Нэгдсэн портал cистем

Баннер

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

Баннер

Эвлэрүүлэн зуучлалын хууль

Баннер

Хуулийн нэгдсэн сан

Баннер

Иргэдэд зориулсан мэдээлэл

Сургалт, судалгаа

Зөвлөмж

Баннер
Эрхэм хэрэглэгч Та манай сайтыг алдаагүй зөв үзье гэвэл Mozilla Firefox тохиромжтой. Хэрвээ татаж авах бол дээрх зурган дээр дарна уу.

Цаг агаар

Хэрэглэгчийн булан



Валютын ханш




Иргэний хэргийн хөдөлгөөний стандарт PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 6-р сарын 10, Пүрэв гариг, 07:03

 

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Журмын зорилт

1.1.1. Энэ журмын зорилт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд /цаашид “ИХШХШТХууль” гэх/ заасны дагуу шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авах, шүүх хуралдаанд бэлтгэх, шүүх хуралдааныг явуулах, хэргийг хянан шийдвэрлэсний дараа хийгдэх ажиллагааг шүүгч, ажилтнууд ямар хугацаанд, хэрхэн гүйцэтгэх тухай нэгдсэн стандартыг тогтоож, уг ажиллагаанд тавих хяналтыг зохион байгуулахад оршино.

1.2. Иргэний хэргийн хөдөлгөөний стандартын тухай хууль тогтоомж

1.2.1. Уг журам нь Шүүхийн тухай хууль, ИХШХШТХууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

1.2.2. Шүүгч иргэний хэргийн хөдөлгөөнийг манлайлан удирдана.

Хоёр. Нэхэмжлэл хүлээн авах ажиллагаа

2.1. Нэхэмжлэл гаргах

2.1.1. Нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд түүнд нэхэмжлэгч болон түүнийг төлөөлж буй этгээд гарын үсгээ зурсан байна. Нэхэмжлэлийг факсаар болон цахим сүлжээ дэх тухайн шүүхийн шуудангийн хаягаар ирүүлж болно.

2.1.2. Нэхэмжлэлд ИХШХШТХуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан зүйлүүдийг тусгасан байна.

2.1.3. Нэхэмжлэлийг хэрэгт авагдах үндсэн хувиас гадна хариуцагчийн тоогоор хувилан шүүхэд ирүүлэх бөгөөд нэхэмжлэлийг хариуцагчийн тоогоор хувилах нь нэхэмжлэгчийн үүрэг болно.

2.1.4. Нэхэмжлэлийн үнийг ИХШХШТХуулийн 63 дугаар зүйлд зааснаар тодорхойлно.

2.1.5. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр, хэлбэрийн талаар иргэд, хуулийн этгээдэд мэдээлэл өгөх зорилгоор нэхэмжлэлийн загварууд, түүнд тавигдах шаардлага, нэхэмжлэлийн үнийг тодорхойлох журам зэрэг шаардлагатай мэдээллүүдийг “Шүүхийн мэдээллийн самбар”-т байрлуулж, дээрх мэдээллийг агуулсан гарын авлагыг шүүхийн мэдээлэл, лавлагааны албанд хангалттай тоогоор байлгана.

2.1.6. Нэхэмжлэлийн загваруудыг ИХШХШТХуулийн 12 дугаар зүйлд заасан нэхэмжлэл, хүсэлт, гомдол, түүнчлэн шүүхээр хянан шийдвэрлэгддэг хэргийн төрөл бүрээр бэлтгэсэн байна.

2.1.7.Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тэдгээрийг нотлох баримтыг нэхэмжлэлд тодорхой дурдсан байхад нотлох баримтыг заавал хавсаргахыг шүүх шаардахгүй бөгөөд нэхэмжлэлд тусгагдсан нотлох баримтыг хавсаргаагүй нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүй.

2.1.8. Нотлох баримтыг хавсаргаж ирүүлсэн тохиолдолд хавсаргасан баримт бичгийн жагсаалтыг заавал гаргуулна.

2.2.Нэхэмжлэлийг хүлээн авах

2.2.1. Нэхэмжлэлийг шүүгч эсхүл шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар батлагдсан хуваарийн дагуу 7 хоногийн ажлын бүх өдрүүдэд, ажлын цагт ямар нэгэн хязгаарлалт тогтоолгүйгээр хүлээж авч, бүртгэнэ.

2.2.2. Нэхэмжлэлийг хүлээн авахдаа дараах зүйлүүдийг шалгана.

а/ Нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгаа;

б/ Нэхэмжлэгч, хариуцагчийн нэр, хаяг, утасны дугаар, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар;

в/ Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт;

г/ Нэхэмжлэлийн үнэ;

д/ Хавсаргасан баримт бичгийн жагсаалт;

е/ Улсын тэмдэгтийн хураамж төлсөн эсэх, төлөөгүй бол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх, хэмжээг нь багасгуулах, хугацааг нь хойшлуулах, хэсэгчлэн төлөх тухай хүсэлт, холбогдох нотлох баримт;

ж/ Улсын тэмдэгтийн хураамжаас хуулиар чөлөөлөгдөх бол энэ тухай баримт.

2.2.3. Нэхэмжлэлийг хүлээн авсан дарааллаар бүртгэн /бүр.¹1/, энэ тухай мэдээллийг бүртгэлийн программд бүрэн, зөв оруулна.

2.2.4. Нэхэмжлэл болон түүнд хавсаргасан баримт бичгийн хуудасны тоо, хүлээн авсан огноо, цаг, минут, бүртгэлийн дугаарыг Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс баталсан журмын дагуу нэхэмжлэлийн сүүлчийн хуудасны арын нүүрний зүүн доод буланд дардас дарж баталгаажуулна.

2.3. Нэхэмжлэлийг шүүгчид хуваарилах

2.3.1. Нэхэмжлэлийг хүлээж авсан шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь түүнийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн туслахад хүлээлгэн өгөх бөгөөд тэрээр ИХШХШТХуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу тухайн шүүхийн шүүгчийн зөвлөлгөөнөөс тогтоосон хуваариар нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримт бичгийг хэрэг хянан шийдвэрлэх шүүгчид ажлын 1 хоногийн дотор хүлээлгэн өгч, энэ тухай бүртгэлд /бүр.¹1/ тэмдэглэнэ.

2.4. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах

2.4.1. ИХШХШТХуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан үндэслэл байвал шүүгч нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гаргах бөгөөд захирамжид уг нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, эсхүл шүүх түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж өгнө.

2.4.2. Шүүгчийн туслах бүртгэлийн программд зохих тэмдэглэлийг хийж, уг захирамжийг нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримт бичгийн хамт явуулсан бичгийн бүртгэлд /бүр.¹21/ бүртгэн, уг захирамж болон нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримт бичгийг нэхэмжлэгчид хүргүүлнэ.

2.4.3. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжид ИХШХШТХуулийн 170 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу гомдол гаргах боломжтойг захирамжид тусгана.

2.5. Иргэний хэрэг үүсгэх

2.5.1. Нэхэмжлэлийг хүлээн авсан шүүгч ИХШХШТХуулийн 65 дугаар зүйлийн 65.1.-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж /бар.¹1/ гаргана.

Уг захирамж гарсны дараа тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс баталсан журмын дагуу хэргийг индексжүүлж, бүртгэлийн программд мэдээллийг бүрэн, зөв оруулна.

2.5.2.Нэхэмжлэгчийн хүсэлтээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх, түүний хэмжээг багасгах, хэсэгчлэн төлүүлэх болон хойшлуулах тухай асуудлыг шүүгч хэрэг үүсгэх тухай захирамжаар хамт шийдвэрлэнэ.

2.5.3.Шүүгчийн туслах хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжийн хувийг хариуцагчийг шүүхэд дуудсан мэдэгдэх хуудсын /бар.¹3/ хамт хүргүүлнэ.

Гурав. Хэрэг үүсгэсний дараах ажиллагаа

3.1. Хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагаа

3.1.1. Шүүгч, шүүгчийн туслах нь хаана, хэзээ хүрэлцэн ирж, нэхэмжлэлийн хувийг гардан авахыг телефон утас /бар. ¹4/ болон мэдэгдэх хуудсаар /бар. ¹3/ хариуцагчид мэдэгдэж, энэ тухай баримтыг хэрэгт хавсаргана.

3.1.2. Мэдэгдэх хуудсыг шүүгч, шүүгчийн туслах бичсэн өдөртөө шүүхийн бичиг хүргэгчид хүлээлгэн өгч энэ тухай бүртгэлд /бүр. ¹23/ тэмдэглүүлнэ.

3.1.3. Хэрэг үүсгэсэн шүүгч нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах, зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж, нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгч, энэ тухай баримтыг /бар.¹6/ хэрэгт хавсаргана.

3.1.4. Энэ журмын 3.1.3.-т заасан баримтыг зохих ёсоор эсхүл огт үйлдээгүй тохиолдолд хэргийн оролцогчид эрх, үүргийг нь тайлбарлаж өгөөгүйд тооцно.

3.1.5. Хэргийн оролцогчоос хүсэлт гаргасан бөгөөд түүнийг шүүгч шаардлагатай гэж үзвэл ИХШХШТХуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан ажиллагааг явуулна.

3.1.6. Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн ИХШХШТХуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай захирамжийг гаргасан тохиолдолд шүүгчийн туслах түүнийг Шийдвэр гүйцэтгэх албанд нэн даруй хүргүүлж, энэ тухай албан бичгийн хувийг хэрэгт хавсаргана.

3.2. Нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах

3.2.1. Нэхэмжлэлийг хариуцагчид хэрэг үүсгэсэн өдрөөс хойш нийслэлд 7 хоногийн, орон нутагт 14 хоногийн дотор тус тус гардуулна.

3.2.2. Нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэйг шүүгчийн туслах хариуцагчид танилцуулж, энэ тухай баримтыг /бар.¹5/ хэрэгт хавсаргана.

3.2.3. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч ИХШХШТХуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн мөн хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авсан боловч шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож ИХШХШТХуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхийг шүүгчийн туслах хариуцагчид танилцуулж, энэ тухай баримтыг /бар.¹5/ хэрэгт хавсаргана.

3.2.4. ИХШХШТХуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т заасан үр дагавар гарахыг шүүгчийн туслах хариуцагчид нэхэмжлэл, мэдэгдэх хуудсыг гардуулах үед мэдэгдэн, түүний эрх, үүргийг тайлбарлаж, энэ тухай баримтыг /бар.¹5/ хэрэгт хавсаргана.

3.3. Сөрөг нэхэмжлэл хүлээн авах

3.3.1. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг хүлээн авсны дараа үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй.

3.3.2. Сөрөг нэхэмжлэл ИХШХШТХуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

3.3.3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт хянан шийдвэрлэнэ.

3.3.4.Сөрөг нэхэмжлэл үндсэн нэхэмжлэлтэй тооцогдохооргүй, мөн ИХШХШТХуулийн 65 дугаар зүйлд заасан үндэслэл байвал сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гаргана.

3.4.Хэргийн оролцогчдыг шүүхэд дуудан ирүүлэх

3.4.1. Шүүгчийн туслах нь шүүгчийн даалгаснаар хэргийн оролцогчдыг мэдэгдэх хуудас , телефон утсаар /бар. ¹3, ¹4/ шүүхэд дуудан ирүүлнэ.

3.4.2. Шүүгчийн туслах мэдэгдэх хуудсыг бичсэн өдөрт нь шүүхийн бичиг хүргэгчид хүлээлгэн өгч, энэ тухай бүртгэлд /бүр.¹23/ тэмдэглүүлнэ.

3.4.3. Бичиг хүргэгч мэдэгдэх хуудсыг хүлээн авснаас хойш хэргийн оролцогчдод 3 хоногийн дотор ИХШХШТХуулийн 77 дугаар зүйлийн 77.2-77.9-д заасан журмын дагуу хүргэх бөгөөд хүлээн авсан хүний гарын үсэг зурсан тасалбарыг шүүгчийн туслахад өгч, энэ тухай бүртгэлд /бүр.¹23/ тэмдэглэнэ.

3.4.4. Шүүгчийн туслах нь шүүгчийн даалгаснаар ИХШХШТХуулийн 77 дугаар зүйлийн 77.1.-д зааснаар хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаан хэзээ, хаана болох тухай шүүхийн мэдэгдэх хуудсыг /бар.¹9/ зохигчид, гуравдагч этгээд болон бусад оролцогчид хүргүүлж, үндсэн хувийг хэрэгт хавсаргана. Уг мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд энэ журмын 3.4.2., 3.4.3.-т заасныг баримтлана.

3.5. Хэргийн оролцогчдод эрх, үүргийг тайлбарлах

3.5.1. Шүүгч, шүүгчийн туслах хэрэг үүсгэснээс хойш нэн даруй хэргийн оролцогчдод эрх, үүргийг нь тайлбарлан өгч, энэ тухай баримтыг /бар.¹6/ хэрэгт хавсаргана.

3.6. Нотлох баримт бүрдүүлэх

3.6.1. Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.

3.6.2. Шүүх хэргийн оролцогчийн аль нэг талын хүсэлтээр эсрэг талаас нотлох баримтыг албадан гаргуулж болно.

3.6.3. Энэ журмын 3.6.1.-д заасан хэргийн оролцогчийн хүсэлт үндэслэлгүй, тухайн нотлох баримт хэрэгт ач холбогдолгүй, шаардлагагүй бол шүүгч хүсэлтийг хангахаас татгалзах тухай захирамж гаргана.

3.6.4. Нотлох баримтыг шүүхээр бүрдүүлүүлэх тухай хүсэлтийг хангах, эсхүл хангахаас татгалзах захирамж гаргаагүй тохиолдолд хэргийн оролцогчийн хүсэлтийг шийдвэрлээгүй гэж тооцогдох бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

3.7. Шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол гаргах

3.7.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэгдэж буй бүхий л асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана.

3.7.2. Тухайн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхтэй эсэхийг тэдгээрт заавал тусгана.

3.7.3. Шүүгчийн туслах шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол бүрийн талаар хэргийн оролцогчдод энэ журамд заасны дагуу тухай бүрд мэдэгдэх буюу гардуулж, энэ тухай баримтыг /бар.¹8/ хэрэгт хавсаргана.

3.7.4. Шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд ИХШХШТХуулийн 170 дугаар зүйлд зааснаар гомдол гаргасан тохиолдолд шүүх мөн хуулийн 171 дүгээр зүйлд заасан журмын дагуу хянан шийдвэрлэнэ.

3.8. Гуравдагч этгээдийг татан оролцуулах

3.8.1. Маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно.

3.8.2.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд зохигчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

3.8.3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шаардлагаа шүүхэд гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй болох бөгөөд энэ шаардлагын дагуу иргэний хэрэг үүсгэхгүй.

3.8.4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болсон үйл баримтыг шүүгчийн захирамжаар баталгаажуулж болох бөгөөд түүнийг татан оролцуулах ажиллагаа явагдахгүй.

3.8.5. Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт муугаар нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно.

3.8.6. Шүүгч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай захирамж гаргах бөгөөд уг захирамжийг гаргаснаас хойш 3 хоногийн дотор шүүгчийн туслах гуравдагч этгээдэд танилцуулж, энэ журмын 3.5.1-д заасан ажиллагааг хийнэ.

3.8.7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэл ба нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээс татгалзах, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, эвлэрэхээс бусад зохигчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.

3.9. Нэхэмжлэлийн хэд хэдэн шаардлагыг нэгтгэх, тусгаарлах

3.9.1. Хэргийг шуурхай, зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзвэл шүүгч ИХШХШТХуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэл болон хэргийг нэгтгэх, тусгаарлах захирамж гаргана.

3.9.2. Шүүгчийн туслах уг захирамжийн талаар хэргийн оролцогчдод 3 хоногийн дотор мэдэгдэж, хэргийн индексийг Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс баталсан журамд заасны дагуу өөрчилж, бүртгэлийн программд өөрчлөлт оруулна.

3.9.3.Тусгаарласан нэхэмжлэлийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс тогтоосны дагуу шүүгчид хуваарилна.

3.10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээх

3.10.1. Шүүх ИХШХШТХуулийн 80 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ. Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц өөрийн санаачилгаар буюу хэргийн оролцогчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай захирамж гаргана.

3.10.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн буюу сэргээсэн захирамжийг гармагц шүүгчийн туслах бүртгэлийн программд энэ талаарх мэдээлийг оруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг зогсоох буюу сэргээнэ.

3.11. Хэргийн оролцогчдыг албадан ирүүлэх

3.11.1. Шүүгч ИХШХШТХуулийн 77 дугаар зүйлийн 77.9-д заасны дагуу хэргийн оролцогчдыг албадан ирүүлэх захирамж гаргана.

3.11.2. Хэргийн оролцогчийг албадан ирүүлэх тухай захирамжийг шүүгчийн туслах гарсан өдөрт нь шүүхийн хуягт хүлээлгэн өгч, энэ тухай бүртгэлд /бүр.¹8/ тэмдэглүүлнэ.

3.11.3. Шүүхийн хуяг уг захирамжийн дагуу тухайн этгээдийг 3 хоногийн дотор шүүхэд албадан ирүүлнэ.

3.12. Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх

3.12.1. ИХШХШТХуулийн 74 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, нэхэмжлэгч хариуцагч эвлэрсэн, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл сайн дураар биелүүлсэн бол энэ үйл явдлыг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж гаргана.

3.12.2. Шүүгчийн туслах уг захирамж, тогтоолыг 7 хоногийн дотор хэргийн оролцогчдод гардуулж, энэ тухай баримтыг /бар.¹ 8/ хэрэгт хавсаргана.

3.13. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунгах

3.13.1. Шүүгчдийн зөвлөлгөөний тогтоолоор /бүр.¹22/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунгасан тохиолдолд шүүгчийн туслах энэ талаарх мэдээллийг бүртгэлийн программд оруулж, хугацааг сунгах бөгөөд тухайн тогтоолыг хэрэгт хавсаргана.

3.14.Шүүх бүрэлдэхүүн томилох

3.14.1. Шүүгчдийн зөвлөлгөөний тогтоолоор баталсан журмын дагуу шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг тус тус томилно.

Дөрөв. Шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа

4.1. Шүүх хуралдааныг товлон зарлах

4.1.1. Шүүгч шүүх хуралдааныг товлохдоо түүнд оролцогчийн саналыг авсан байна.

4.1.2. Шүүгч ИХШХШТХуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д заасны дагуу шүүх хуралдааныг товлон зарлах тухай захирамж гаргамагц шүүгчийн туслах шүүх хуралдааны товыг шүүхийн мэдээлэл, лавлагааны албаны ажилтанд мэдэгдэж, “Шүүхийн мэдээллийн самбар”-т болон цахим сүлжээнд тухайн өдөрт нь байрлуулна.

4.2.Товыг оролцогчдод мэдэгдэх

4.2.1. Шүүх хуралдааныг товлон зарласны дараа шүүгчийн туслах шүүх хуралдаан болохоос 7-оос доошгүй хоногийн өмнө хэргийн оролцогчдод энэ тухай уг журмын 3.4.4.-т заасны дагуу мэдэгдэнэ.

4.2.2. Шүүгчийн туслах шүүх хуралдаанд оролцох шүүх бүрэлдэхүүн болон гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хуралдааны товыг 7-оос доошгүй хоногийн өмнө мэдэгдэж, энэ тухай баримтыг /бар.¹3/ хэрэгт хавсаргана.

4.2.3. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хэргийн оролцогч хэргийн материалтай танилцсан тохиолдолд энэ тухай баримтыг /бар.¹7/ хэрэгт хавсаргана.

4.3. Шүүх хуралдааны бэлтгэлийг хангах

4.3.1.Шүүх хуралдааныг товлосон цагт нь хийх, хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд бүрэн оролцуулах асуудлыг шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хариуцна.

4.3.2. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдаан эхлэхээс өмнө хуралдаанд оролцогчдын ирцийг бүртгэж, итгэмжлэл, өмгөөлөгчийн үнэмлэх зэрэг холбогдох баримт бичгийг шалгаж, шүүх хуралдаан даргалагчид танилцуулна.

4.3.3. Шүүх хуралдааныг зориулалтын танхимд явуулна.

4.4. Хуралдаанд оролцогчдын хүсэлтийг шийдвэрлэх

4.4.1. Шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчдоос хүсэлт гаргавал шүүгч, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орж, уг хүсэлтийг хүлээн авах эсэхийг хянан хэлэлцэж, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол гаргана.

4.4.2. Шүүгч, шүүх бүрэлдэхүүн энэ журмын 4.4.1-д заасны дагуу гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолын үндэслэл, агуулгыг танилцуулж, уг захирамж, тогтоолд гомдол гаргах эрхтэй эсэхийг тайлбарлан өгнө.

4.4.3. Хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд хэргийн оролцогчдоос гомдол гаргах эрхтэй бол шүүх хуралдааныг хойшлуулах захирамж, тогтоолыг заавал бичгээр гаргана.

4.4.4. Хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд хэргийн оролцогчдоос гомдол гаргаагүй бол шүүх хуралдааныг үргэлжлүүлнэ.

4.5. Тэмдэглэл хөтлөх

4.5.1. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хуралдааны тэмдэглэлийг бүртгэлийн программ дээр шууд бичиж, энэ программаас шийдвэр, захирамж, тогтоолын дугаарыг авна.

4.5.2. Тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах бүртгэлийн программ дахь шийдвэр, захирамж, тогтоолын дугаарыг үндэслэн тухайн өдөрт нь бичмэл бүртгэл /бүр. ¹3,¹4,¹5/ хөтлөнө.

4.5.3. Хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ИХШХШТХуулийн 96 дугаар зүйлд заасан журмын дагуу бичиж, баталгаажуулна.

4.5.4. Тэмдэглэлийн хуудас бүр дээр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

4.5.5. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэлийг хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор бэлэн болгож, шүүх хуралдаан даргалагчид танилцуулж, гарын үсэг зуруулна.

4.5.6. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэлтэй танилцахыг хүссэн хэргийн оролцогчид тэмдэглэлийг танилцуулах бөгөөд энэ тухайн тэмдэглэлд тусгаж, гарын үсэг зуруулна.

4.5.7. Тэмдэглэлд засвар оруулах асуудлыг ИХШХШТХуулийн 96 дугаар зүйлийн 96.3.-т заасны дагуу шийдвэрлэх бөгөөд мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.6.-д заасан журам шүүх хуралдааны тэмдэглэлд хамааралгүй болно.

4.5.8. Шүүх хуралдаанд оролцож буй гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид эрх, үүргийг тайлбарлан өгсөн талаар шүүх хуралдааны тэмдэглэлд зааж, энэ тухай баримтыг /бар.¹10/ хэрэгт хавсаргана.

4.6. Иргэдийн төлөөлөгч дүгнэлт гаргах

4.6.1. Шүүх хуралдаанд оролцож буй иргэдийн төлөөлөгч дүгнэлтээ ИХШХШТХуулийн 113 дугаар зүйлд зааснаар гаргах бөгөөд түүний бичгээр гаргасан дүгнэлтийг хэрэгт заавал хавсаргана.

4.6.2. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтээ шүүх хуралдаанд уншиж сонсгосныг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгана.

4.7. Шүүхийн шийдвэрийг бүртгэлийн программд оруулах

4.7.1.Шүүгчийн туслах бүртгэлийн программд тухайн хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх товч мэдээллийг шийдвэр гарсан өдөрт нь оруулна.

4.7.2. Шүүгчийн туслах шүүхийн шийдвэр ёсчлогдсон өдөр шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь бүртгэлийн программд оруулна.

4.7.3. Шүүгчийн туслах бүртгэлийн программд хэргийн талаарх бүхий л мэдээллийг бүрэн, зөв, хугацаанд нь оруулсан эсэхийг шүүгч хянана.

4.7.4. Бүртгэлийн программын найдвартай, аюулгүй ажиллагааг тухайн шүүхийн тамгын хэлтэс, албаны дарга хариуцах бөгөөд гэмтэл гарсан тохиолдолд нэн даруй Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс тогтоосон журмын дагуу засварлах ажлыг зохион байгуулна.

4.8. Шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол

4.8.1. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж ИХШХШТХуулийн 115, 116 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, хэргийг хэрэгсэхгүй болгохтой холбогдуулан шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана.

4.8.2. ИХШХШТХуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг шүүгч, шүүгчийн туслах 3 хоногийн дотор боловсруулан, ёсчилно.

4.8.3. Нэхэмжлэгч шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолоор буцаасан нэхэмжлэлийг өөрийн бүрдүүлсэн нотлох баримтын хамт буцааж авахыг хүсвэл түүний хүсэлтийг бичгээр авч, нэхэмжлэлийн хуулбарыг зөвхөн өөрийнх нь бүрдүүлж хэрэгт хавсаргасан нотлох баримтын хамт буцаан өгч, энэ тухай бүртгэл /бүр.¹2/ хөтөлнө.

4.8.4. Энэ журмын 4.8.3-т заасан ажиллагааг гүйцэтгэсний дараа шүүгчийн туслах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч, гуравдагч этгээдээс болон шүүхээс цуглуулсан, түүнчлэн шүүхээс гүйцэтгэсэн ажиллагааны баримтууд, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудыг эмхэтгэн үдэж, архивт шилжүүлж, бүртгэл /бүр.¹2/ хөтлөнө.

4.8.5. Шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд заасан шаардлагыг нэхэмжлэгч биелүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан тохиолдолд холбогдох нотлох баримтыг архивт шилжүүлсэн баримтаас авч хэрэгт хавсаргаж болно.

4.8.6. Энэ журмын 4.8.5-д зааснаар архиваас баримт авсан тохиолдолд хэдэн хуудас, ямар баримтыг хэрэгт хавсаргасныг шүүгчийн туслах бүртгэлд /бүр.¹2/ тэмдэглэнэ.

Тав. Хэргийг анхан шатны журмаар хянан

шийдвэрлэсний дараах ажиллагаа

5.1. Шийдвэр, захирамж, тогтоолыг гардуулах

5.1.1. ИХШХШТХуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

5.1.2. Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг ИХШХШТХуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна.

5.1.3. Шүүх хуралдаанд оролцсон зохигч ИХШХШТХуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд шүүгчийн туслах энэ тухай баримт /бар.¹11/ үйлдэж, хэрэгт хавсаргана.

5.1.4. Хэргийг зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн бол шүүгчийн туслах шийдвэрийг ИХШХШТХуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасан хугацаанд зохигчдод гардуулж, энэ тухай баримт /бар.¹11/ үйлдэж, хэрэгт хавсаргана.

5.1.5. Энэ журмын 5.1.4-т заасны дагуу шийдвэрийг гардуулах боломжгүй, эсхүл ИХШХШТХуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж, энэ тухай баримтыг /бар.¹11/ хэрэгт хавсаргана.

5.1.6. ИХШХШТХуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд шүүхийн шийдвэрийг хүргүүлэхдээ мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д заасан журмыг баримтлаж болно.

5.1.7. Шүүгчийн туслах шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг гарсан өдрөөс хойш 3 хоногийн дотор хэргийн оролцогчдод гардуулж, энэ тухай баримтыг /бар.¹8/ хэрэгт хавсаргана.

5.1.8. Шүүгчийн туслах телефон утас болон шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг гардан авах талаар хэргийн оролцогчдод мэдэгдсэн боловч ирээгүй бол албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллагад албан бичгээр, иргэдэд тэдгээрийн нэхэмжлэлд бичсэн буюу шүүх хуралдаанд оролцохдоо мэдүүлсэн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баримтыг /бар.¹8/ хэрэгт хавсаргана.

5.2 Хэргийг эмхэтгэх

5.2.1. Шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчдод гардуулсан буюу хүргүүлсэнээс хойш 7 хоногийн дотор шүүгчийн туслах холбогдох баримтыг бүрэн оруулж, хэргийг эмхэтгэн, хуудас бүрийг дугаарлаж, шүүгчид танилцуулах бөгөөд энэ тухай баримтыг /бар.¹13/ хэрэгт хавсаргана.

5.2.2. Шүүгчийн туслах хэргийн хавтасны нүүр, товъёогийг бүрэн, зөв хөтөлнө.

5.2.3. Хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг дарааллаар нь, нотлох баримтыг давхардуулахгүйгээр эмхэтгэнэ.

5.2.4. Хэргийн онцлог, нотлох баримтын бүрдлээс хамааран доорх хувилбаруудын аль нэгийг сонгон эмхэтгэж болно.

а/ Нэхэмжлэгчийн зүгээс гаргасан нотлох баримтуудыг эхний хэсэгт, хариуцагчийн бүрдүүлсэн нотлох баримтуудыг хоёр дахь хэсэгт, шүүхээс явуулсан ажиллагааны баримтуудыг гуравдахь хэсэгт;

б/ Нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээс хойш хийгдсэн ажиллагаа болон хэргийн оролцогчдоос гаргасан нотлох баримтыг шүүхэд гаргасан он, сар, өдрийн дарааллаар.

5.2.5. Хэргийг бүрэн эмхэтгэсний дараа давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацаа дуустал шүүгчийн туслах өөр дээрээ хадгалана.

5.2.6. Шүүгчийн туслах хэрэгт авагдсан бичмэл болон бичмэл бус нотлох баримтуудыг /диск, дуу болон дүрс бичлэгийн хуурцаг г.м./ хэрэг эмхэтгэсэн баримтад ширхэг, төрлөөр нь тодорхой зааж, зориулалтын уут, хайрцагт хадгална.

5.2.7. Энэ журмын 5.2.6.-д заасан ажиллагаа хэргийг давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хүргүүлэх, түүнчлэн архивт хүлээлгэн өгөхөд нэгэн адил хамаарна.

5.3. Гомдол хүлээн авах

5.3.1. Давж заалдах болон хяналтын журмаар гаргах гомдлын хэлбэр, агуулгыг тусгасан загваруудыг холбогдох бусад мэдээллийн хамт анхан шатны шүүх бүр “Шүүхийн мэдээллийн самбар”-т байрлуулна.

5.3.2. Анхан шатны шүүхийн шийдвэр буюу хуульд гомдол гаргахаар заасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг тухайн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах хүлээн авах бөгөөд дараах шаардлагуудыг хангасан эсэхийг шалгана.

а/ Гомдол гаргагч нь тухайн хэргийн оролцогч мөн эсэх, хэрэв төлөөлөгч, өмгөөлөгч бол итгэмжлэлтэй эсэх;

б/ ИХШХШТХуулийн 162, 172 дугаар зүйлд заасан гомдолд тавигдах шаардлагыг хангасан эсэх;

в/ Гомдол гаргах хугацаа хэтэрсэн эсэх, хэрэв хугацаа хэтэрсэн бол хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт, түүнд хавсаргасан баримт нь шаардлага хангасан эсэх;

г/ Улсын тэмдэгтийн хураамж төлсөн эсэх;

д/ Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх, хэмжээг багасгах буюу хугацааг хойшлуулах, эсхүл хэсэгчлэн төлүүлэх талаар хүсэлт гаргасан эсэх.

5.3.3. Энэ журмын 5.3.2.-т заасан шаардлагуудыг хангасан гомдлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах дардас дарж, хүлээн авсан огноо, цаг, минут, хавсаргасан баримтын хуудасны тоог баталгаажуулах бөгөөд бүртгэлийн программд энэ тухай мэдээллийг оруулж, холбогдох бүртгэлийг /бүр.¹6/хөтөлнө.

5.3.4. Гомдлыг хүлээн авсан өдөрт нь тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, эсхүл түүний туслахад шилжүүлнэ.

5.3.5. Давж заалдах гомдол гаргахад ИХШХШТХуулийн 161, 162 зүйлд заасан журмыг баримтлаагүй бол шүүгч гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гаргана. Уг захирамжийг шүүгчийн туслах 1 хоногийн дотор гомдол гаргагчид мэдэгдэж, энэ тухай баримт /бар.¹8/ үйлдэн хэрэгт хавсаргана.

5.4. Гомдол гаргах хугацаа сэргээх болон улсын тэмдэгтийн хураамжийн талаарх хүсэлтийг шийдвэрлэх

5.4.1. Гомдол гаргах хугацааг сэргээх болон улсын тэмдэгтийн хураамжийн талаарх хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдлын хамт тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах хүлээн авч, дардас дарж, огноо, цаг, минутыг баталгаажуулж, тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгчид өдөрт нь шилжүүлнэ.

5.4.2. Энэ журмын 5.4.1.-д заасан хүсэлтийг шүүгч 3 хоногийн дотор шийдвэрлэн шүүгчийн захирамж гаргана.

5.4.3. Шүүгчийн туслах уг захирамжийн талаар хүсэлт гаргагчид 1 хоногийн дотор мэдэгдэнэ.

5.4.4. Хүсэлтийг хангасан шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болмогц давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдолтой хэргийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах дээд шатны шүүхэд хүргүүлж, энэ тухай бүртгэл /бүр.¹7/ хөтөлнө.

5.4.5. Хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болмогц гомдол, түүнд хавсаргасан баримтыг шүүгчийн туслах хүсэлт гаргагчид хүлээлгэн өгч, энэ тухай бүртгэл /бүр.¹2/ хөтөлнө.

5.5. Гомдлыг оролцогчдод танилцуулах

5.5.1. Шүүгчийн туслах давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авсан өдөртөө тухайн хэргийн бусад оролцогчдод гомдлын талаар телефон утас /бар.¹4/ болон мэдэгдэх хуудсаар /бар.¹3/ мэдэгдэж, тайлбар өгөх болон шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргах эрхтэйг тайлбарлаж, гомдлыг танилцуулсан тухай баримтыг /бар.¹12/ хэрэгт хавсаргана.

5.5.2. Шүүгчийн туслах уг гомдол, түүнд хавсаргасан баримт, хэргийн бусад оролцогчоос ирүүлсэн тайлбарыг хэрэгт хавсарган тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн туслахад хүлээлгэн өгнө.

5.5.3. Хэрэг хүргүүлэх талаарх тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн албан бичигт нэхэмжлэгч, хариуцагчийн нэр, шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолын огноо, дугаар, хэргийн хавтас, хуудасны тоо, хавсаргасан бичмэл болон бичмэл бус баримтыг /диск, хуурцаг г.м./ тодорхой дурьдана.

5.6. Хэргийг давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хүргүүлэх

5.6.1. Гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш Нийслэлд 3 хоногийн дотор давж заалдах болон хяналтын шатны шүүхэд, орон нутагт 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд, 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд тус тус хүргүүлнэ.

5.6.2. Хэргийг хүргүүлсний дараа ирүүлсэн тайлбарыг шүүхэд хүлээн авсан огноо, цаг, минутыг баталгаажуулан дардас дарж, тухайн өдөрт нь албан бичгээр харьяалах шүүхэд хүргүүлнэ.

5.6.3. Гомдол гаргасныг мэдсэн хэргийн оролцогч тайлбар ирүүлээгүй нь хэрэг хүргүүлэх хугацааг хэтрүүлэх үндэслэл болохгүй.

5.6.4. Хэргийг давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хүргүүлэхдээ гомдол, түүнд хавсаргасан баримт, тайлбар, түүнчлэн хэрэг хүргүүлсэн албан бичгийг хэрэгт үдэж, хуудас бүрийг дугаарласан байна.

5.7. Хянагдсан хэргийг хүлээн авах

5.7.1. Давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хянаад буцаасан хэргийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах хүлээн авч, дардас дарж, хэрэг ирсэн огноо, цаг, минутыг баталгаажуулж, бүртгэл /бүр. ¹7/ хөтөлнө.

5.7.2. Дээд шатны шүүхээс хянаад буцаасан хэргийг тухайн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн болон Ерөнхий шүүгчид заавал танилцуулна.

5.8. Магадлал, тогтоолыг гардуулах

5.8.1. Давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэрэг ирсэн өдрөөс хойш 3 хоногийн дотор шүүгчийн туслах магадлал, тогтоолыг гардаж аваагүй хэргийн оролцогчдод түүнийг гардуулах буюу хүргүүлж, энэ тухай баримтыг /бар.¹14/ хэрэгт хавсаргана.

5.9. Анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан хэргийг хуваарилах

5.9.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан тохиолдолд энэ журмын 2.3-т заасны дагуу хэргийг хуваарилан, шүүгчид өдөрт нь хүлээлгэн өгч, бүртгэл /бүр.¹1/ хөтөлнө.

5.10. Гүйцэтгэх хуудас бичих

5.10.1. Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх талаар хүсэлт гаргасан тохиолдолд түүнийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах хүлээн авч, хэргийг шийдвэрлэсэн шүүгчид өдөрт нь шилжүүлнэ.

5.10.2. Шүүгч хүсэлтийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор шийдвэрлэж, шүүгчийн захирамж гаргана.

5.10.3. Шийдвэр, магадлал, тогтоол хүчин төгөлдөр болсны дараа төлбөр авагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргасан, шийдвэрийг даруй биелүүлэх шаардлагатай гэж шүүгч үзсэн болон хуульд заасан бусад тохиолдолд шүүгч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж гаргаж, гүйцэтгэх хуудсын хамт шүүгчийн туслахад хүлээлгэн өгнө.

5.10.4. Шүүгчийн туслах гүйцэтгэх хуудсыг бүртгэлийн программд бүртгэж, холбогдох бүртгэлийг /бүр.¹9/ хөтөлнө.

5.10.5. Шүүгчийн захирамж гарснаас хойш 7 хоногийн дотор шүүхийн шийдвэр, захирамж, гүйцэтгэх хуудас болон шаардлагатай бусад баримтыг хавсарган албан бичгээр Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлнэ.

5.10.6. ИХШХШТХуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-д заасан тохиолдолд шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудсыг Шийдвэр гүйцэтгэх албанд шууд шилжүүлнэ. Шүүгчийн туслах ийнхүү шилжүүлсэн тухай төлбөр авагчид мэдэгдэж, бүртгэлийг /бүр.¹9/ хөтөлнө.

5.11. Хэргийг архивт шилжүүлэх

5.11.1. Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолд хуульд заасан гомдол гаргах хугацаа өнгөрсөн тохиолдолд шүүгчийн туслах хэргийг өөр дээрээ хадгалж байгаад дараа оны 1 дүгээр сард багтаан архивт шилжүүлж, бүртгэл /бүр.10/ хөтөлнө.

5.12. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэрийг хянуулах

5.12.1. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг тухайн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах хүлээн авахдаа дараах шаардлагуудыг хангасан эсэхийг шалгана.

а/ Хүсэлт гаргагч нь тухайн хэргийн оролцогч мөн эсэх;

б/ Ямар шүүхийн шийдвэрийг хянуулахыг хүсэж байгаа;

в/ Шинэ нөхцөл байдал илэрсэн үндэслэлийн талаар хүсэлтэд тусгасан эсэх ;

г/ Гомдол гаргагчийн гарын үсэг байгаа эсэх;

д/ Шинэ нөхцөл байдлыг нотолсон баримтууд нь шаардлага хангасан эсэх.

5.12.2. Шаардлага хангасан хүсэлтийг тухайн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах дардас дарж, хүлээн авсан огноо, цаг, минутыг баталгаалжуулж, холбогдох бүртгэлийг /бүр.¹1/ хөтөлнө.

5.12.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтийг ИХШХШТХуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасан журмыг зөрчихгүйгээр шүүгчдийн зөвлөлгөөнөөс тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилж, хэргийн хамт шилжүүлнэ.

5.12.4. Дээд шатны шүүхийн магадлал, тогтоолыг хянуулах хүсэлтийг хэрэгт хавсарган, энэ журмын 5.5.-5.6-д заасны дагуу харьяалах шүүхэд хүргүүлнэ.

5.12.5. Дээд шатны шүүхээс хянаад буцаасан хэргийг энэ журмын 5.7-д заасны дагуу хүлээн авч, бүртгэл /бүр.¹7/ хөтөлнө.

Зургаа. Давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа

6.1.Давж заалдах шатны шүүхэд хэрэг хүлээн авах

6.1.1. Анхан шатны шүүхээс давж заалдах болон шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах журмаар ирүүлсэн хэргийг давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах хүлээн авч, холбогдох бүртгэл /бүр. ¹11/ хөтлөн, хэрэг ирсэн огноо, цаг минутыг баталгаажуулан дардас дарна.

6.1.2. Давж заалдах гомдол гаргахад ИХШХТХуулийн 161, 162 дугаар зүйлд заасан журмыг баримтлаагүй болох нь хэргийг давж заалдах шатны шүүх хүлээн авснаас хойш илэрвэл шүүгч гомдлыг хэлэлцэхээс татгалзах тухай захирамж гаргаж, хэргийг анхан шатны шүүхэд буцаан хүргүүлнэ.

6.2.Шүүгчид хэрэг хуваарилах

6.2.1. Тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах хэргийг хүлээн авснаас хойш 1 хоногийн дотор шүүгчдийн зөвлөлгөөнөөс тогтоосон журмын дагуу хэргийг хуваарилах бөгөөд ийнхүү хувиарлахдаа Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6, ИХШХШТХуулийн 84 дүгээр зүйлд тус тус заасан нөхцөл байдал байгаа эсэхийг шалгана.

6.2.2. Хэргийг хүлээн авсны дараа Ерөнхий шүүгчийн туслах тухайн хэргийн индексээр бүртгэлийн программд орж, хэргийг давж заалдах шатны шүүх хүлээж авсан талаарх мэдээллийг бүрэн, зөв оруулна.

6.2.3. Хэргийг хуваарилагдсан шүүгчид шилжүүлэхдээ хэргийн хавтас, хуудасны тоо, хавсарган ирүүлсэн бусад баримт, эд зүйлсийг нэг бүрчлэн хүлээлгэн өгч, энэ тухай бүртгэл /бүр. ¹11/ хөтөлнө.

6.2.4. Хэргийг хүлээн авсан шүүгч 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүх хуралдаанд илтгэнэ.

6.2.5. Шүүгч хүлээн авсан хэргийг дур мэдэн бусад шүүгчид шилжүүлэх болон хэргийг хоорондоо сольж болохгүй бөгөөд ИХШХШТХуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 91 дүгээр зүйлд тус тус заасан татгалзан гарах үндэслэл тогтоогдвол Ерөнхий шүүгчид энэ тухай танилцуулан, түүний туслахад хэргийг буцааж өгнө.

6.2.6. Шүүгч татгалзан гарсан хэргийг Ерөнхий шүүгчийн туслах энэ журмын 6.2.1, 6.2.3-т заасны дагуу өөр шүүгчид хуваарилна.

6.3. Шүүх хуралдааны бэлтгэл хангах

6.3.1. Хэрэг хүлээн авсан шүүгчийн туслах тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай бүхий л зүйлээр шүүгчид тусална.

6.3.2. Шүүх хуралдаанд хэргийн талаар илтгэх магадлалын төслийг хэргийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор шүүгчийн туслах бэлтгэн, шүүгчид хэргийн хамт танилцуулж, холбогдох хууль тогтоомжийг түүвэрлэн өгнө.

6.3.3. Шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг шүүх бүрэлдэхүүний тоогоор олшруулж, шүүх хуралдааныг зохион байгуулах шүүгчийн туслахад хуралдааныг зарлахаас 3 хоногийн өмнө өгнө.

6.3.4. Хэргийн оролцогчид шүүх хуралдаанд оролцож байгаа бол шүүгчийн туслах тэмдэглэл хөтлөх бөгөөд хуралдаан дууссанаас хойш 3 хоногийн дотор хуралдааны тэмдэглэлийг бэлэн болгож ёсчлуулан, хэрэгт хавсаргана.

6.4. Давж заалдах гомдлоос татгалзах

6.4.1. Давж заалдах гомдол гаргасан этгээд давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө гомдлоосоо татгалзвал шүүх түүнийг гомдол гаргаагүйд тооцож, улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох тухай шүүгч захирамж гаргана.

6.4.2. Шүүгчийн туслах уг захирамжийг 3 хоногийн дотор гомдол гаргаагүй талуудад мэдэгдэн, хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлнэ.

6.5.Шүүх хуралдааны зарыг мэдэгдэх

6.5.1. Шүүх хуралдааны зарыг шүүх хуралдаан зохион байгуулах шүүгчийн туслах хуралдаан болохоос 7 хоногийн өмнө гаргаж шүүхийн мэдээлэл, лавлагааны албаны ажилтанд мэдэгдэж, “Шүүхийн мэдээлэлийн самбар”-т болон цахим сүлжээнд байрлуулна.

6.5.2. Шүүгчийн туслах давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохоор хүсэлт гаргасан хэргийн оролцогчдод шүүх хуралдааны зар гармагц хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэж, энэ тухай баримтыг /бар.¹4,¹ 9/ хэрэгт хавсаргана.

6.6. Шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааныг явуулах

6.6.1. Давж заалдах журмаар хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгчдийн зөвлөлгөөнөөс томилсон шүүгч даргалан явуулна.

6.7. Давж заалдах шатны шүүхийн магадлал, түүнийг хүргүүлэх

6.7.1. Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх магадлал гаргана.

6.7.2.Хэргийг илтгэсэн шүүгч магадлал хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна.

6.7.3. Магадлалыг ёсчлогдсоноос хойш 7 хоногийн дотор шүүгчийн туслах зохигчдод гардуулан өгөх буюу хүргүүлж, энэ тухай баримтыг /бар.¹14/ хэрэгт хавсаргана.

6.8. Хэргийг анхан шатны шүүхэд буцаах

6.8.1. Шүүгчийн туслах давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэргийн оролцогчдод гардуулан өгсөн буюу хүргүүлснээс хойш 3 хоногийн дотор хэргийг үдэж эмхэтгэн, хэрэг хянан шийдвэрлэсэн тухай мэдээллийг бүртгэлийн программд бүрэн, зөв оруулж, хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлнэ.

6.8.2. Хэрэг хүргүүлэх тухай албан бичигт нэхэмжлэгч, хариуцагчийн нэр, шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолын огноо, дугаар, хэргийн хавтас, хуудасны тоо, хавсаргасан баримт /диск, хуурцаг г.м./ зэргийг дурдана.

Долоо. Хяналтын шатны шүүхийн ажиллагаа

7.1. Хяналтын шатны шүүхэд хэрэг хүлээн авах

7.1.1. Хяналтын журмаар гаргасан гомдолтой болон шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулахыг хүссэн хэргийг Улсын дээд шүүхийн бичиг хэрэг, өргөдөл, гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагч хүлээн авч, хэрэг Улсын дээд шүүхэд ирсэн огноо, цаг, минутыг баталгаажуулан дардас дарж, Иргэний хэргийн Танхимын тэргүүний туслахад бүртгэлээр /бүр. ¹15/ шилжүүлнэ.

7.1.2. Иргэний хэргийн Танхимын тэргүүний туслах хэргийг хүлээн авч, танхимын дардас дарж хэрэг ирсэн огноо, цаг, минутыг баталгаажуулна. Мөн тэрээр хэргийг ИХШХШТХуулийн 172, 173 дугаар зүйлд тус тус заасан журмын дагуу ирүүлсэн эсэхийг шалган, хуульд заасан журмыг зөрчиж ирүүлсэн бол энэ тухай Танхимын тэргүүнд танилцуулна.

7.1.3. Хэргийг анхан шатны шүүхэд буцаах эсэх асуудлыг шүүгчийн захирамжаар шийдвэрлэнэ.

7.1.4. Хэргийг хүлээн авсны дараа Танхимын тэргүүний туслах тухайн хэргийн индексээр бүртгэлийн программд орж, хэргийг хяналтын шатны шүүх хүлээж авсан талаарх мэдээллийг бүрэн, зөв оруулна.

7.2.Хэргийг шүүгчид хуваарилах

7.2.1. Иргэний хэргийн Танхимын тэргүүний туслах хэргийг Улсын дээд шүүх хүлээн авсан огноо, цаг, минутыг үндэслэн, хяналтын шатны иргэний хэргийн бүртгэлд /бүр.¹16/ болон бүртгэлийн программд бүртгэж, Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс тогтоосон журмын дагуу хуваарилж, бүртгэл /бүр. ¹16/ хөтөлнө.

7.2.2. Хэргийг хуваарилагдсан шүүгчид шилжүүлэхдээ хэргийн хавтас, хуудасны тоо, хавсарган ирүүлсэн бусад баримтуудыг нэг бүрчлэн хүлээлгэн өгч, энэ тухай бүртгэлд /бүр.16/ тэмдэглэнэ.

7.2.3. Хэргийг хуваарилахдаа Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6, ИХШХШТХуулийн 84 дүгээр зүйлд тус тус заасан нөхцөл байдал байгаа эсэхийг шалгана.

7.2.4. Улсын дээд шүүхэд хэрэг ирсэн огноо, ИХШХШТХуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д заасан 30 хоногийг тоолох, хэргийг шүүгчид тойргийн журмаар хуваарилах үндэслэл болно.

7.2.5. Шүүгч хүлээж авсан хэргийг дур мэдэн бусад шүүгчид шилжүүлэх болон хэргийг хоорондоо сольж болохгүй бөгөөд ИХШХШТХуулийн 84 дүгээр зүйлийн 84.1., 84.2., 91 дүгээр зүйлд тус тус заасан татгалзан гарах үндэслэл тогтоогдвол Танхимын тэргүүнд энэ тухай танилцуулан, түүний туслахад хэргийг буцаан өгнө.

7.2.6. Шүүгч татгалзан гарсан хэргийг Танхимын тэргүүний туслах энэ журмын 7.2.1-7.2.2-т заасны дагуу өөр шүүгчид хуваарилна.

7.3.Хэрэг хянан шийдвэрлэх хугацаа

7.3.1.Хэргийг хүлээн авсан шүүгч 30 хоногийн дотор хяналтын шатны шүүх хуралдаанд илтгэнэ.

7.4. Шүүх хуралдааны бэлтгэл хангах

7.4.1.Хяналтын шатны шүүх хуралдааны зохион байгуулалтыг танхимын шүүгчийн туслахууд 7 хоногоор ээлжлэн хариуцах бөгөөд шүүх хуралдааны зарыг энэ журмын 6.5.1.-д заасны дагуу нийтэд мэдэгдэнэ. Хэргийн оролцогчид хяналтын шатны шүүх хуралдаанд оролцохыг хүсвэл шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг тэдгээрт мэдэгдэж, энэ тухай баримтыг /бар.¹4, ¹9/ хэрэгт хавсаргана.

7.4.2. Шүүгчийн туслах хэргийн талаар илтгэх тогтоолын төслийг хэргийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор бэлтгэн, шүүгчид хэргийн хамт танилцуулж, холбогдох хууль тогтоомжийг түүвэрлэн өгнө.

7.4.3. Шүүгчийн туслах шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг шүүх бүрэлдэхүүний тоогоор олшруулж, шүүх хуралдааныг зохион байгуулах шүүгчийн туслахад хуралдааныг зарлахаас 3 хоногийн өмнө өгнө.

7.4.4.Шүүх хуралдааныг зохион байгуулж байгаа шүүгчийн туслах хэргийн оролцогчид шүүх хуралдаанд оролцож байгаа бол тэмдэглэл хөтлөх бөгөөд хуралдаан дууссанаас хойш 3 хоногийн дотор хуралдааны тэмдэглэлийг бэлэн болгож ёсчлуулан, хэрэгт хавсаргана.

7.5. Шүүх бүрэлдэхүүн томилох

7.5.1.Шүүх хуралдаан зохион байгуулах шүүгчийн туслах шүүх бүрэлдэхүүнд тухайн танхимын шүүгч нараас оролцох боломжгүй үед бусад танхимаас шүүгч томилох тухай Танхимын тэргүүний захирамжийн төслийг бэлтгэн, ёсчлуулж, тухайн хэрэгт хавсаргана.

7.6.Хяналтын шатны шүүх хуралдаан

7.6.1. Хяналтын журмаар хэргийг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ.

7.7. Шүүхийн тогтоол

7.7.1. Хяналтын журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх тогтоол гаргана. Хэргийг илтгэсэн шүүгч илтгэснээс хойш 7 хоногийн дотор тогтоолын төслийг бэлэн болгож, ёсчлуулна.

7.7.3. Тогтоолыг ёсчлогдсоноос хойш 7 хоногийн дотор шүүгчийн туслах зохигчдод гардуулан өгөх буюу хүргүүлж, энэ тухай баримтыг /бар.¹14/ хэрэгт хавсаргана.

7.7.2. Шүүгчийн туслах хяналтын шатны шүүхийн тогтоолыг хэргийн оролцогчдод гардуулан өгсөн буюу хүргүүлсний дараа 3 хоногийн дотор хэргийг үдэж эмхэтгэн, хэрэг хянан шийдвэрлэсэн тухай мэдээллийг бүртгэлийн программд бүрэн, зөв оруулна.

7.7.4. Шүүгчийн туслах хэргийг Танхимын тэргүүний туслахад бүртгэлээр /бүр.¹16/ хүлээлгэн өгнө.

7.8. Хэргийг анхан шатны шүүхэд буцаах

7.8.1.Танхимын тэргүүний туслах хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолтой иргэний хэргийг шүүгчийн туслахаас хүлээн авч, бүртгэлийн программ дахь хаалтыг шалган, хяналтын шатны иргэний хэргийн бүртгэлд /бүр.¹16/ бүртгэн, анхан шатны шүүхэд хүргүүлэхээр Улсын дээд шүүхийн бичиг хэрэг, өргөдөл, гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагчид бүртгэлээр /бүр.¹15/ хүлээлгэн өгнө.

7.8.2. Шүүгчийн туслах хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх хүртэлх хугацаанд хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг зохигчдод гардуулж, энэ тухай баримтыг /бар.¹14/ хэрэгт хавсаргана.

7.8.3. Энэ журмын 7.8.2.-т заасан хугацаанд зохигч тогтоолоо гардаж аваагүй бол тогтоолын хувийг шаардагдах тоогоор хэрэгт хавсарган анхан шатны шүүхэд хүргүүлнэ.

7.8.4. Хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлж байгаа тохиолдолд энэ журмын 7.8.3. дахь заалт нэгэн адил хамаарана.

Найм. Улсын дээд шүүхэд гомдол гаргасны дараах ажиллагаа

8.1. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандаж гомдол гаргах

8.1.1. Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолд ИХШХШТХуулийн 1761 дүгээр зүйлийн 1761.1.-д зааснаар гомдол гаргасан тохиолдолд хэргийг Улсын дээд шүүхийн бичиг хэрэг, өргөдөл, гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагч хүлээн авч, Иргэний хэргийн Танхимын тэргүүний туслахад бүртгэлээр /бүр.¹15/ хүлээлгэн өгнө.

8.1.2. Танхимын тэргүүний туслах хэргийг хүлээн авч, дардас дарж, хэрэг ирсэн огноо, цаг, минутыг баталгаажуулж, ИХШХШТХуулийн 172 , 173 , 1761 дүгээр зүйлд тус тус заасан журмын дагуу анхан шатны шүүх хэргийг ирүүлсэн эсэхийг шалган, хяналтын шатны иргэний хэргийн бүртгэлийн программд бүртгэн Ерөнхий шүүгчийн ажлын албаны даргад бүртгэлээр /бүр.¹16/ хүлээлгэн өгнө. Хэрэв хуульд заасан журмыг зөрчиж ирүүлсэн бол хэргийг буцаах эсэх асуудлыг Танхимын тэргүүний захирамжаар шийдвэрлэнэ.

8.2. Хэрэг хянан шийдвэрлэх

8.2.1. Ерөнхий шүүгч хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянана.

8.2.2. Ерөнхий шүүгч дүгнэлт гаргах үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд энэ тухай түүний хариуг Ерөнхий шүүгчийн ажлын албаны дарга гомдол гаргагчид албан бичгээр мэдэгдэж, хэргийг Иргэний хэргийн Танхимын тэргүүний туслахад бүртгэлээр /бүр.¹16/ хүлээлгэн өгнө.

8.2.3. Ерөнхий шүүгч дүгнэлт гаргасан тохиолдолд 30 хоногийн дотор хэргийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хянан хэлэлцэнэ.

8.2.4. Хэргийг Иргэний хэргийн Танхимын тэргүүн эсхүл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн томилсон шүүгч Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанд илтгэнэ.

8.3. Улсын дээд шүүхийн тогтоол

8.3.1. Улсын дээд шүүхийн хуралдаан Улсын дээд шүүхийн нийт шүүгчдээс бүрдэнэ.

8.3.2. Улсын дээд шүүхийн хуралдаанаас тогтоол гаргах бөгөөд энэ нь эцсийн шийдвэр болно.

8.3.3. Улсын дээд шүүхийн хуралдааны тогтоолыг хэргийг илтгэсэн шүүгч 7 хоногийн дотор бэлэн болгож ёсчлуулна.

8.3.4. Улсын дээд шүүхийн хуралдааны тэмдэглэлийг нийт шүүгчдийн хуралдааны зохион байгуулалт хариуцсан шинжээч хөтлөх бөгөөд хуралдаан дууссанаас хойш 3 хоногийн дотор бэлэн болгон ёсчлуулж, хэргийг эмхэтгэн Танхимын тэргүүний туслахад бүртгэлээр /бүр.¹16/ хүлээлгэн өгнө.

8.4. Хэргийг анхан шатны шүүхэд буцаах

8.4.1. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хянасан болон Улсын дээд шүүхийн хуралдаанаар хянан шийдвэрлэсэн хэргийг Танхимын тэргүүний туслах хүлээн авч хяналтын шатны иргэний хэргийн бүртгэл /бүр.¹16/ болон бүртгэлийн программд бүртгэн, анхан шатны шүүхэд хүргүүлэхээр Улсын дээд шүүхийн бичиг хэрэг, өргөдөл, гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагчид бүртгэлээр /бүр.¹15/ хүлээлгэн өгнө.

8.4.2. Хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлж байгаа тохиолдолд энэ журмын 8.4.1. дэх заалт нэгэн адил хамаарна.

8.5. Харъяалал тогтоолгохоор ирүүлсэн хэргийг хүлээн авах, харъяалах шүүхэд шилжүүлэх

8.5.1. Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.4.-т заасны дагуу харъяалал тогтоолгохоор ирүүлсэн хэргийг танхимын тэргүүний туслах хүлээн авч бүртгэл /бүр.¹16/ хөтлөж, харъяалал тогтоох тухай танхимын тэргүүний захирамж гарсны дараа харъяалах шүүхэд нь хэргийг албан бичгээр хүргүүлнэ.

Ес. Хариуцлага

9.1. Энэ журмыг зөрчсөн шүүгч, ажилтанд холбогдох хууль, тогтоомжид заасан хариуцлагыг хүлээлгэнэ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 7-р сарын 16, Лхагва гариг, 08:23
 

Тунхаг

Зурган дээр дарж үзнэ үү
Текстээр үзэх бол ЭНД
дарна уу.

Цахим сан

Баннер

Шинээр гарсан дүрэм, журмууд

Баннер

Файл шэйр

Баннер

Сонгон шалгаруулалтын зар

Баннер

Санал асуулга

Та Шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?
 

Цаг хугацаа

Манай зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр8
mod_vvisit_counterӨчигдөр698
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт4122
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт1358
mod_vvisit_counterЭнэ сард5863
mod_vvisit_counterӨнгөрсөн сард12900
mod_vvisit_counterНийт зочдын тоо503286

Хэн онлайн байна: 3
Таны IP хаяг: 54.227.51.103
,
Now: 2017-12-16 01:36