ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦЛӨӨР ӨНДӨР НАС ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ ДААТГУУЛАГЧИЙН ЭРХ АЖИЛ ОЛГОГЧИЙН БУРУУТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УЛМААС ХЯЗГААРЛАГДАХ ЁСГҮЙ

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2023.01.17, 113/ШШ2023/0001

Тоймын огноо, дугаар: 2023.03.13, №2

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь зөвхөн шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно

“Г” нь Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Чойр хэсэгт уурын зуухны машинч, зуухны тоног төхөөрөмжийн засварчнаар 20 жил ажилласан бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3-д заасны дагуу өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоолгохоор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өргөдөлд гаргасан.

Нийгмийн даатгалын хэлтсээс “Г-ийн эрхэлж байсан ажил албан тушаалыг хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн гэрээ, ажилд томилсон зарим тушаалд сантехникийн слесарь, тоног төхөөрөмжийн слесарь гэж зөрүүтэй бичсэн, энэ нэршил нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар баталсан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтад байхгүй” гэх үндэслэлээр тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоохоос татгалзсан хариу өгчээ.

Иргэн “Г”  нь өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоохгүй байгаа аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоохыг Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж маргасан.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Ингэхдээ ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг зарим баримт бичигт “Г”-ийн эрхэлж байгаа ажлын байрны нэрийг “уурын зуухны галч, засварчин, слесарь” зэргээр харилцан адилгүй бичсэн боловч түүний эрхэлж байгаа ажлын байр нь тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарч байгаа болох нь шүүхээс эрхлэн явуулсан хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагаа, хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтууд зэргээр тогтоогдсон тул “Г”-ийн хувьд тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр авах хуульд заасан болзол шаардлагыг хангасан байна гэж шүүхээс дүгнэсэн.

“Г” нь нэгэнт 55 нас хүрсэн, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх болзол, шаардлагыг хангасан учир өөрөө хүсэлт гаргаснаар өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоолгох эрхтэй байхаар хуульд заажээ.

Энэ тохиолдолд, ажил олгогчийн зүгээс “Г”-ийн хөдөлмөрийн зарим баримт бичигт ажлын байрны нэрийг буруу бичсэн нь өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоолгох даатгуулагчийн хуулиар олгосон эрх хязгаарлах учиргүй.

Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/12256?daterange=2023-01-01%20-%202023-03-11&id=1&court_cat=3&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Ганзориг