ДААТГУУЛАГЧ НЬ ДАВХАР АЖИЛ ЭРХЛЭЛТЭЭС ҮЛ ХАМААРАН АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ АВАХ ЭРХТЭЙ

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2022.03.01, 113/ШШ2022/0001

Тоймын огноо, дугаар: 2023.02.01, №1

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь зөвхөн шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно

Иргэн “Б” нь хөдөлмөрийн гэрээнийн үндсэн дээр эрхэлж байсан ажил албан тушаалаас 2020.07.30-ны өдрөөс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөн, ажилгүйдлийн тэтгэмж авахаар хүсэлт гаргасны дагуу Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2020.08.14-ний өдрөөс 2020.12.01-ний өдрийг хүртэл ажлын 76 өдрийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн.

Үүний дараа иргэн “Б” нь 2020.08.24-ний өдрөөс өөр байнгын ажлын байранд хөдөлмөр эрхлэх болсон ба тэрбээр энэ тухайгаа аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст мэдэгдэхэд 2020.08.14-ний өдрөөс 2020.08.24-ний өдрийг хүртэл ажлын 7 өдөрт ногдох 301,100 төгрөгийн тэтгэмжийг түүнд олгож, цаашид тэтгэмж олголтыг зогсоосон байна.

Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь нийгмийн даатгалын сангийн 2020 оны тэтгэмж олголтын байдалд хяналт шалгалт хийж, иргэн “Б” нь үндсэн ажлаас гадна давхар ажил эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан тул ажилгүй болсон гэж үзэхгүй, ажилгүйдлийн тэтгэмж олгосон нь үндэслэлгүй гэж дүгнэн 301,100 төгрөгийг буцаан төлүүлэхээр улсын байцаагчийн акт үйлджээ.

Иргэн “Б” мэргэжлийн хяналтын усын байцаагчийн актыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж маргасан.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Ингэхдээ иргэн “Б” нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн үндсэн ажлын байрандаа нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан төрөл, хувь хэмжээгээр бүрэн төлж, тогтоосон нөхцөл шаардлагыг хангасан учраас ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй, давхар ажил эрхлэлт нь үндсэн ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд хууль заасан журмын дагуу ажилгүйдлийн тэтгэмж авах даатгуулагчийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж шүүхээс дүгнэсэн.

Учир нь даатгуулагч хэд хэдэн байгууллагад давхар ажил эрхлэх тохиолдолд үндсэн ажлын байранд л нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлөх бол давхар эрхэлж бусад ажилд ажилгүйдлийн тэтгэмжээс бусад нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр хуульд заажээ.

Энэ тохиолдолд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс түүний ажилгүй байсан хугацаанд ногдох тэтгэмжийг суутган тооцож, тэтгэмж олголтыг зогсоосон нь тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хууль, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс баталсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-д нийцсэн байх тул иргэн “Б”-ийн ажилгүй байсан хугацаа /ажлын 7 өдөр/-нд олгосон тэтгэмжийг буцаан төлүүлэхээр шаардсан мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн акт үндэслэлгүй юм.

Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/9153?daterange=2022-03-21%20-%202022-03-21&id=1&court_cat=3&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Ганзориг