“ЧИМЭГЭ СИСТЕМ”-ИЙГ ШҮҮХЭД НЭВТРҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлагууд өнөөдөр “Чимэгэ” ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, монгол хэлний дуу, яриаг бичвэр болгон боловсруулдаг “Чимэгэ бичээч” системийг шүүхэд нэвтрүүлэх талаар санал солилцлоо. Энэхүү уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэрьяа, Шүүхийн мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа болон “Болорсофт” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Бадрал, тус компанийн зөвлөх Н.Болдхүү, менежер Б.Золжаргал нар оролцсон юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Монгол Улсын шүүхэд мэдээлэл, технологийн дэвшлийг нэвтрүүлж, иргэдэд шүүхийн үйлчилгээг ойртуулах, хурдан шуурхай хүргэхэд технологийн дэвшлийг ашиглах зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгааг онцлов. “Чимэгэ” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Бадрал “Хуулийн салбарт протоколын систем их хэрэгтэй байдаг. “Чимэгэ систем”-ийг шүүх хуралдааны үед туршиж үзэх боломжтой. Олон улсын арбитрын шүүхэд бол дуугаар хөрвүүлдэг систем нэвтрүүлсэн туршлагууд байна. Бид ч нийгмийн хариуцлагын үүднээс “Чимэгэ систем”-ийг шүүхэд нэвтрүүлж, шүүхийн ил тод нээлттэй байдлыг хангахад хувь нэмрээ оруулах сонирхолтой байгаа” гэлээ. Тэрээр “Чимэгэ систем”-ийг танилцуулж, монгол хэлний дуу яриаг хэрхэн бичвэр болгон хувиргаж байгааг сонирхуулав.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар “Эхний ээлжид нийслэлийн ачаалал ихтэй зарим шүүхэд шүүх хуралдааны нарийн бичиг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөд “Чимэгэ систем-ийг туршилтын журмаар ашиглаж үзэх санал тавьсан юм. “Чимэгэ” ХХК-ийн удирдлагууд энэхүү саналыг хүлээн авч, ойрын хугацаанд “Чимэгэ систем”-ийг шүүхэд туршилтын журмаар нэвтрүүлэх тохиролцоонд хүрлээ.
Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс