Шийдвэрийн дугаар: Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 113/ШШ2026/0004 дүгээр шийдвэр

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Тоймын огноо, дугаар: 2026 оны 04 дүгээр сарын 23, Дугаар 03

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно

“А” ХХК-иас сумын Засаг даргад холбогдуулан сумын Засаг даргын 2022 оны А/001 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, 2021 оны 2 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2012 оны 3 дугаар захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.7 болон 9.1.9-д зааснаар илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс: Гуравдагч этгээдэд газрыг эзэмшүүлэхдээ газрын тухай хуулийг  зөрчсөн, дуудлага худалдааг зохих ёсоор явуулаагүй, тухайн үед бид хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байсан, газар эзэмших эрхийг хууль бусаар шилжүүлсэн гэж, хариуцагчаас: газрыг хуулийн дагуу эзэмшүүлсэн гэж, гуравдагч этгээдээс: гуравдагч этгээдийн газар эзэмших эрх ямар нэг зөрчилгүй гэж тус тус маргадаг.

Сумын Засаг даргын захирамжаар 2012 онд гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн байх бөгөөд уг газар эзэмшихийг 2021 онд Г ХХК-иас иргэн Д-д, 2022 онд иргэн Д-ээс Б ХХК-д тус тус шилжсэн байна. Харин 2012 онд Ө ХХК ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байсан бөгөөд 2015 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан байна. Энэ зөвшөөрлөө 2016 онд нэхэмжлэгч А ХХК-д шилжүүлсэн байна. Б ХХК-ийн эзэмшил газар “А” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцаж байгаа болох нь тогтоогддог.

Маргаан бүхий захирамж нь Засаг Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахын зэрэгцээ гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан байх урьдчилсан нөхцөлүүд бүрэн хангагдсан тохиолдолд шүүхээс тухайн захиргааны актыг илт хууль бусад тооцно. Маргаж байгаа газар эзэмших эрх Газрын тухай хуульд зааснаар,  нэхэмжлэгчийн ашигт малтмал хайх эрх Ашигт малтмалын тухай хуульд зааснаар үүссэн байх бөгөөд Засаг дарга энэ хуулиудыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй.

Түүнчлэн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж нь газар эзэмших эрхийг өөр хоорондоо шилжүүлэх эрхтэй. Газар эзэмшигч энэхүү эрхээ чөлөөтэй эдлэх тул газрын хэвлий ашиглах эрх олгогдсон этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн газрын эрх шилжүүлсэн захирамжийг хууль бус байсан гэж тогтоох үндэслэлгүй байна.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөцийг бүрэн ашиглах үүрэг хүлээх бөгөөд зөвхөн ашиг олох зорилгоор түүнийг сорчлон ашиглахыг хориглохоор заасан боловч газар эзэмших эрх нэгэнт үүсчихсэн байсан тул сүүлд үүссэн газрын хэвлийг ашиглах эрх нь өмнөх газар эзэмшигчийн эрхийг цуцлах эсхүл дуусгавар болгох зохицуулалтыг агуулахгүй.

Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:

https://shuukh.mn/single_case/20620?daterange=2026-01-01%20-%202026-05-01&id=1&court_cat=3&bb=1

Тойм бэлтгэсэн:  Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн