ЗЭЭЛДЭГЧИД БОДИТ ӨГСӨН МӨНГӨӨС ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРИЙГ ТООЦНО

 Шийдвэрийн огноо, дугаар: 2022.12.19-ний өдрийн 134/ШШ2022/00210

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон. 

Тойм: 2023.01.10, шийдвэр-1,

Иргэн С нь иргэн Э-д 2022.02.01-ний өдөр 1,0 сая төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд Э нь үндсэн зээл 300,000 төгрөг, зээлийн хүү 200,000 төгрөгийг төлсөн. Э, С нар 2022.06.25-ны өдөр уг зээлийнхээ хүү, алдангийг тооцоод 1,158,000 төгрөг болгож, уг мөнгийг 1 сарын хугацаатай, сарын 20 хувийн хүүтэй төлөх, хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцож, “Зээлийн гэрээ”-г бичгээр хийсэн боловч Э нь 200,000 төгрөгийг төлөөд, үлдэх мөнгийг төлөөгүй байна.

С шүүхэд хандаж, Зээлийн гэрээний дагуу Э-гээс үндсэн зээл 1,158,000 төгрөг, хүү 131,200 төгрөг, алданги 521,000 төгрөг, нийт 1,810,200 төгрөгийг гаргуулахаар шаардахад хариуцагч Э нь 1,0 сая төгрөг зээлсэн, үүнээс 800,000 төгрөг буцаан өгсөн, ийм их мөнгө төлөхгүй гэж маргажээ.

Хуульд зааснаар зээлийн гэрээг амаар болон бичгээр хийж болох боловч хүү, алданги тогтоосон тохиолдолд бичгээр байгуулах, мөн зээлсэн мөнгийг бодитоор шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог.

Шүүх талуудыг 2022.06.25-ны өдөр 700,000 төгрөгийн хүрээнд зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэж үзэн, зээлийн хүүг тооцоолж, хариуцагч Э-гийн төлсөн 200,000 төгрөгийг хүү болон үндсэн зээлээс хасч, төлөөгүй 640,000 төгрөгөөс алданги 297,600 төгрөг тооцон хариуцагч Э-гээс 937,600 төгрөгийг нэхэмжлэгч С-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 872,600 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Шийдвэрийг бүтнээр нь үзэх холбоос:

 https://shuukh.mn/single_case/124640?daterange=2022-01-01%20-%202023-01-10&id=1&court_cat=1&bb=1

Тойм бэлтгэсэн: Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Наранчимэг