Шүүгчийн шийдвэрийн огноо, дугаар: 2025.05.15-ны өдрийн 113/ШШ2025/0005
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Хэргийн тухай товч
Нэхэмжлэгч Л.Уранчимэг нь ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг шүүхээр тогтоолгож, 2019–2021 оны хугацаанд төлөгдөөгүй байсан нийгмийн даатгалын шимтгэлийг 2024 онд нөхөн төлүүлсэн. Гэвч тэрээр 2022 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед уг шимтгэл төлөгдөөгүй байсан тул тэтгэврийн хэмжээ бага тогтоогдсон байна. Иймд нөхөн төлөгдсөн шимтгэлийг харгалзан тэтгэврийг анх тогтоосон өдрөөс нь эхлэн нэмэгдүүлж, зөрүүг олгохыг хүсэж нэхэмжлэл гаргасан.
Харин хариуцагчаас “Нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэврийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт Тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа болон цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, төлсөн шимтгэлийн хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй бол тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоон олгоно гэж заасан байдаг тул иргэн Л.Уранчимэгийн манай газарт гаргасан өргөдлийн дагуу 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэврийг өөрчлөн тогтоох боломжтой. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацаагаар тодорхойлдог бөгөөд 2022 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байсан учир өмнө онуудын тэтгэврийн зөрүүг нөхөн олгох эрх зүйн зохицуулалтгүй” гэж тус тус маргаж байна.
Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр
Анхан шатны шүүхээс: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Л.Уранчимэг нь Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын газар болон Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандаж тус тус өргөдөл гаргасан бөгөөд Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар нь өргөдлийн хариуг шийдвэрлэж хуулинд заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж дүгнэн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6, 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Учир нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Ажил олгогч дараах үүрэг хүлээнэ”, 32.2.6-д “ажил олгогчийн буруугаас даатгуулагчид учирсан хохирлыг бүрэн хариуцаж төлөх” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халагдсанаас үүссэн үр дагавар, учирсан хохирлоо ажил олгогчоос нэхэмжлэх нь зүйтэй байна гэж дүгнэжээ.
Давж заалдах шатны шүүхээс: Анхан шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул анхан
шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэсэн байна.
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:
https://shuukh.mn/single_case/18639?daterange=2025-05-01%20-%202025-09-24&id=1&court_cat=3&bb=1
Тойм бичсэн: Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхзул
