ХУГАЦААНААС ӨМНӨ СУЛЛАХ ХУУЛЬД ЗААСАН ШААРДЛАГЫГ ХАНГАЖЭЭ

Говьсүмбэр аймгийн  Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний  өдрийн магадлал №04

Шүүхийн процессын тойм, 2023.11.10

Шийдвэрийн төлөв: Магадлал бичигдэж гарах хугацаа болоогүй

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Прокуророос ялтан С-ийг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулсан, оногдуулсан ялын хоёрны нэгээс доошгүй хувийг эдэлсэн байх тул хуульд заасан үндэслэлээр хугацаанаас өмнө суллах тухай санал ирүүлснийг анхан шатны шүүх татгалзаж шийдвэрлэжээ.

Ялтаны өмгөөлөгч Д-ийн давж заалдсан гомдлын дагуу давж заалдах шатны шүүх ялтныг хугацаанаас өмнө суллуулахаар ирүүлсэн материалыг хянан хэлэлцсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын зохих хувийг эдэлсэн бол прокурорын саналыг харгалзан шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэж болно “ гэж заасан.

Ялтан С сүүлийн нэг жилийн хугацаанд сахилгын зөрчил гаргаагүй, засарч хүмүүжих нийгэмших сургалтанд хамрагдсан, хорих ангиас даалгасан хөдөлмөр эрхэлж байсан, зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулсан нь ялтны хувийн хэргийн материалд авагдсан ба ял эдлэх хугацаандаа 1 сар 18 хоногийн шагналын хоног олгогдож ялтан С нь шүүхээс оногдуулсан ялын хоёрны нэгээс дээш хувийг биеэр эдэлсэн байх тул  ялтныг  хугацаанаас нь өмнө суллах нөхцлийг хангасан байна гэж давж заалдах шатны шүүхээс үзэж  хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 06 хоногийн ялаас хугацаанаас өмнө суллаж шийдвэрлэв.

 

Тоймыг бэлтгэсэн: Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны

Ерөнхий  шүүгч Г.Тэгшсуурь