ХАМТРАН АМЬДРАГЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ХАРИЛЦАА ГЭРЛЭГЧДИЙН ЭД ХӨРӨНГИЙН ХАРИЛЦААНААС ЯЛГААТАЙ

Шийдвэрийн огноо, дугаар: 2023.01.13-ний өдрийн 134/ШШ2023/00023

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Тойм: 2023.04.05, шийдвэр-3,  

 Нэхэмжлэгч У нь хариуцагч А-д холбогдуулан хамтын амьдралтай байсан үндэслэлээр 700 тооны мал гаргуулах, эд хөрөнгүүдийг дундын өмч болохыг тогтоолгох, дундын эд хөрөнгөнөөс өөрт ногдох 25,152,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хариуцагч А нь хамтын амьдралтай байгаагүй, манай гэр орноор орж гарч эр, эмийн харилцаатай байсан нь үнэн. Намайг осолд орсон үед нь малын тоонд өөрийнхөө нэрийг оруулсан. Айлын эд хөрөнгөн дээр ирчихээд талыг нь авна гэж хэлж болохгүй гэж маргана.

Шүүх, зохигчдыг хамтын амьдралтай байсан гэж дүгнэсэн хэдий ч гэрлэлтээ батлуулсан хууль ёсны гэр бүл биш тул тэдний хоорондох эд хөрөнгийн харилцаанд Иргэний хуульд заасан “Гэр бүлийн хөрөнгийн эрх”-ийн зохицуулалт үйлчлэхгүй гэж үзсэн.

Иймд, нэхэмжлэгч нь, мал, эд хөрөнгөд өөрийн хувийг оруулсан гэдгээ нотолж шүүхэд ирүүлсэн баримтуудыг үндэслэн хариуцагчаас нийт 648 тооны мал буюу 63,910,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, зарим эд хөрөнгүүдийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож, уг эд хөрөнгийн үнээс 15,303,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 52 тооны мал буюу 8,280,000 төгрөг, зарим эд хөрөнгүүдийг дундын өмч болохыг тогтоолгох, тухайн эд хөрөнгийн үнээс 2,849,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Шийдвэрийг бүтнээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/125135?daterange=2023-01-01%20-%202023-04-05&id=1&court_cat=1&bb=1

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

Магадлал: Огноо 2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 216/МА2023/00002

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.

Магадлалыг бүтнээр нь харах холбоос: https://shuukh.mn/single_case/26862?daterange=2023-01-01%20-%202023-04-23&id=2&court_cat=1&bb=1

Тойм бэлтгэсэн: Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Наранчимэг