БУСДЫН ИТГЭМЖЛЭН ХАРИУЦУУЛСАН ЭД ХӨРӨНГИЙГ ЗАВШСАН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭВ

Шийдвэрийн дугаар: Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.09 өдрийн 2023/ШЦТ/03 шийтгэх тогтоол.

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Шийдвэрийн тойм: №2 2023.02.09

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Иргэн Г.Б нь “Н” ХХК-нд ажиллаж байхдаа шатахуун борлуулсан орлогоос 1 756 645 төгрөг, тос тосолгооны материал борлуулсан орлогоос 688 300 төгрөгийг тус тус завшиж нийт 2 444 945 төгрөгийн хохирол учруулсан байна.

Эрүүгийн хуульд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан бол гэмт хэрэгт тооцохоор заасан тул Прокурорын газраас иргэн Г.Б-г уг гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Хуульд итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно гэж заажээ. Завших гэмт хэрэг нь өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн үрэгдүүлсэн, эсхүл өөрөө авч завшсан идэвхтэй үйлдлээр илэрнэ.

Шүүгдэгч Г.Б-ийн хувьд “Н” ХХК-д амраагч операторчноор ажиллаж бусдын өмчийг хариуцах үүрэг хүлээсэн этгээд бөгөөд хариуцсан эд хөрөнгөөс дур мэдэн авч завшсан гэм буруутай гэж шүүхээс дүгнэв.

Энэ гэмт хэргийг үйлдсэн хүнийг 2 700 000-14 000 000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульд заасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, 3 сартай жирэмсэн зэргийг харгалзан үзэж шүүхээс шүүгдэгч Г.Б-г 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/84210?daterange=2023-01-01%20-%202023-02-09&id=1&court_cat=2&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баттулга