд хуульчийг Хуульчдын холбооны гишүүний татвараас чөлөөлнө.

22.5.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн нөхцөл арилсан тохиолдолд Хуульчдын холбоо түүнийг сэргээнэ.

22.6.Хуульч өөрөө хүсэлт гаргасан, эсхүл хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, хуульчаар ажиллаж байх хугацаандаа санаатай гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бол Хуульчдын холбоо хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгоно.

22.7.Хуульч нас барснаар түүний хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь дуусгавар болно.

22.8.Энэ хуулийн 22.6-д заасан хуульч өөрөө хүсэлт гаргаж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө хүчингүй болгуулсны дараа хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл дахин авах хүсэлт гаргавал энэ хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу хуульчийн шалгалтад дахин орно.

22.9.Энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр хуульчийн зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон хүчингүй болгохыг хориглоно.

ДӨРӨВДҮГЭЭр бүлэг

ХУУЛЬЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА

23 дугаар зүйл.Хуульчийн тангараг

23.1.Хуульч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор "Хуульч би Монгол Улсын Үндсэн хуулийг даган мөрдөж, хуульчийн үүрэг, мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг чанд сахиж, шударга ёсыг хамгаалагчийн хувьд иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн, тууштай хамгаалахаа батлан тангаргалъя. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" гэж Хуульчдын холбоонд тангараг өргөнө.

23.2.Хуульчийн тангараг өргөх ёслолыг нээлттэй явуулна.

23.3.Хуульчийн тангараг өргөх ёслолын журмыг энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан Хуульчдын холбооны зөвлөл батална.

24 дүгээр зүйл.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны төрөл

24.1.Хуульч нь дараах мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэн явуулна:

24.1.1.хууль зүйн асуудлаар амаар болон бичгээр лавлагаа, зөвлөгөө өгөх;

24.1.2.хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх боловсруулах, хянах, батлах;

24.1.3.иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр хууль тогтоомжид заасан хууль зүйн туслалцаа үзүүлэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зохих байгууллагад төлөөлөх;

24.1.4.нэхэмжлэл, хүсэлтийг шийдвэрлэх, хохирол барагдуулахад чиглэсэн аливаа зөвшилцөх, эвлэрүүлэх үйл ажиллагаа явуулах.

24.2.Энэ хуулийн 24.1.3-т заасан зохих байгууллагад шүүх хамаарахгүй.

25 дугаар зүйл.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд

баримтлах дүрэм

25.1.Хуульчд энэ хууль, бусад хууль тогтоомжид нийцсэн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм /цаашид "Хуульчийн мэргэжлийн дүрэм" гэх/-тэй байна.

25.2.Хуульчийн мэргэжлийн дүрмийн зорилго нь хуульчдын мэргэжлийн үйл ажиллагааг чанартай, хариуцлагатай байлгах үүднээс хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны нэгдсэн стандарт бий болгоход оршино.

25.3.Хуульчийн мэргэжлийн дүрмээр хуульч, үйлчлүүлэгч, хуульчид хоорондын харилцаа, хуульчдын нийтийн өмнө хүлээх үүрэг, ашиг сонирхлын зөрчил, нууцлал, эрх хэмжээ, хараат бус байдал болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдсон бусад харилцааг зохицуулна.

25.4.Шүүгч, прокурор болон бусад албан тушаал эрхэлж байгаа хуульчийн хувьд тухайн байгууллагатай нь хамаатай ёс зүй, сахилга, хариуцлагын асуудал Хуульчийн мэргэжлийн дүрэмд хамаарахгүй.

26 дугаар зүйл.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд

баримтлах нийтлэг үүрэг

26.1.Хуульч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхдээ дараах нийтлэг үүрэг хүлээнэ:

26.1.1.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж болон Хуульчийн мэргэжлийн дүрэмд захирагдах;

26.1.2.Хуульчдын холбооны гишүүн байж, гишүүний татвар төлөх;

26.1.3.Хуульчдын холбооны үйл ажиллагаанд хамрагдах, тус холбооноос өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх;

26.1.4.хуульчийн үргэлжилсэн сургалтад хамрагдаж, тодорхой багц цаг хангах;

26.1.5.хуульчийн мэргэжлийн үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн мэдээллийг хууль бусаар задруулахгүй байх;

26.1.6.иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг аливаа хууль бус үйлдэл хийхгүй байх;

26.1.7.өөрийгөө ашиг сонирхлын зөрчилд болон хараат байдалд оруулахуйц харилцаа холбооноос зайлсхийх, бусдын хууль бус шаардлагыг биелүүлэхээс татгалзах;

26.1.8.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

26.2.Энэ хуулийн 26.1.4-т заасан багц цаг, түүнийг хангах журмыг энэ хуулийн 53 дугаар зүйлд заасан Хуульчдын холбооны Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороо батална.

26.3.Хуульч нь энэ хуулийн 26.1.2-т заасан гишүүний татвараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээргурван сар дараалан төлөөгүй нь Хуульчдын холбоо түүний хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно.

27 дугаар зүйл.Хуульчид хориглох зүйл

27.1.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд дараах үйлдлийг хориглоно:

27.1.1.Хуульчийн мэргэжлийн дүрмийг зөрчих, зөрчихөөр завдах, мэдсээр байж бусдыг тийм үйлдэл хийхэд туслах, хатгах;

27.1.2.хуульчийн үнэнч шударга, итгэл даах байдал болон хуульчийн бусад шаардлагад сөргөөр нөлөөлөх хэрэг, зөрчил үйлдэх;

27.1.3.шүүхэд төлөөлөх үйл ажиллагааг хууран мэхлэх, урвах, хууль бус аргаар явуулах;

27.1.4.Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, хууль ёсны зарчмын эсрэг үйл ажиллагаа явуулах;

27.1.5.төрийн байгууллага, албан тушаалтанд зүй бусаар нөлөөлөх, эсхүл хууль тогтоомж болон Хуульчийн мэргэжлийн дүрмийг зөрчиж хүссэн үр дүндээ хүрч чадах мэт илэрхийлэх;

27.1.6.шүүгч болон шүүхийн ажилтныг шүүхийн хууль тогтоомжийг санаатайгаар зөрчихөд хүргэх, туслах;

27.1.7.мэдүүлэг болон бусад нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд ашиглах;

27.1.8.үйлчлүүлэгчийнхээ болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд нь өртөж байгаа этгээдийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн болон бусад этгээдийн нэрээр худалдан авах, эсхүл өөр бусад аргаар олж авах, эзэмших.

27.2.Энэ хуульд зааснаас бусад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг хуулиар тогтооно.

28 дугаар зүйл.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны

зөрчлийг мэдэгдэх

28.1.Хуульч энэ хууль, Хуульчийн мэргэжлийн дүрмийг зөрчсөн аливаа үйлдэл, эс үйлдэхүйг Мэргэжлийн хариуцлагын хороонд мэдэгдэх үүрэгтэй.

28.2.Энэ хуулийн 28.1-д заасан хуульчийн мэдэгдэх үүрэг нь энэ хуулийн 33.1-д заасан мэдээлэл болон Хуульчдын холбооны тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэх явцдаа олж мэдсэн төр, байгууллага, хувь хүний нууцын тухай хуулиар хамгаалагдсан нууцад хамаарах мэдээллийг задруулахыг шаардахгүй.

29 дүгээр зүйл. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчилд

хүлээлгэх хариуцлага

29.1.Энэ хууль болон Хуульчийн мэргэжлийн дүрмийг зөрчсөн хуульчид Мэргэжлийн хариуцлагын хороо дор дурдсан хариуцлага хүлээлгэнэ:

29.1.1.хаалттай болон нээлтэй сануулах;

29.1.2.шүүхэд төлөөлөх эрхийг хугацаатай, хугацаагүй түдгэлзүүлэх;

29.1.3.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаатай, хугацаагүй түдгэлзүүлэх;

29.1.4.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаатай, хугацаагүй хүчингүй болгох.

