Шийдвэрийн дугаар: Говьсүмбэр аймаг дахь СДЭХАШШ 2022. 12.28 өдрийн 2023/ШЦТ/01 шийтгэх тогтоол.
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Шийдвэрийн тойм: 2023.01.30 1
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Прокуророос иргэн Д-г “хуурамч баримт бичиг үйлдэж, ашигласан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар, иргэн Д нь жороор эм олгох эмчийн бичилт дээр “Тебантин-300мг 20ш өдөрт 2 удаа уух” гэсэн бичилтийг нэмж бичин, жороор эм авах бичгийг хуурамчаар үйлдэж, улмаар үүнийгээ ашиглаж, эмийн сангаас “тебантин” эмнээс 2 таблетик буюу капсултай 20 ширхгийг худалдан авч өөртөө хэрэглэсэн байна. (тебантин эмнээс 5 ширхэгийг 10 грамм натритай хольж өөрийн баруун гарын шууны гол судсандаа 1 удаа тарьсан.)
Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад, иргэн Д-ээс биологийн шинжилгээ авсан бөгөөд, түүний биеэс “тетрагидраканнабинол” буюу НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан мансууруулах үйлчилгээтэй бодис илэрсэн байна.
Харин түүний хуурамч жороор эмийн сангаас авч хэрэглэсэн “тебантин” гэх эмийн нөлөөгөөр Д-ийн биеэс “габатентин” гэх бодис илэрсэн бөгөөд, энэ нь уналт таталтын эсрэг, мэдрэлийн гаралтай өвчин намдаах үйлчилгээтэй бөгөөд 1961, 1971 оны НҮБ-ын мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд тус тус хамаарахгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч Д-ийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг улсын яллагч хүлээн авч, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хянан хэлэлцээд, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгч Д-г “хуурамч баримт бичиг үйлдэж, ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.