ПРОЦЕССЫН ХУРААНГУЙ

 

НЭХЭМЖЛЭГЧИЙН ТОДОРХОЙЛСОН ЭТГЭЭДИЙГ ХАРИУЦАГЧ ГЭНЭ.

 Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2022.11.23-ны өдрийн №134/ШЗ2022/00916,

Шүүгчийн захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Тойм: 2023.01.24, процесс №1,

Нэхэмжлэгч Долгор нь 2,0 сая төгрөгийг хариуцагч Дондовоос гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэргийг шалгах явцад “Болор” компанийн захирал Анарыг гэрчээр асуусан.

Гэрч Анар мэдүүлэхдээ “…Эвдэрсэн гэх хөгжим нь манай компанийн хөгжим, 2,0 сая төгрөг нь манай компанийн дансанд байгаа” гэжээ.

Нэхэмжлэгч Долгор гэрч Анарын мэдүүлгийг үндэслэн хамтран хариуцагчаар “Болор” компанийг татан оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргасан.

Хамтран хариуцагч оролцуулах эсэхийг нэхэмжлэгч тодорхойлдог ба нэхэмжлэгч өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хэнд холбогдуулан нэхэмжлэл гаргах, хэнийг хариуцагчаар татах нь шүүхэд мэдүүлэх үндсэн эрхтэй нь салшгүй холбоотой байдаг.

Иймд, шүүх нэхэмжлэгч Долгорын хамтран хариуцагчаар “Болор” компанийг татах хүсэлтийг хангаж, хэрэгт хамтран хариуцагчаар “Болор” компанийг татан оролцуулж шийдвэрлэсэн болно.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Тоймыг бэлтгэсэн: Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Наранчимэг