29.2.Зөрчил гаргасан хуульчид өөрт нь ганцаарчлан сануулахыг хаалттай сануулах, нийтэд зарлаж сануулахыг нээлттэй сануулах гэнэ.

29.3.Мэргэжлийн хариуцлагын хорооноос хуульчийн шүүхэд төлөөлөх эрхийг болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаатай түдгэлзүүлсэн бол уул хугацаа дуусгавар болсноор тухайн эрх болон зөвшөөрөл сэргээгдэнэ.

29.4.Хуульчийн шүүхэд төлөөлөх эрх болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаагүй түдгэлзүүлсэн бол хариуцлага тооцсон өдрөөс хойш зургаан сар тутамд шүүхэд төлөөлөх эрх болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сэргээх асуудлыг Хуульчдын холбооны Ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны дүгнэлтийг үндэслэн Мэргэжлийн хариуцлагын хороо шийдвэрлэнэ.

29.5.Мэргэжлийн хариуцлагын хорооноос хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаатай хүчингүй болгосон бол уг хугацаа дуусгавар болсны дараа тухайн этгээд энэ хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу хуульчийн шалгалтад дахин орж болно.

29.6.Мэргэжлийн хариуцлагын хорооноос хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаагүй хүчингүй болгосон бол хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл дахин олгогдохгүй.

29.7.Мэргэжлийн хариуцлагын хороо ёс зүйн болон нөлөөллийн сургалтад албадан суулгах нэмэгдэл шийтгэлийг ногдуулж болох бөгөөд уг сургалтын зардлыг шийтгэл хүлээгч этгээд өөрөө хариуцна.

30 дугаар зүйл.Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрх

30.1.Хуульч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсны дараа шүүхэд төлөөлөх эрх нээлгэхээр Улсын дээд шүүхэд бүртгүүлж, энэ хуулийн 34 дүгээр зүйлд заасан өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдэнэ.

30.2.Шүүхэд төлөөлөх эрх нээлгэхийг хүсч байгаа хуульч өмгөөлөгчийн хариуцлагын даатгалд заавал даатгуулсан байна.

30.3.Хуульч Улсын дээд шүүхэд бүртгүүлэх өргөдөлд дор дурдсан баримт бичгийг хавсаргана:

30.3.1.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар;

30.3.2.өмгөөлөгчийн хариуцлагын даатгалд даатгуулсан баримтын хуулбар.

30.4.Хуульч өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад бичигдсэнээр түүний шүүхэд төлөөлөх эрх нээгдэнэ.

30.5.Шүүхэд төлөөлөх өмгөөлөгчийн эрхийг зөвхөн энэ хуулиар хязгаарлана.

30.6.Өмгөөлөгч нь шүүхэд төлөөлөх, шүүн таслах ажиллагаанд оролцох /цаашид "өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх" гэх/ эрхтэй, чөлөөт, бие даасан мэргэжилтэн байна.

31 дүгээр зүйл.Прокурорын шүүхэд төлөөлөх эрх

31.1.Хуульч прокуророор томилогдвол прокурорын тангараг өргөснөөр шүүхэд төлөөлөх эрх нь нээгдэнэ.

32 дугаар зүйл.Мэргэшсэн хуульчид тавих шаардлага

32.1.Хуульч нь шүүхийн өмнө төлөөлөх чиглэлээрээ мэргэшсэн хуульч гэх нэршлийг хэрэглэж болно.

32.2.Энэ хуулийн 32.1-д заасан нэршлийг хэрэглэж байгаа бол дараах шаардлагыг заавал хангана:

32.2.1.шүүхийн өмнө төлөөлөх нэг чиглэлийг онцлон тухайн чиглэлээр өмгөөллийн үйл ажиллагааг түлхүү явуулж түүгээрээ мэргэшсэн хуульч нэршил авахыг хүсч байгаа;

32.2.2.гурваас доошгүй жил Хуульчдын холбооны тухайн чиглэлийн хороонд гишүүнчлэлтэй байгаа;

32.2.3.энэ хуулийн 26.1.4-т заасан хуульчийн үргэлжилсэн сургалтаар гурван жил тутам хангах ёстой багц цагийн гуравны хоёроос доошгүй нь тухайн мэргэшсэн чиглэлийн сургалтын агуулгыг багтаасан байх.

32.3.Хуульч энэ хуулийн 32.2-т заасан шаардлагын аль нэгийг хангаагүй бол мэргэшсэн хуульч нэршлийг хэрэглэх эрхгүй.

33 дугаар зүйл.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны нууц

33.1.Хуульчийн хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбоотой бүхий л мэдээлэл хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны нууцад хамаарна. Хуульч үйлчлүүлэгчийнхээ зөвшөөрөлгүйгээр мэдээллийг задруулах эрхгүй.

33.2.Аливаа этгээдээс хуульчид эрх зүйн туслалцаа хүсч хандсан болон үйлчлүүлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх явцад олж мэдсэн зүйлтэй нь холбогдуулан хуульчийг гэрчээр болон бусад байдлаар байцаах, нөхцөл байдлыг тодруулах зорилгоор мэдүүлэг, тайлбар авахыг хориглоно.

33.3.Хуульч мэргэжлийн үйл ажиллагааны нууцыг задруулах, эсхүл өөрийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд ашиглахыг хориглоно.

33.4.Хуульч мэргэжлийн үйл ажиллагааны нууцаа хугацаагүй хадгална.

33.5.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны нууцыг мэдэх болсон хуульчийн туслах, түүний байгууллагын бусад ажилтан уг нууцыг хадгалах үүрэгтэй.

33.6.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны нууцыг хуулиар хамгаална.

ТАВдугаар бүлэг

ӨМГӨӨЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

34 дүгээр зүйл.Өмгөөлөгчийн нэрсийн жагсаалт, өмгөөлөгчийн

нэрсийн жагсаалтаас хассаны үр дагавар

34.1.Өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтыг нэгдсэн нэг дугаарлалтын дагуу хөтөлнө.

34.2.Өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад хуульчийн хууль зүйн мэргэжлийн боловсрол эзэмшсэн он, сар, өдөр, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан он, сар, өдөр, ажлын байрны хаяг, эрх зүйн мэргэшсэн чиглэл бичигдэнэ.

34.3.Өмгөөлөгчийн нэрсийн жагсаалт дахь мэдээлэл өөрчлөгдсөн нь уг жагсаалтын нэгдсэн дугаар өөрчлөгдөх үндэслэл болохгүй.

34.4.Дараах тохиолдолд өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтаас өмгөөлөгчийг хасна:

34.4.1.өмгөөлөгч нас барсан;

34.4.2.шүүхэд төлөөлөх эрх хүчингүй болсон.

34.5.Өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтаас хасагдсан нь шүүхэд төлөөлөх эрхээс бусад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны эрхийг хязгаарлахгүй.

34.6.Өмгөөлөгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн нэрсийн жагсаалтыг нийтэд нээлттэй болгож, хэвлэн нийтлэх үүргийг Хуульчдын холбоо хүлээнэ.

35 дугаар зүйл.Өмгөөллийн үйлчилгээний төрөл

35.1.Өмгөөлөгч энэ хуулийн 24.1-д заасан үйл ажиллагаанаас гадна дараах хэлбэрийн үйлчилгээг үзүүлнэ:

35.1.1.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх;

35.1.2.иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох;

35.1.3.эрүүгийн байцаан шийтгэх болон захиргааны зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцох;

35.1.4.олон улсын шүүх, арбитрын ажиллагаа болон бусад байгууллагад үйлчлүүлэгчийг төлөөлөх;

35.1.5.шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн төлөөлөгчөөр оролцох;

35.1.6.хууль тогтоомжоор хориглоогүй эрх зүйн бусад туслалцаа үзүүлэх.

35.2.Эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргааныг эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг холбогдох хуулиар тогтооно.

36 дугаар зүйл.Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх

36.1.Өмгөөллийн үйлчилгээг ганцаарчлан, гэрээгээр хамтарч, түүнчлэн хуулийн этгээд байгуулан үзүүлж болно.

36.2.Өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээд ажлын байртай, банкинд харилцах данстай байна.

36.3.Өмгөөллийн үйлчилгээ хамтран үзүүлэх хуулийн этгээд /цаашид "өмгөөллийн хуулийн этгээд" гэх/-ийн хэлбэр нь нөхөрлөл байна.

36.4.Өмгөөллийн хуулийн этгээдийн энэ хуульд заагаагүй бусад харилцааг Нөхөрлөлийн тухай хуулиар[2] зохицуулна.

36.5.Өмгөөллийн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 14 хоногийн дотор аж ахуйн нэгжийн төрөл, оноосон нэр, хаяг, түүнд ажиллах өмгөөлөгчдийн нэрсийг Хуульчдын холбоонд бүртгүүлэх бөгөөд уг бүртгэлд өөрчлөлт орсон тухай бүрд бичгээр Хуульчдын холбоонд мэдэгдэнэ.

36.6.Өмгөөллийн хуулийн этгээдийн оноосон нэрийн урд "өмгөөллийн" гэсэн үгийг заавал хэрэглэнэ.

36.7.Өмгөөллийн хуулийн этгээд нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанаас бусад төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

36.8.Өмгөөллийн хуулийн этгээдийн удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүд нь өмгөөлөгч байна.

36.9.Өмгөөлөгч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй этгээдтэй хамтарч ашиг хуваах байдлаар өмгөөллийн үйлчилгээ явуулж болохгүй.

36.10.Өмгөөлөгч энэ хуулийн 36.9-д заасныг зөрчиж өмгөөллийн үйлчилгээ явуулсан бол түүний хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгоно.

37 дугаар зүйл.Өмгөөллийн үйлчилгээгээр хангах

37.1.Хууль зүйн туслалцаа хүсэгч нь өмгөөлөгчид шууд хандаж хэлцэл хийх, эсхүл Хуульчдын холбоонд хүсэлт гаргах ба Хуульчдын холбоо өмгөөлөгчдийн нэр, хаягийн лавлагаа өгөх үүрэгтэй.

37.2.Иргэн, хуулийн этгээдийн өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангахын тулд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нь өмгөөлөгч болон өмгөөллийн хуулийн этгээдийн нэр, хаягийн лавлагаа өгч болно.

37.3.Хууль зүйн туслалцаа хүсэгч нь эрүүл мэнд, төлбөрийн чадвар болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар өмгөөлөгчөө сонгон авч чадаагүй тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нь энэ тухай Хуульчдын холбоонд мэдэгдэн өмгөөлөгч томилуулах арга хэмжээ авна.

37.4.Энэ хуулийн 37.1-37.3-т заасан тохиолдолд хууль зүйн туслалцаа хүсэгчид өмгөөлөгчөө сонгоход нь тодорхой хүний нэр зааж, тулгахыг хориглоно.

38 дугаар зүйл.Өмгөөлөгчийн үүрэг

38.1.Өмгөөлөгч энэ хуулийн 26 дугаар зүйлд зааснаас гадна дараах үүрэг хүлээнэ:

38.1.1.үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульд үл харшлах арга, хэрэгслийг ашиглан бүрэн, тууштай хамгаалах;

38.1.2.үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг аливаа үйлдэл хийхгүй байх;

38.1.3.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

39 дүгээр зүйл.Өмгөөлөгчийн давхар ажил эрхлэлт

39.1.Өмгөөлөгч багшлах, эрдэм шинжилгээний болон өмгөөллийн хуулийн этгээд, Хуульчдын холбоонд хамаарахаас бусад ажил, албан тушаалыг цалинтай хавсран эрхлэхийг хориглоно.

40 дүгээр зүйл.Өмгөөллийн үйлчилгээний баталгаа

40.1.Өмгөөлөгчид хуулийн хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад нь дарамт, шахалт үзүүлэх буюу хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулах, заналхийлэхийг хориглоно.

40.2.Мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбогдуулан өмгөөлөгчийн яриаг чагнах, албан байранд үзлэг, нэгжлэг хийх, баримт бичгийг гаргуулан авахыг хориглоно.

40.3.Өмгөөлөгч мэргэжлийн үүргээ гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай баримт бичиг, мэдээ сэлтийг гаргуулан авахын тулд шүүх, прокурор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байууллага, бусад байгууллага, түүний холбогдох албан тушаалтанд хүсэлт гаргах эрхтэй.

40.4.Энэ хуулийн 40.3-т заасны дагуу хүсэлт гаргасан тохиолдолд холбогдох байгууллага, албан тушаалтан өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэх үүрэгтэй.

40.5.Хуульчдын холбоогоор уламжлуулан хүсэлт гаргасан тохиолдолд цагдаагийн байгууллага өмгөөлөгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эд хөрөнгийг хамгаалах, мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбогдуулан үндэслэлгүйгээр мөрдөх, эрхийг нь хязгаарлахаас хамгаалах арга хэмжээ авна.

41 дүгээр зүйл.Өмгөөллийн үйлчилгээний хөлс

41.1.Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно.

41.2.Өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эд хөрөнгийн болон бусад байдлыг нь харгалзан түүнийг өмгөөллийн үйлчилгээний хөлснөөс чөлөөлж болно.

42 дугаар зүйл.Өмгөөлөгчийн хариуцлагын даатгал

42.1.Мэргэжлийн мэдлэг, ур чадварын улмаас хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргаж, үйлчлүүлэгчид хохирол учруулсан тохиолдолд түүнийг нөхөн төлөх зорилгоор өмгөөлөгч хариуцлагын даатгалд заавал даатгуулна.

42.2.Өмгөөлөгчийн хариуцлагын даатгалын хураамжийн доод хэмжээг Хуульчдын холбоо тогтооно.

42.3.Өмгөөлөгч нь хариуцлагын даатгалд даатгуулах даатгалын байгууллагаа өөрөө сонгоно.

43 дугаар зүйл.Өмгөөлөгчийн сурталчилгаа

43.1.Өмгөөлөгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн сурталчилгаа нь өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтын бүртгэлд бүртгэгдсэн мэдээлэлд үндэслэнэ.

43.2.Өмгөөлөгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн сурталчилгаанд бусад хуульчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан, иргэдийг төөрөгдүүлэх мэдээлэл агуулахыг хориглоно.

ЗУРГАдугаар бүлэг

ХУУЛЬЧДЫН ХОЛБОО

44 дүгээр зүйл.Хуульчдын холбоо, түүний гишүүнчлэл

44.1.Хуульчдын холбоо хуульчийн мэргэжлийн нэр хүнд, үйл ажиллагаа, хариуцлагын нэгдсэн стандарт тогтоох, хуульчдын эрх ашгийг хамгаалах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх болон энэ хуулийн 45 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

44.2.Хуульч бүр Хуульчдын холбооны гишүүн байна.

44.3.Хуульчид сайн дураараа нэгдэж төрийн бус байгууллага байгуулж болох бөгөөд хуульчдын байгуулсан төрийн бус байгууллага нь энэ хуультай зөрчилдөхгүй бол Хуульчдын холбооны үйл ажиллагаанд хорооны эрх эдэлж, үүрэг хүлээх байдлаар оролцож болно.

