ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХУУЛЬ ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН ОЛГОДОГ

Шүүхийн тогтоолын дугаар: 001/ХТ2023/0091

Шүүхийн шийдвэрийн огноо: 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр

Шийдвэрийн төлөв: Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээсэн

 

Санамж: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол болно.

 

ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ: Нэгэн компани 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 03/25 дугаар албан бичгээр “Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах тухай” хүсэлтээ Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан гаргасан боловч Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 7/1921 дүгээр албан бичгээр “… Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны тухай хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа учир төслийг хэлэлцэн, шийдвэрлэх хүртэл зөвшөөрөл олгохыг түр зогсоосон…” гэсэн хариу өгчээ.

Гэтэл холбогдох хуулиар уг үйл ажиллагааг хангалттай зохицуулсан байхад Хууль зүй, дотоод хэргийн яам энэ төрлийн зөвшөөрлийг нөхцөл шаардлагыг нь хангуулан олгоход хууль тогтоомжийн зохицуулалт дутмаг, зохицуулалт шаардлагатай гэж батлагдаагүй хуулийн төслүүдийг иш татан зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна гэж маргажээ.

ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР

  1. Анхан шатны шүүхээс: Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1, 1.2, 1.6, 5.2 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 11.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч компанийн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг хүссэн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 7/1921 дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, тус компанийн гаргасан төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах тухай хүсэлтийг зохих хууль журмын дагуу хянан, шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгаж шийдвэрлэсэн.
  2. Давж заалдах шатны шүүхээс: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 5, 3.2 дугаар зүйлийн 1, 1.1, 8.1 дүгээр зүйлийн 11.4-т заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Давж заалдах шатны шүүх нь төрийн захиргааны төв байгууллагын талаарх тогтсон ойлголтыг өөрчилж, Засгийн газарт хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг аливаа төрийн  захиргааны төв байгууллага хэрэгжүүлэх боломжтой гэсэн дүгнэлт хийсэн нь хууль тогтоомжийг анхан шатны шүүхийн шийдвэрээс зөрүүтэй хэрэглээд зогсохгүй цаашид Засгийн газарт хуулиар олгосон аливаа чиг үүргийг дурын төрийн захиргааны төв байгууллага өөрийн чиг үүрэгт хамааруулан хэрэглэх боломжийг бүрдүүлсэн. Мөн “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д зааснаар Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 5-д заасан зохицуулалт нь Засгийн газрын гишүүн болох Хууль зүй, дотоод, хэргийн сайд болон яаманд нэгэн адил хамаарна” гэсэн дүгнэлт хийсэн нь Засгийн газарт хуулиар олгосон аливаа бүрэн эрхийг Засгийн газрын гишүүн болон төрийн захиргааны төв байгууллага өөрийн үзэмжээр өөрт шилжүүлэн авах; өөрт олгогдоогүй бүрэн эрхийг дур мэдэн эдэлж, хуулийг үзэмжээрээ хэрэгжүүлэх боломжийг нээх; Засгийн газар, яам, агентлагийн хоорондын чиг үүргийн хамаарал, захирах захирагдах ёс алдагдах; төрийн захиргааны байгууллагуудын эрх мэдэл хоорондын чиг үүрэг, тэнцвэр алдагдсанаар захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар эрх зүйн үндэслэлгүй шийдвэр гаргадаг хууль хэрэглээний буруу практик тогтоох, цаашлаад эрх зүйт ёс, хууль дээдлэх зарчим алдагдах ноцтой нөхцөл байдал үүсэхээр байна. 2022 онд батлагдсан Зөвшөөрлийн тухай хууль нь зөвшөөрөлтэй холбоотой харилцааг илүү ойлгомжтой, хурдан шуурхай бөгөөд гол нь төрийн хүнд суртлаас ангид байх боломжийг бүрдүүлж өгсөн. Ийнхүү хууль тогтоогчоос зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн дур зоргыг хязгаарлахад чиглэсэн хуулийн заалтын ач холбогдлыг давж заалдах шатны шүүх илт үгүйсгэн, захиргаа хүссэн үедээ, өөрсдийн үзэмжийн дагуу тодорхой хугацаагаар хязгаарлалт тогтоогоод байж болох эрхтэй мэт шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн агуулгаар хяналтын журмаар гомдол гаргасан байна.

Хяналтын шатны шүүхээс: Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 5-д “Засгийн газар үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, нийтийн ашиг сонирхол, үр ашигтай өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх үүднээс төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага, төрийн зарим чиг үүргийг хуульд, эсхүл гэрээнд заасны дагуу шилжүүлэн авсан этгээдээс олгодог зөвшөөрлийг олгох үйл ажиллагаанд тодорхой хугацаагаар хязгаарлалт хийж болно” гэсний дагуу Засгийн газар шаардлагатай гэж үзвэл уг сонгох боломжийнхоо хүрээнд төрийн захиргааны байгууллага (энэ тохиолдолд Хууль зүй, дотоод хэргийн яам)-аас олгодог зөвшөөрөл олгох үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлах боломжтой. (11)

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд зааснаар Засгийн газар нь Ерөнхий сайд болон тодорхой асуудал эрхэлсэн сайд нараас бүрдэх хамтын зарчмаар шийдвэр гаргадаг гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллага юм. Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Засгийн газар энэ хууль, бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ асуудал, …-ыг хуралдаанаараа хэлэлцсэний үндсэн дээр шийдвэрлэнэ”, 30 дугаар зүйлийн 1-ийн дагуу “Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана” гэж хуулиар тусгайлан зохицуулжээ. Гэтэл Засгийн газар Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 5-д заасан бүрэн эрхийнхээ асуудлаар дээрх хуульд заасан журмын дагуу ямар нэгэн шийдвэр гаргаагүй, мөн уг эрхээ хариуцагч Хууль зүй, дотоод  хэргийн яаманд шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй байна. (12)

Маргаан бүхий Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 7/1921 дүгээр албан бичгийн үндэслэл болох Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.4 нь “төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгох агуулга бүхий заалт байх тул энэ нь тухайн зөвшөөрлийг олгохоос татгалзах эсхүл холбогдох өргөдлийг буцаах үндэслэл биш байжээ. (15)

Түүнчлэн Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.3-т зааснаар яам нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих хүрээ, тодорхой чиг үүргийг дагнан эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бөгөөд Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайдад эрхлэх асуудлынхаа хүрээнд стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг нь зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлгээ өгөхөд нь мэргэжил, арга зүй, эрх зүй, техник, зохион байгуулалтын үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байгууллага юм. Иймд Засгийн газрын өмнөөс Хууль зүй, дотоод хэргийн яам тусгай зөвшөөрөл олгох ажиллагааг “түр зогсоох” эрхгүйгээс гадна тусгай зөвшөөрөл олгохоор хуульд заасан байтал “нарийвчилсан хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа” гэх үндэслэлээр өргөдлийг буцааж байгаа нь хууль бус, хариуцагч Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1-д заасан “Эрх бүхий этгээд зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзах эрхгүй бөгөөд өргөдлийг хүлээн авсан тухай зөвшөөрөл хүсэгчид мэдэгдэж, энэ тухай бүртгэлд тусгах” үүргээ зөрчсөн гэж үзжээ. (16, 17)

Анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт, шийдлээс үзвэл “нэхэмжлэгчийн өргөдөл нь шаардлага хангасан тул тусгай зөвшөөрөл олгохыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгасан” гэх агуулгагүй, харин нэхэмжлэгчийн өргөдлийг буцаасан хариуцагчийн үйлдэл хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн өргөдөл, хүсэлтээ зохих журмын дагуу шийдвэрлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тул маргаан бүхий актыг хүчингүй болгож, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгасан нь үндэслэлтэй. Хариуцагч нэхэмжлэгчийн өргөдлийг  буцааж буй нь угтаа холбогдох хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзаж буй хэрэг бөгөөд уг татгалзал (буцаасан албан бичиг) нь хууль бус байна. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Тоймыг бэлтгэсэн:

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхзул