АЖЛААС ХАЛСАН ТУШААЛ ГАРГАХДАА ХУУЛИЙГ БУРУУ ХЭРЭГЛЭСЭН НЬ ТУХАЙН ТУШААЛЫГ БҮХЭЛД НЬ БУРУУТГАХ ҮНДЭСЛЭЛ БИШ

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2022.11.15, 113/ШШ2022/0037

Тоймын огноо, дугаар: 2023.03.13, №3

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь зөвхөн шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно

Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст дэд ахлагч цолтойгоор, хамгаалалтын цагдаагаар ажиллаж байсан “О”-д “Цагдаагийн төв байгууллагаас тогтоосон журам зөрчиж, албаны нэр хүндэд ноцтой хохирол учруулсан, шууд удирдлагад мэдэгдэхгүйгээр албаны хамрах хүрээнээс гарч явсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, гэмт хэрэгт холбогдсон гэх үндэслэлээр тус хэлтсийн даргын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж, албанаас халжээ.

Иргэн “О”  нь “тушаалд Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12.15 дахь заалтыг барьсан атлаа 1 жилийн хугацааг дурдаагүй, тушаалын тэргүү хэсэг халах тухай гэсэн бол 1 дэх заалтад цагдаагийн албанаас чөлөөлсүгэй гэсэн нь ойлгомжгүй” гэх үндэслэлээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Ингэхдээ илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардаж буй Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн даргын 2020 оны Б/98 дугаар тушаал нь нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлагын үндэслэлийн хүрээнд, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй, нэхэмжлэгчийн тодорхойлсон хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаагүй байх тул “О”-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж шүүхээс дүгнэсэн.

Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэлийг ногдуулах байсан, тухайн захиргааны актад заасан хуулийн зүйл, заалт зөв, буруу эсэхийг буюу хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа холбогдох хуулийг зөв хэрэглэсэн эсэх тухай шаардлагын үндэслэл нь маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэлд хамаарахгүй.

Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/11944?daterange=2022-11-10%20-%202022-12-21&id=1&court_cat=3&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Ганзориг