44.4.Шүүгч, прокурор өөрсдийн нэр хүнд, хариуцлагыг нэмэгдүүлэх, хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжихээс бусад зорилгоор мэргэжлийн болон төрийн бус бусад байгууллагад эвлэлдэн нэгдэхийг хориглоно.

44.5.Хуульчдын холбоо хуульчдын нэгдсэн бүртгэлийг хөтөлнө.

44.6.Энэ хуулийн 44.5-д заасан бүртгэлийн журмыг Хуульчдын холбооны зөвлөл батална.

45 дугаар зүйл.Хуульчдын холбооны чиг үүрэг

45.1.Хуульчдын холбоо дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

45.1.1.хуульчийн шалгалт зохион байгуулах;

45.1.2.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;

45.1.3.хуульчийн үргэлжилсэн болон албан бус сургалтыг зохион байгуулах, багц цагийг тооцох;

45.1.4.хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;

45.1.5.Хуульчийн мэргэжлийн дүрэм батлах, сахиулах;

45.1.6.Мэргэжлийн хариуцлагын хороо байгуулан ажиллуулах;

45.1.7.шүүгчийн сонгон шалгаруулалт зохион байгуулахад оролцох;

45.1.8.хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх;

45.1.9.хууль тогтоох үйл ажиллагаанд мэргэжлийн шинжээчийн туслалцаа үзүүлэх;

45.1.10.хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийг дэмжих, шүүхийн практик, хууль зүйн бодлогын чиглэлд судалгаа хийх;

45.1.11.мэргэжлийн чиглэлээр бодлогын нөлөөлөл, хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа болон төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах;

45.1.12.Шүүхийнерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх.

/Энэ заалтад 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

45.2.Энэ хуулийн 45.1.11-д заасан төлбөрийн чадваргүй иргэнд үзүүлэх өмгөөллийн үйлчилгээний зардлыг төр хариуцна.

45.3.Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны журмыг Хуульчдын холбоо батална.

46 дугаар зүйл.Хуульчдын их хурал

46.1.Хуульчдын өөрөө удирдах ёсны эрх барих дээд байгууллага нь Хуульчдын их хурал байна.

46.2.Хуульчдын их хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

46.2.1.Хуульчдын холбооны дүрэм батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах;

46.2.2.Хуульчийн мэргэжлийн дүрэм батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах;

46.2.3.Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх, түүний цалингийн хэмжээг тогтоох;

46.2.4.Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүнийг батламжлах, чөлөөлөх;

46.2.5.Мэргэжлийн хариуцлагын хороо байгуулж, бүрэлдэхүүнийг батламжлах, чөлөөлөх;

46.2.6.Хуульчдын холбооны зөвлөлийн үйл ажиллагааны тайлан сонсох, зөвлөмж өгөх;

46.2.7.Хуульчдын холбооны гишүүний татварын хэмжээг тогтоох;

46.2.8.Хуульчдын холбооны дүрмээр тогтоосон бусад бүрэн эрх.

46.3.Хуульчдын их хурлын ээлжит хуралдаан хоёр жилд нэг удаа хуралдах бөгөөд Хуульчдын их хурал хуралдаан даргалагчаа сонгож, хуралдааны дэгээ тогтооно.

46.4.Хуульчдын их хурал хуульчдын төлөөлөгчдийн олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно.

46.5.Хуульчдын их хуралд оролцох хуульчдын төлөөлөгчдийг сонгох журмыг Хуульчдын холбооны дүрмээр тогтооно.

46.6.Хуульчдын их хурлын төлөөлөгчдийн 40 хувь нь өмгөөлөгч, 40 хувь нь шүүгч, прокурор, 20 хувь нь бусад хуульчдын төлөөлөл байна.

46.7.Хуульчдын их хурлын тов болон хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг хуралдаан эхлэхээс 21 хоногийн өмнө Хуульчдын холбооны Ерөнхийлөгч хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлана.

46.8. Хуульчдын их хурал энэ хуулийн 46.2.1, 46.2.2, 46.2.7-д заасан асуудлыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн дийлэнх олонхын саналаар, бусад асуудлыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар тус тус шийдвэрлэж, хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргана.

46.9.Хуульчдын их хурлын төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар Хуульчдын их хуралд хүрэлцэн ирэх боломжгүй бол саналаа бичгээр битүүмжлэн ирүүлж болно.

46.10.Энэ хуулийн 46.9-д заасны дагуу ирсэн саналыг хэлэлцэх журмыг хуралдааны дэгээр зохицуулна.

47 дугаар зүйл.Хуульчдын холбооны Ерөнхийлөгч

47.1.Хуульчдын холбооны Ерөнхийлөгч нь хуульчийн хувьд манлайлагч, хуульчдын нэр хүнд, ёс зүйн хувьд үлгэр дуурайлал үзүүлэгч, хуульчдыг байр суурь, бодлогын хувьд илэрхийлэгч байна.

47.2.Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа хоёр жил байх бөгөөд түүнийг улируулан сонгохгүй.

47.3.Хуульчдын холбооны Ерөнхийлөгч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

47.3.1.Хуульчдын холбооны зөвлөлтэй зөвшилцөн Хуульчдын их хурлыг зарлан хуралдуулах;

47.3.2.Хуульчдын холбооны зөвлөлийн хуралдааныг даргалах;

47.3.3.Хуульчдын холбоог гадаад, дотоод харилцаанд төлөөлөх;

47.3.4.Хуульчдын холбооны зөвлөлд Хуульчдын холбооны тамгын газрын даргад нэр дэвшүүлэх;

47.3.5.энэ хуулийн 61 дүгээр зүйлд заасан Хуульчдын холбооны шүүгчдийн хорооны удирдах зөвлөлөөс өргөн мэдүүлсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдээс сонгож, Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгох.

/Энэ заалтыг 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

47.3.6.энэ хуулиар болон Хуульчдын холбооны дүрмээр олгосон бусад бүрэн эрх.

47.4.Хуульчдын холбооны Ерөнхийлөгч нь Хуульчдын холбооны захиргааны үйл ажиллагаанд оролцохгүй.

48 дугаар зүйл.Хуульчдын холбооны зөвлөл

48.1.Хуульчдын холбооны зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ нь Хуульчдын холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, бодлогыг тодорхойлох чиг үүрэгтэй хамтын удирдлагын байгууллага байна.

48.2.Зөвлөл нь 30-аас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд Зөвлөлийн гишүүд энэ хуулийн 49.4-т заасан хороодын төлөөлөл байна.

48.3.Зөвлөлийн бүрэлдэхүүнд энэ хуулийн 48.2-т заасан Зөвлөлийн гишүүдээс гадна хууль зүйн сургуулийн оюутны болон хуульчийн шалгалт өгөхөөр мэргэжлийн дадлага хийж байгаа эрх зүйчдээс тус тус нэг төлөөлөл байна.

48.4.Зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа гурван жил байх ба нэг удаа улируулан ажиллуулж болно. Энэ хуулийн 48.3-т заасан зөвлөлийн гишүүний бүрэн эрх нэг жил байна.

48.5.Энэ хуулийн 48.3-т заасан зөвлөлийн гишүүн зөвлөлийн хуралд саналын эрхгүй оролцоно.

48.6.Зөвлөл улиралд нэгээс доошгүй удаа хуралдана.

48.7.Энэ хуулийн 48.2-т заасан Зөвлөлийн гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр Зөвлөлийн хурал хүчинтэй болох бөгөөд хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр батлагдана.

48.8.Хуульчдын холбооны Ерөнхийлөгч, Зөвлөлийн хуралд оролцсон гишүүдийн санал тэнцсэнээс бусад тохиолдолд саналын эрхгүй байна.

48.9.Зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

48.9.1.Хуульчдын холбооны ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батлах, түүний хэрэгжилтэд хяналт тавих;

48.9.2.Хуульчийн мэргэжлийн дүрэм, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг хэлэлцэж Хуульчдын их хуралд оруулах, Хуульчийн мэргэжлийн дүрмийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэх;

48.9.3.энэ хуульд заасан бусад дүрэм, журмыг батлах;

48.9.4.Мэргэжлийн хариуцлагын хорооноос бусад Чиг үүргийн хороог байгуулж, даргыг нь хоёр жилийн хугацаатайгаар томилох;

48.9.5.Чиг үүргийн хорооноос бусад хороог батламжлах;

48.9.6.Хуульчдын холбооны хяналтын зөвлөл /цаашид "Хяналтын зөвлөл" гэх/-ийн бүрэлдэхүүнийг томилох, чөлөөлөх;

48.9.7.Хуульчдын холбооны тамгын газрын дарга /цаашид "Тамгын газрын дарга" гэх/-ыг томилох, чөлөөлөх, түүний цалингийн хэмжээг тогтоох;

48.9.8.Хуульчдын холбооны тамгын газар /цаашид "Тамгын газар" гэх/-ын бүтэц, орон тоог батлах, ажилтны цалингийн хэмжээг тогтоох;

48.9.9.Хуульчдын холбооны төсөв, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж, батлах;

48.9.10.Хуульчдын холбооны орон нутаг дахь салбар, нэгжийг байгуулах, татан буулгах;

48.9.11.Хуульчдын холбооны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар хуульчдаас гаргасан өргөдлийг хэлэлцэж шийдвэрлэх, шаардлагатай бол Хуульчдын их хурлаар хэлэлцүүлэх;

48.9.12.энэ хууль болон Хуульчдын холбооны дүрэм, Хуульчдын холбооноос баталсан журмын биелэлтэд хяналт тавих;

48.9.13.энэ хууль болон Хуульчдын холбооны дүрэмд зааснаас бусад холбооны зохион байгуулалтын бүтцийг байгуулах, өөрчлөх, татан буулгах.

48.10.Зөвлөлийн шийдвэр тогтоол хэлбэртэй байна.

48.11.Зөвлөлийн хуралдааныг нээлттэй явуулж, шийдвэрийг нийтэд мэдээлнэ.

49 дүгээр зүйл.Хуульчдын холбооны хороод

49.1.Хуульчдын холбоо чиг үүргээ хороодоор дамжуулан хэрэгжүүлнэ.

49.2.Энэ хуулиар Хуульчдын холбооны тодорхой чиг үүргийг тусгайлан хариуцаж ажиллахаар заасан хороодыг "Чиг үүргийн хороо" гэж нэрлэх бөгөөд Чиг үүргийн хороо үйл ажиллагаагаа Зөвлөлийн өмнө хариуцан тайлагнана.

49.3.Чиг үүргийн хорооны хуралдаан гишүүдийн олонх ирснээр хүчинтэй болох бөгөөд, хуралдаанаас гарах шийдвэрийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар батална. Санал тэнцсэн тохиолдолд хорооны даргын саналаар шийдвэрлэнэ.

49.4.Эрх зүйн салбар, мэргэшил болон тусгай асуудлаар холбооны гишүүд сайн дураараа нэгдэж хороо байгуулж болно.

49.5.Энэ хуулийн 49.4-т заасан хороо нь дараах шаардлагыг хангана:

49.5.1.хороонд нэгдсэн гишүүдийн тоо 20-оос доошгүй байх;

49.5.2.хорооны оноосон нэр, түүнийг тодорхойлж байгаа эрх зүйн салбар, мэргэшил, тусгай сонирхол нь үйл ажиллагаа явуулж байгаа бусад хороотой давхцахгүй байх;

49.5.3.хорооны үйл ажиллагаа Чиг үүргийн хорооны үйл ажиллагаатай зөрчилдөхгүй байх.

49.6.Энэ хуулийн 49.5-д заасан шаардлагыг хангаагүй хороог Зөвлөл батламжлахгүй.

49.7.Энэ хуулийн 49.4-т заасан хорооны даргыг тухайн хорооны гишүүд дотроосоо сонгох бөгөөд хорооны даргын бүрэн эрхийн хугацаа хоёр жил байна.

49.8.Энэ хуулийн 49.4-т заасан хороо тус бүр нэг төлөөллөө дотроосоо сонгон Зөвлөлийн бүрэлдэхүүнд гишүүнээр оруулах бөгөөд хорооны гишүүдийн тоо 50 ба түүнээс дээш бол хоёр, 100 ба түүнээс дээш бол нь гурав, 200 ба түүнээс дээш бол дөрвөн гишүүнийг тус бүр төлөөлөгчөөр сонгон Зөвлөлд оруулна. Нэг хорооны Зөвлөлд орох төлөөллийн дээд хязгаар дөрөв байна.

49.9.Хуульч гурваас илүүгүй хороонд харьяалагдаж, Хуульчдын холбооны үйл ажиллагаанд оролцох эрхтэй.

49.10.Хуульч Чиг үүргийн хорооны гишүүнээр ажиллавал Чиг үүргийн болон бусад хороог оролцуулаад таваас илүүгүй хороонд ажиллаж болно. Энэ зүйлд заасан нөхцөл нь энэ хуулийн 49.9-д заасан чиг үүргийн хорооноос бусад хороонд харьяалагдах дээд хязгаарыг хөндөхгүй.

49.11.Энэ хуулийн 49.4-т заасан хороо Хуульчдын холбооны гишүүний татвараас гадна тусдаа татвартай байж болно.

49.12.Чиг үүргийн хорооны энэ хуулиар зохицуулаагүй харилцааг Хуульчдын холбооны дүрмээр зохицуулна.

49.13.Чиг үүргийн хорооноос бусад хорооны энэ хуулиар зохицуулаагүй харилцааг хороо тус бүрийн дүрмээр зохицуулна.

50 дугаар зүйл. Тамгын газар

50.1.Тамгын газар нь Хуульчдын холбоо, түүний Чиг үүргийн хороодын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж, бусад хороодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.

50.2.Тамгын газрыг Тамгын газрын дарга удирдана.

50.3.Тамгын газрын дарга болон бусад ажилтан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй этгээд байх бөгөөд хэрэв хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй бол уг зөвшөөрлийг түдгэлзүүлнэ.

50.4.Тамгын газар өмгөөлөгчдийн нэр, хаягийн лавлагааг бэлтгэж хэвлэх үүрэгтэй.

50.5.Тамгын газрын даргын эрх хэмжээг Хуульчдын холбооны дүрмээр тогтооно.

51 дүгээр зүйл.Хяналтын зөвлөл

51.1.Хяналтын зөвлөл нь Хуульчдын холбооны эд хөрөнгийн хуримтлал, зарцуулалт, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.

51.2.Хяналтын зөвлөл нь шүүгч, прокурор, өмгөөлөгчөөс бүрдсэн таван гишүүний бүрэлдэхүүнтэй байх ба тэдгээрийг гурван жилийн хугацаагаар томилно.

52 дугаар зүйл.Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал

эрхэлсэн хороо

52.1.Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо /цаашид "Шалгалтын хороо" гэх/ нь Хуульчдын холбооны шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн хорооны гишүүд, түүнчлэн хуульч профессоруудын төлөөлөл оролцсон 13 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.

52.2.Шалгалтын хорооны бүрэлдэхүүнийг Зөвлөл батална.

52.3.Шалгалтын хороо дараах эрх хэмжээтэй байна:

52.3.1.хуульчийн шалгалт зохион байгуулах үүрэг бүхий Шалгалтын комисс байгуулах;

52.3.2.хуульчийн шалгалт зохион байгуулах журам боловсруулж, Зөвлөлөөр батлуулах;

52.3.3.хуульчийн шалгалтын зохион байгуулалт болон даалгаврын гүйцэтгэлийг дүгнэж, үнэлгээ өгөхтэй холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх.

52.4.Шалгалтын хороо хуульчийн шалгалт зохион байгуулах тухай бүрд Шалгалтын комиссыг байгуулна.

52.5.Шалгалтын комиссын бүрэлдэхүүнд энэ хуулийн 8.2-т зааснаас гадна Тамгын газрын шалгалт хариуцсан ажилтан болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөгч заавал орно.

52.6.Шалгалтын комисс нь дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:

52.6.1.энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан хуульчийн шалгалтыг зохион байгуулах;

52.6.2.сорилгын болон бодлогын шалгалтад оролцогчдын даалгаврын гүйцэтгэлийг дүгнэж, үнэлгээ өгөх;

52.6.3.хуульчийн шалгалтын дүнг үнэн зөв нэгтгэн Шалгалтын хороонд хүргүүлэх;

52.6.4.шалгалтын даалгаврын боловсруулалт, даалгаврын гүйцэтгэлийг дүгнэж, үнэлгээ өгөх аргачлалыг боловсронгуй болгох талаар санал боловсруулах.

52.7.Тамгын газрын шалгалт хариуцсан ажилтан болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөгчөөс бусад шалгалтын комиссын гишүүнд урамшуулал олгоно.

52.8.Энэ хуулийн 52.6-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, энэ хуулийн 52.7-д заасан урамшууллыг олгох журмыг Зөвлөл тогтооно.

53 дугаар зүйл.Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал

эрхэлсэн хороо

53.1.Хуульчдын холбооны Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороо /цаашид "Сургалтын хороо" гэх/ нь Хуульчдын холбооны хороодын төлөөллөөс болон хуульч профессоруудаас бүрдсэн 13 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.

53.2.Сургалтын хороо нь хуульчдад зориулсан сургалтын бодлого, үндсэн чиглэл, хэлбэрийг тодорхойлж, хуульчийн үргэлжилсэн сургалтад зориулан боловсруулсан сургалтын хөтөлбөрийг хянаж хэлэлцэх, сургалт явуулах багш нарын талаар санал өгөх, сургалтын явц үр дүнгийн талаар дүгнэлт гаргах, үргэлжилсэн сургалтын багц цагийг тооцох аргачлал, журмыг боловсруулж Зөвлөлөөр батлуулах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.

53.3.Сургалтын хороо нь хуульчийн үргэлжилсэн сургалтын чанар, хүртээмж, заавал мэдвэл зохих агуулгад суурилсан сургалтын тогтолцоог бүрдүүлэх, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулахад Хуульчдын холбооны бусад хороог оролцуулах ажлыг хариуцна.

54 дүгээр зүйл.Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн

асуудал эрхэлсэн хороо

54.1.Энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан Хуульчийн мэргэжлийн дүрэм, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах, Хуульчийн мэргэжлийн дүрмийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх болон хуульчийн ёс зүйн сургалтыг зохион байгуулах, сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүйг боловсруулах, сургалтын үр дүнг тодорхойлох, хуульчийн ёс зүйн асуудлаар судалгаа хийх зэрэг ажлыг Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хороо/цаашид с зүйн хороо" гэх/зохион байгуулна.

54.2.Ёс зүйн хороонд хуульчийн ёс зүйн асуудлаар судалгаа хийдэг, хууль зүйн сургуульд тухайн чиглэлээр хичээл заадаг хуульч профессор болон хуульчийн ёс зүйн боловсролыг дээшлүүлэх, ёс зүйн хувьд хуульчдыг манлайлах эрмэлзлэлтэй хуульчид сайн дураар нэгдэн ажиллана.

54.3.Ёс зүйн хорооны гишүүн нь бүх шатны шүүгчид нэр дэвшиж байгаа хуульч болон Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнээр нэр дэвшиж байгаа шүүгч, прокурор, өмгөөлөгчийн зан байдлын талаар дүгнэлт гаргах шинжээчээр ажиллаж болно.

54.4.Ёс зүйн хороо Хуульчийн мэргэжлийн дүрэм, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах санал болон Хуульчийн мэргэжлийн дүрмийн хэрэгжилтийн тайланг Зөвлөлд танилцуулна.

55 дугаар зүйл.Хуульчийн сургалт зохион байгуулах хугацаа

55.1.Хуульчийн үргэлжилсэн болон ёс зүйн сургалтыг жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулна.

56 дугаар зүйл.Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг

хамгаалах асуудал эрхэлсэн хороо

56.1.Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хороо /цаашид "Хуульчдын эрхийг хамгаалах хороо” гэх/ нь Хуульчдын холбооны шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн болон бусад мэргэшлийн чиглэлээр байгуулагдсан хуульчдын хорооны төлөөлөгчдөөс бүрдсэн 13 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.

56.2.Хуульчдын эрхийг хамгаалах хороонд шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн хорооны төлөөлөл тус бүр гурав, бусад хуульчдын хороодын нийт төлөөлөл дөрөв байна.

56.3.Хуульчдын эрхийг хамгаалах хороо нь хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тийм үйл ажиллагааг дэмжих замаар хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хангах чиг үүрэгтэй байна.

56.4.Хуульчдын эрхийг хамгаалах хороо нь энэ хуулийн 56.3-т заасан чиг үүргээ хуульчдын нэгдсэн сонирхол хөндөгдсөн нөхцөлд өөрийн санаачилгаар болон Хуульчдын холбооны даалгавраар хэрэгжүүлнэ.

56.5.Хуульчдын эрхийг хамгаалах хороо нь шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд Шүүхийн ерөнхий зөвлөлтэй, прокурорын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд Улсын ерөнхий прокурорын газартай, өмгөөлөгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд Өмгөөлөгчдийн хороотой хамтран комисс байгуулна.

57 дугаар зүйл.Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх

асуудлыг эрхэлсэн хороо

57.1.Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх асуудал эрхэлсэн хороо/цаашид "Магадлан итгэмжлэлийн хороо" гэх/ нь хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх журам, хууль зүйн сургуульд тавих нэгдсэн шаардлагыг боловсруулах, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулна.

57.2.Магадлан итгэмжлэлийн хороо нь хууль зүйн шинжлэх ухаан, хууль зүйн боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хороо /цаашид "Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих хороо" гэх/-ны гишүүд болон хуульч профессруудын харилцан тэнцүү төлөөллөөс бүрдэнэ.

57.3.Магадлан итгэмжлэлийн хорооны бүрэлдэхүүнд хууль зүйн сургуулийн оюутны төлөөллийг оруулж болно.

58 дугаар зүйл.Хууль зүйн сургуулийн магадлан итгэмжлэл

58.1.Хууль зүйн сургууль Дээд боловсролын тухай хуульд[3] заасан шаардлагаас гадна Хуульчдын холбооноос тогтоосон шаардлагыг хангасан байна.

58.2.Хуульчдын холбоо энэ хуульд заасан хуульчийн шаардлагыг хангуулах зорилгоор хууль зүйн сургуульд дараах шаардлагыг тогтооно:

58.2.1.хууль зүйн боловсролын зохистой хөтөлбөрийн стандарт;

58.2.2.хууль зүйн сургуулийн багшлах бүрэлдэхүүний стандарт;

58.2.3.хууль зүйн сургуулийн боловсролын орчны стандарт;

58.2.4.хууль зүйн сургуулийн оюутны заавал эзэмшсэн байх мэдлэг, ур чадварын стандарт.

58.3.Хуульчийн мэргэжлийн боловсролыг эзэмшиж, хуульчаар бэлтгэгдэж байгаа оюутан төгсөхдөө 120 багц цагийг хангасан байх ба оюутны суралцах хугацаа дөрвөн жилээс багагүй байна.

58.4.Энэ хуулийн 58.3-т заасан багц цаг нь Хуульчдын холбооны баталсан хууль зүйн боловсролын зохистой хөтөлбөрийн мэргэжлийн хичээлийн агуулгаар илэрхийлэгдэнэ.

58.5.Хуульчдын холбоо нь хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх чиг үүргээ магадлан итгэмжлэх комисс байгуулах замаар хэрэгжүүлнэ.

58.6.Энэ хуулийн 58.5-д заасан магадлан итгэмжлэх комисс нь Боловсролын тухай хуулийн[4] 26.2-т заасны дагуу эрх олж авах бөгөөд уг комиссын дүрмийг Хуульчдын холбооны Ерөнхийлөгч болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

58.7.Магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг зургаан жил тутамд дахин хянана.

59 дүгээр зүйл.Хууль тогтоох үйл ажиллагаанд мэргэжлийн

шинжээчийн туслалцаа үзүүлэх, бодлогын

нөлөөлөл хийх

59.1.Улсын Их Хурлын хүсэлтээр хууль тогтоох үйл ажиллагаанд мэргэжлийн шинжээчийн туслалцаа үзүүлэх ажлыг Тамгын газар зохих хороодтой хамтран зохион байгуулна.

59.2.Хууль зүйн бодлогын асуудалтай хуульчдын байр суурийг Улсын Их Хурал, Засгийн газар, Үндсэн хуулийн цэцийн өмнө Хуульчдын холбоо төлөөлнө.

59.3.Хуульчдын холбоо бодлогын нөлөөллийн ажлыг зохион байгуулах асуудлыг Тамгын газраараа дамжуулан хэрэгжүүлэх ба түүний дэргэд Зөвлөхүүдийн зөвлөл ажиллана.

59.4.Энэ хуулийн 59.3-т заасан Зөвлөхүүдийн зөвлөлийн бүрэлдэхүүн одоо эрхэлж байгаа ажил нь давхар ажил эрхлэлтээр хязгаарлагдаагүй бол Хуульчдын холбооны Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан хуульчдаас бүрдэнэ.

59.5.Хуульчдын холбоо дэргэдээ бодлогын асуудлаар дэмжлэг үзүүлэх судалгаа, шинжилгээний бүтэцтэй байж болно.

59.6.Энэ хуулийн 59.3-т заасан Зөвлөхүүдийн зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалт, бүтэц, бүрэлдэхүүнийг Зөвлөл батална.

60 дугаар зүйл.Шүүгчийн сонгон шалгаруулалт

зохион байгуулахад оролцох

60.1.Хуульд заасан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс байгуулагдсан мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнд Хуульчдын холбооны төлөөлөл орно.

60.2.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12.2-т заасны дагуу Шүүгчид нэр дэвшигчийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаарх дүгнэлтийг Хуульчдын холбоо гаргана.

61 дүгээр зүйл.Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд

нэр дэвшүүлэх

/Энэ зүйлийн гарчигт 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

61.1.Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах асуудлыг Хуульчдын холбооны шүүгчдийн хороо зохион байгуулна.

/Энэ хэсэгт 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

61.2.Хуульчдын холбооны шүүгчдийн хороо шүүгчийн ёс зүйн дүрмийг батлахаас гадна энэ хуулийн 61.1-д заасан сонгон шалгаруулалт явуулах тухай зарыг шалгаруулалт явуулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх бөгөөд уг зард нэр дэвшүүлэх болзол, журам, нэрээ дэвшүүлэхийг хүссэн этгээдийн өргөдлийг хүлээн авах, бүртгэх,нэр дэвшигчийг шалгаруулах хугацаа, журам, газрыг тодорхойлсон мэдээлэл байна.

/Энэ хэсэгт 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

61.3.Хуульд заасан зохих болзол, шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэх эрхтэй.

/Энэ хэсэгт 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

61.4.Энэ хуулийн 61.3-т заасан этгээд /цаашид "өргөдөл гаргагч" гэх/нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд өрсөлдөхөөр нэр дэвшихийг хүссэн өргөдөлдөө дор дурдсан баримт бичгийг хавсаргана:

/Энэ хэсэгт 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

61.4.1.Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар;

61.4.2.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар;

61.4.3.ял шийтгэгдэж байгаагүйг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт;

61.4.4.хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бөглөсөн хуудас.

61.5.Энэ хуулийн 61.4.1, 61.4.2-т заасан баримт бичгийг шуудангаар ирүүлэх тохиолдолд тэдгээрийг нотариатаар гэрчлүүлсэн байна.

61.6.Шүүгчдийн хороо энэ хуулийн 61.3-т заасан зохих болзол, шаардлагыг өргөдөл гаргагч хангаж байгаа болон өргөдөлд хавсаргасан баримт бичиг үнэн зөв эсэхийг харгалзан түүнийг бүртгэж, энэ тухай Хуульчдын холбоо болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар нийтэд мэдээлнэ.

61.7.Шүүгчдийн хорооны удирдах зөвлөл өргөдөл гаргагч нэг бүрээр хэлэлцэн нууцаар санал хурааж, олонхын саналаар гурваас доошгүй нэр дэвшигчийн нэрийг тодруулан тав хоногийн дотор Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. Зөвлөл шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигч тус бүрд ёс зүйн дүгнэлт гаргуулж болно.

62 дугаар зүйл.Хуульчдын холбооны зохион байгуулалт, санхүүжилт

62.1.Хуульчдын холбоо, түүний Чиг үүргийн хорооноос байгуулагдах комисс нь нэг удаагийн байна.

62.2.Хуульчдын холбооны зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон энэ хуулиар зохицуулаагүй харилцааг Хуульчдын холбооны дүрмээр зохицуулна.

62.3.Хуульчдын холбооны санхүүжилт нь гишүүдийн татвар, хандив, хуульчийн мэргэжлийн шалгалтын хураамж, сургалтын төлбөр, хэвлэн нийтлэлийн ашгаас бүрдэнэ.

62.4.Хуульчдын холбоо нь тодорхой чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэхээр төрөөс санхүүжилт авах, улсын болон гадаадын байгууллагын хандив, тусламж авч болно.

62.5.Хуульчдын холбооны санхүүгийн тайлан нээлттэй байх ба санхүүгийн аудитыг хоёр жил тутамд нэг удаа хийлгэж, гишүүддээ тайлагнана.

ДОЛдугаар бүлэг

МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГЫН ХОРОО, ТҮҮНИЙ АЖИЛЛАХ ЖУРАМ

63 дугаар зүйл.Мэргэжлийн хариуцлагын хороо, түүний бүрэн эрх

63.1.Мэргэжлийн хариуцлагын хороо нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил, сахилга, ёс зүйн байдалд Хуульчдын холбооны хүсэлтээр дүгнэлт гаргах, хуульч энэ хууль болон Хуульчийн мэргэжлийн дүрмийг зөрчсөн эсэх болон Хуульчийн мэргэжил, ур чадварын түвшинд эргэлзсэн тухай маргаан /цаашид "маргаан" гэх/-ыг гомдлын дагуу хянан шийдвэрлэх, хуульчид энэ хуулийн 29.1-д заасан хариуцлага хүлээлгэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

63.2.Мэргэжлийн хариуцлагын хороо 30 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүний бүрэн эрхийн хугацаа гурван жил байна. Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнийг нэг удаа улируулан ажиллуулж болно.

63.3.Мэргэжлийн хариуцлагын хороо нэр хүндтэй хуульчдаас бүрдэх бөгөөд хорооны бүрэлдэхүүнд шүүгчдийн төлөөлөл 18, прокурор, өмгөөлөгчдийн төлөөлөл тус бүр зургаа байна. Мэргэжлийн хариуцлагын хорооны шүүгч гишүүдийн 10 нь анхан шатны шүүхийн шүүгч, зургаа нь давж заалдах шатны шүүхийн шүүгч, хоёр нь хяналтын шатны шүүхийн шүүгч байна.

63.4.Мэргэжлийн хариуцлагын хорооны шүүгч гишүүнд нэр дэвшүүлэх эрх Хуульчдын холбооны прокурор, өмгөөлөгчдийн хороонд, прокурор гишүүнд нэр дэвшүүлэх эрх Хуульчдын холбооны шүүгч, өмгөөлөгчдийн хороонд, өмгөөлөгч гишүүнд нэр дэвшүүлэх эрх Хуульчдын холбооны шүүгч, прокурорын хороонд байна.

63.5.Мэргэжлийн хариуцлагын хорооны бүрэлдэхүүнд захиргааны давж заалдах шатны шүүхийн шүүгч орохыг хориглоно.

63.6.Мэргэжлийн хариуцлагын хороонд хамгийн удаан хугацаагаар ажилласан гишүүн хорооны дарга байх бөгөөд хамгийн удаан хугацаагаар ажилласан хоёр ба түүнээс дээш гишүүн байвал хороо дотроо сонгууль зохион байгуулж тэдгээр гишүүдээс даргаа сонгоно.

63.7.Мэргэжлийн хариуцлагын хорооны дарга энэ хуулийн 63.10-т заасан ажлын албыг удирдана.

63.8.Мэргэжлийн хариуцлагын хороо нь маргааныг таван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх ба бүрэлдэхүүнд шүүгч гурав, прокурор, өмгөөлөгч тус бүр нэг байна.

63.9.Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хуваарилах болон маргаан хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнийг томилохтой холбогдсон журмыг Зөвлөл батална.

63.10.Мэргэжлийн хариуцлагын хороо маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын албатай байх ба ажлын албаны орон тоо, ажиллах журмыг Зөвлөл батална.

64 дүгээр зүйл. Маргаан үүсгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа

64.1.Мэргэжлийн хариуцлагын хороо нь энэ хуулийн 63.1-д заасан маргааныг зохих этгээдийн гомдол, хүсэлтээр үүсгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

64.2.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой иргэний болон эрүүгийн хэргийн шүүн таслах ажиллагаа явагдаж байгаа эсэхээс үл хамааран тухайн хуульчтай холбоотой гомдол, хүсэлт ирсэн бол Мэргэжлийн хариуцлагын хороо маргаан үүсгэх эрхтэй.

64.3.Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх бүрэлдэхүүн маргаантай холбогдуулж мэдээлэл цуглуулах, мэргэжлийн дүгнэлт гаргуулах зорилгоор бие даасан шинжээч томилох эрхтэй.

64.4.Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зарчмыг жишиг болгосон журмаар явагдах бөгөөд уг журмыг Зөвлөл батална.

64.5.Мэргэжлийн хариуцлагын хороо дараах маргааныг хянан шийдвэрлэнэ:

64.5.1.өмгөөлөгч болон үйлчлүүлэгчийн хооронд үүссэн маргааныг үйлчлүүлэгчийн гомдлоор;

64.5.2.шүүгч, прокурор, өмгөөлөгчийн Хуульчийн мэргэжлийн дүрмийг зөрчсөн тухай болон хуульчийн мэргэжил, ур чадварын түвшинд эргэлзсэнтэй холбоотой үүссэн маргааныг шүүгч, прокурор, өмгөөлөгчийн гомдлоор;

64.5.3.хуульч энэ хуулийг болон Хуульчдын холбооны хууль ёсны шийдвэр, үүрэг даалгаврыг зөрчсөнтэй холбоотой маргааныг Хуульчдын холбооны хүсэлтээр.

64.6.Энэ хуулийн 64.5.2-т заасан шүүгчийн гомдлыг бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, прокурорын гомдлыг аймаг, нийслэл, дүүргийн прокурор болон Улсын ерөнхий прокурор, өмгөөлөгчийн гомдлыг Хуульчдын холбооны өмгөөлөгчдийн хороо гаргана.

64.7.Энэ хуулийн 64.5.3-т заасан Хуульчдын холбооны хүсэлтийг зохих хороод гаргах бөгөөд хорооноос бусад Хуульчдын холбооны бүтэц гомдол гаргах бол Тамгын газар түүнийг төлөөлнө.

64.8.Прокуророос халагдсан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон хүчингүй болгох хүсэлтийг Улсын ерөнхий прокурор Мэргэжлийн хариуцлагын хороонд гаргаж болно.

64.9.Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг Хуульчдын холбоо хариуцна.

65 дугаар зүйл.Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг

шүүхэд давж заалдах

65.1.Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

65.2.Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хороогоор дамжуулан гаргана.

65.3.Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны ажилтан хүлээн авч, маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид танилцуулах бөгөөд тэдгээрийн тайлбарыг авч хэргийн материалд хавсаргана.

65.4.Мэргэжлийн хариуцлагын хороо давж заалдах гомдолд маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчөөс гаргасан тайлбарыг хавсарган маргаантай холбогдох бусад баримт сэлтийн хамт уг гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын гурав хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.

65.5.Давж заалдах гомдол гаргасан бол Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзэнэ.

65.6.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь энэ хуулийн 65.1-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтээ Мэргэжлийн хариуцлагын хороонд гаргах бөгөөд уг хүсэлтийг хангах эсэхийг тухайн хороо тогтоол гарган шийдвэрлэнэ.

65.7.Энэ хуульд зохицуулснаас бусад давж заалдах гомдлыг гаргах, хүлээн авахтай холбогдсон харилцааг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар[5] зохицуулна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.

/Энэ хэсэгт 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

66 дугаар зүйл.Хуульч мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхгүй болох

66.1.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон бол хариуцлага ногдуулсан хугацаанд тухайн этгээд хуульч мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхгүй болно.

НАЙМДУГААр бүлэг

БУСАД ЗҮЙЛ

67 дугаар зүйл.Төрийн байгууллага, албан тушаалтанд хориглох зүйл

67.1.Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд Хуульчдын холбооноос энэ хуулийг зохих ёсоор хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаанд төрийн байгууллага, албан тушаалтнаас нөлөөлөх, саад хийх аливаа үйлдлийг хориглоно.

68 дугаар зүйл.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн

хэрэгжилтэд хяналт тавих

68.1.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх талаарх Хуульчдын холбооны үйл ажиллагаанд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дэмжлэг үзүүлж, хяналт тавина.

68.2.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтэд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо хяналт тавина.

69 дүгээр зүйл.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

69.1.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй болон хуульчмэргэжлийн нэрийг хэрэглэх эрхгүй этгээд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч гэм буруутай этгээдэд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, тухайн үйл ажиллагаанаас олсон орлогыг хураана.

70 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

70.1.Энэ хуулийг 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

/Энэ хэсэгт 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 6-р сарын 17, Мягмар гариг, 01:00
 

Тунхаг

Зурган дээр дарж үзнэ үү
Текстээр үзэх бол ЭНД
дарна уу.

Цахим сан

Баннер

Шинээр гарсан дүрэм, журмууд

Баннер

Файл шэйр

Баннер

Сонгон шалгаруулалтын зар

Баннер

Санал асуулга

Та Шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?
 

Цаг хугацаа

Манай зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр6
mod_vvisit_counterӨчигдөр698
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт4120
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт1358
mod_vvisit_counterЭнэ сард5861
mod_vvisit_counterӨнгөрсөн сард12900
mod_vvisit_counterНийт зочдын тоо503284

Хэн онлайн байна: 1
Таны IP хаяг: 54.227.51.103
,
Now: 2017-12-16 01:27