2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамж
Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Процессын тойм.
Яллагдагч Д.М, В.Г нар нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт яллагдагчаар татагдаж прокурорын яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг анхан шатны шүүхийн урьдчилан хэлэлцүүлгээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр Говсүмбэр аймгийн прокурорын газарт 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүгчийн захирамжаар буцааж хуулийн хугацаанд хүргүүлсэн байна.
Говьсүмбэр аймгийн прокурорын газрын хяналтын прокурор эсэргүүцэл бичих хугацааг 1 хоногоор хэтрүүлснийг тус шүүхээс хүлээн авахаас татгалзсан тул 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 01 дугаартай хэтэрсэн хугацааг сэргээлэх тухай прокурорын хүсэлт ирүүлснийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Прокурорын зүгээс хүсэлтдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагчид, хэргийг буцаасан шийдвэрийг прокурорт гардуулан өгөхөөр хуульчилсан байхад оролцсон прокурорт гардуулаагүйн улмаас эсэргүүцэл бичих хугацаа хэтэрсэн байна гэж үзэж хүсэлтийн үндэслэлдээ дурджээ.
Шүүхээс прокурорын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан анхан шатны шүүхийн цагаатгах болон шийтгэх тогтоол гардуулах ажиллагааг, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан шүүхийн тогтоол, захирамжтай адилтган хуулийг буруу ойлгож тайлбарлах нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийнг 33.3 дугаар зүйлд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд шүүхээс буцаасан бол прокурорт хүргүүлнэ гэснийг зөрчөөгүй хуулийн дагуу шийдвэрлэсэн гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугара зүйлийн 6 дахь хэсэгт заасан “хүндэтгэн үзэх шалтгаантай” бол гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байх тул прокурорын хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал