Монголын Хуульчдын холбооноос зохион байгуулагдсан Хуульчийн сонгон шалгаруулалтад Говьсүмбэр аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн туслах Э.Бат-Оргил амжилттай оролцон тэнцэж, Хуульчдын холбоонд гишүүнээр элссэн юм.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Хуульч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор Хуульчдын холбоонд тангараг өргөнө” гэж заасныг үндэслэн хуульч Э.Бат-Оргилыг тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг Шүүхийн Тамгын газраас 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхийн ёслолын танхимд зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд Говьсүмбэр аймаг дахь шүүхүүдийн Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн захиргааны болон үйлчилгээний ажилтнууд оролцож, тангараг өргөж буй хуульчид баяр хүргэн, Монголын Хуульчдын холбооноос ирүүлсэн энгэрийн тэмдэг, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ болон хамт олны дурсгалын зүйл гардуулан өгч, амжилт хүсэн, хүндэтгэл үзүүллээ.