ГАЗАР ЭЗЭМШИГЧИЙН ЗӨВШӨӨРЛӨӨР ТУХАЙН ГАЗАРТ АМЬДАРЧ БАЙСАН НЬ ГАЗАР ШИЛЖҮҮЛЭХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ҮНДЭСЛЭЛ БОЛОХГҮЙ

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2023.03.21 113/ШШ2023/0003

Тоймын огноо, дугаар: 2023.04.10, №4

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Санамж: Энэхүү тойм нь зөвхөн шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно

Иргэн “Ц” нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын I  багийн … дугаар тоотод байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг эзэмших эрхтэй ч тухайн хашаа байшинд өөрөө амьдардаггүй ба харин иргэн “М” нь түүнтэй харилцан тохиролцож /бэлэглэсэн, түрээслүүлсэн, худалдсан гэхчлэн талууд харилцан адилгүй тайлбар гаргадаг/ уг хашаа байшин 2012 оноос хойш гэр бүлийн хамт амьдарч эхэлсэн. “М”-ийг тохиролцсон төлбөрөө төлөөгүй гэдэг шалтгаанаар, “Ц” нь худалдах худалдан авах гэрээ хийж уг хашаа байшинг иргэн “А”, “Х” нарт зарсан ба Сүмбэр сумын Засаг даргын 2021 оны А/226 дугаар захирамжаар, тус газрын эзэмших эрхийг Газрын тухай хуулийн дагуу иргэн “Ц”-ээс иргэн “А”-д шилжүүлж шийдвэрлэсэн.

Иргэн “М” нь “тухайн газрыг шударгаар эзэмших эрх, ажил хөдөлмөр эрхлэх эрх, хүүхдийн сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн, Засаг дарга шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн” гэх үндэслэлээр уг захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Энэ тохиолдолд сумын Засаг даргын захирамж хууль зөрчсөн байхын зэрэгцээ нэхэмжлэгч “М”-д хуулийн дагуу үүссэн газар эзэмших эрхэд халдаж, хязгаарласан бол шүүхээс түүнийг хүчингүй болгох журамтай.

Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тухайн газрыг эзэмших эрх “Ц”-д хуулийн дагуу үүсч, улмаар хуульд заасан журмын дагуу “А”-д шилжсэн. Харин “М”-ийн хувьд маргаан бүхий тухайн газрыг хууль ёсоор эзэмших эрхтэй гэдэг нь тогтоогдохгүй бөгөөд бусдын хуулийн дагуу эзэмшиж байгаа газрыг эзэмшихээр давхцуулж хүсэлт гаргах эрхгүй.

Сумын Засаг дарга захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэрийн хувийн хэрэг бүрдүүлээгүй, сонсох ажиллагааг хэлбэржүүлээгүй зөрчил нь дангаараа тухайн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд ажил хөдөлмөр эрхлэх, хүүхдийн сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудал нь маргаж байгаа захиргааны акттай шууд холбоогүй, тусдаа шийдвэрлэгдэх асуудал байна.

Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/12654?daterange=2023-01-01%20-%202023-04-10&id=1&court_cat=3&bb=1

Тоймыг бэлтгэсэн:

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Ганзориг