Шийдвэрийн огноо, дугаар: 2022.12.21-ний өдрийн 134/ШШ2023/00002
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Тойм: 2023.02.10, шийдвэр-2,
Нэхэмжлэгч А нь нөхөр Б-д холбогдуулан гэрлэлтээ цуцлуулах, хүүхдүүддээ тэтгэлэг гаргуулах, орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, орон сууцнаас өөрт болон 3 хүүхдэд ногдох хэсгийг мөнгөөр гаргуулах, орон сууцны гэрчилгээнд өмчлөгчөөр бүртгэгдсэн Д-г улсын бүртгэлээс хасуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч Б нь гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүддээ тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, харин Д орон сууцны 30 хувийг төлж, хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, 20 хувийг нь би өөрийн хуваарьт хөрөнгөөр төлсөн тул орон сууцны үлдэх 50 хувь нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө тул эхнэр, нөхөр, хүүхдүүдэд адил хуваагдана гэж маргав.
Гуравдагч этгээд Д шүүхэд, “Би ах Б-г орон сууц худалдан авахад нь урьдчилгаа 30%-ийн төлбөрийг нь төлж, өмчлөгчөөр бүртгэгдсэн” гэж тайлбарлав.
Улсын бүртгэлд орон сууцны өмчлөгчөөр гуравдагч этгээд Д бүртгэгдсэнийг хууль бус болохыг нэхэмжлэгч тал нотолсон баримтыг гаргаагүй тул шүүх бүртгэл үнэн зөв гэж үзэж, 30 хувийг нь хуваагдах эд хөрөнгөд тооцоогүй. Харин эхнэр, хүүхдийн нэр хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдээгүй боловч гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө байх тул хэний нэр дээр байгаагаас үл шалтгаалан 70 хувь нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэв,
Иймд, шүүх гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоож, орон сууцыг Д, Б-ийн өмчлөлд үлдээж, орон сууцны 70 хувийн үнээс 33,600,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-д олгож, улсын бүртгэлээс Д-ийн нэрийг хасуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Шийдвэрийг бүтнээр нь үзэх холбоос:
Тойм бэлтгэсэн: Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа