ӨМЧЛӨГЧ БУСДАД УЧРУУЛСАН ГЭМ ХОРЫГ ХАРИУЦНА

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022-08-19-ний өдрийн No216/МА2022/00004 магадлал

Шүүхийн шийдвэрийн тойм No3, 2023.02.08

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Д.М нь “манай байрны 5 давхрын айлаас ус алдаж эд хөрөнгийн хохирол учруулсан тул хохирлыг барагдуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийг байрны эзэн Ж.О-д холбогдуулан гаргажээ.

 

Анхан шатны шүүх байрны өмчлөгч Ж.О-г  бусдад буюу нэхэмжлэгч М-д гэм хор учруулсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийг хариуцагч Ж.О эс зөвшөөрч “байр хөлслөгч нь байрны засвар үйлчилгээг хариуцаж байсан, мөн дуудлагаар ирсэн ажилтан усыг цаг хугацаанд хааж чадаагүй, иймд би буруугүй тул хариуцагч биш” гэж давж заалджээ.

 

Хуульд зааснаар нийтийн зориулалттай орон сууцны өмчлөгч нь өөрийн өмчилж байгаа орон сууцны  доторхи  цэвэр, бохир ус, цахилгаан, дулаантай холбоотой шугам, сүлжээний бүрэн бүтэн байдлыг  хангах үүрэгтэй.

Иймд давж заалдах шатны шүүхээс “хариуцагч хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид хохирол учруулсан тул хохирлыг хариуцах нь зүйтэй” гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/24908?daterange=2021-12-01%20-%202022-12-23&id=2&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь