Шүүгчийн шийдвэрийн огноо, дугаар: 2025.05.28-ны өдрийн 113/ШШ2025/0006

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

САНАМЖ: Энэхүү хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ

С сумын Засаг даргын захирамжаар нэхэмжлэгч Т-д 700 м.кв газрыг, нэхэмжлэгч О-д 700м.кв газрыг тус тус гэр, орон сууцны хашааны газрын зориулалтаар 25 жилийн хугацаатайгаар эзэмшүүлжээ. Улмаар 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр сумын газрын даамлаас Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус олгож, нэхэмжлэгч нартай газар эзэмших гэрээг байгуулсан байна. Гэтэл сумын Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн … дугаар захирамжаар “газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, газар эзэмшүүлэх гэрээний болзол нөхцлийг зөрчсөн” гэж үзэж нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын зүгээс Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулах буюу шийдвэр гаргах ажиллагаанд эрх нь хөндөгдөж буй этгээдэд тайлбар гаргах, санал авах ажиллагааг хийх ёстой байсан боловч, энэ талаар мэдэгдсэн зүйлгүйгээр иргэд бидний газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн тул “С сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн тоот захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан байна.

 

ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

Анхан шатны шүүхээс: “Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулаагүй, мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх хугацааг үндэслэлгүй тодорхойлсон байна гэж дүгнэн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар С сумын Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай тоот захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүхээс: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэжээ.

 

Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:

https://shuukh.mn/single_case/18690?daterange=2025-05-01%20-%202026-03-24&id=1&court_cat=3&bb=1

Тойм бичсэн: Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхзул