Нэгдсэн портал cистем

Баннер

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

Баннер

Эвлэрүүлэн зуучлалын хууль

Баннер

Хуулийн нэгдсэн сан

Баннер

Иргэдэд зориулсан мэдээлэл

Сургалт, судалгаа

Зөвлөмж

Баннер
Эрхэм хэрэглэгч Та манай сайтыг алдаагүй зөв үзье гэвэл Mozilla Firefox тохиромжтой. Хэрвээ татаж авах бол дээрх зурган дээр дарна уу.

Цаг агаар

Хэрэглэгчийн булан



Валютын ханш




Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2014 оны 6-р сарын 16, Даваа гариг, 08:39


 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012оны03сарын07өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот

ШҮҮГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий шүүгчид тавих болзол, шаардлага, шүүгчийн бүрэн эрх, шүүгчийн хараат бус байдал, түүний баталгаа зэрэг шүүгчийн эрх зүйн байдалтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж

2.1.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Монгол Улсын шүүхийн тухай хуульболон бусад хууль тогтоомжид үндэслэнэ.

2.2.Шүүгчийн хөдөлмөрийн үйл ажиллагаатай холбогдсон энэ хуульд заагаагүй бусад харилцааг Хөдөлмөрийн тухай хууль[2] болон холбогдох бусад хуулиар зохицуулна.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“шүүгч гэж хуульд заасан үндэслэл, журмын дагуу томилогдон, хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг сахиулан хамгаалахаар тангараг өргөншүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгааМонгол Улсын иргэнийг;

3.1.2.“нөлөөллийн мэдүүлэг” гэж хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн хэрэг, маргааны шийдвэрлэлттэй холбогдуулан шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөх гэж оролдсон бүх үйлдлийг тэмдэглэн баталгаажуулсан, эрүү, иргэн, захиргааны хэргийн материалд хавсаргагдах баримт бичгийг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ШҮҮГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

4 дүгээр зүйл.Шүүгчид тавих болзол, шаардлага

4.1.Шүүгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан болзол болон дараах шаардлагыг хангасан байна:

4.1.1.ял шийтгүүлж байгаагүй;

4.1.2.шүүгчид нэр дэвших үед гэмт хэрэгт холбогдоогүй буюу сэжигтэн, яллагдагчаар татагдаагүй, бусдад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй;

4.1.3.шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй;

4.1.4.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан;

4.1.5.мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан, шударга ёсыг эрхэмлэдэг, хүний эрхийг дээдлэх, бусдын нөлөөнд автахгүй, бие даасан шийдвэр гаргах чадвартай;

4.1.6.монгол хэлний ярианы болон бичгийн соёл, чадвартай;

4.1.7.мэдээллийн технологийн хэрэглээний программыг ашиглах чадвартай;

4.1.8.шүүгчээр ажиллах тухайн дагнасан шүүхийн салбар эрх зүйн мэдлэг, туршлагатай;

4.1.9.бусдын саналд хүндэтгэлтэй хандаж, шүүмжлэлийг бодитойгоор хүлээн авч, өөрийн байр суурийг ойлгомжтой тайлбарлах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай зан чанартай байх.

4.2.Гүйцэтгэж байгаа албан үүрэгтэй нь холбогдуулан шүүгчид тавих тусгайлсан шаардлагыг зөвхөн энэ хуулиар тогтооно.

5 дугаар зүйл.Давж заалдах шатны шүүхийн шүүгчид тавих болзол, шаардлага

5.1.Давж заалдах шатны шүүхийн шүүгч энэ хуулийн 4.1-д зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

5.1.1.анхан шатны шүүхэд шүүгчээр гурваас доошгүй жил ажилласан, шүүн таслах ажиллагааны туршлагатай;

5.1.2.шийдвэрлэсэн хэргийн хүрээнд судалгаа, дүгнэлт хийх чадвартай;

5.1.3.мэргэшсэн чиглэлээр хэрэглэгддэг хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал гаргах, хуулийн зүйл, заалтыг зөв хэрэглэх талаар мэргэжлийн хэвлэлд өгүүлэл бичин, нийтлүүлсэн байх.

6 дугаар зүйл.Хяналтын шатны шүүхийн шүүгчид тавих болзол, шаардлага

6.1.Хяналтын шатны шүүхийн шүүгч буюу Улсын дээд шүүхийн шүүгч энэ хуулийн 4, 5 дугаар зүйлд зааснаас гадна дор дурдсан нэг буюу түүнээс дээш шаардлагыг хангасан байна:

6.1.1.давж заалдах шатны шүүхэд таваас доошгүй жил ажилласан;

6.1.2.өмгөөлөгч, шүүгч, прокуророор арваас доошгүй жил ажилласан;

/Энэ заалтад 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

6.1.3.Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд арваас доошгүй жил багшилсан.

6.2.Улсын дээд шүүхийн шүүгчээр сүүлийн зургаан жилд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, улс төрийн намын дарга, удирдах албан тушаал хашиж байсан хүнийг томилохыг хориглоно.

7 дугаар зүйл.Ерөнхий шүүгчид тавих шаардлага

7.1.Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч энэ хуулийн 4-6 дугаар зүйлд заасан тухайншатны шүүгчид тавих шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

7.1.1.анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч нь тухайн шатны шүүхэд гурваасдоошгүй жил ажилласан;

7.1.2.давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч нь тухайн шатны шүүхэд гурваас доошгүй жил ажилласан;

/Энэ хэсгийг 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7.1.3.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчнь мэргэжлээрээ болон шүүгчээр арван жил ажилласан;

7.1.4.удирдан зохион байгуулах авьяас,манлайлах ур чадвартай байх.

8 дугаар зүйл.Шүүгчид тавих шаардлагыг үнэлэх

8.1.Энэ хуулийн 4-7 дугаар зүйлд заасан шүүгчид тавих болзол, шаардлагыг хангасан эсэхийг үнэлж дүгнэх, шалгаруулах журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл боловсруулж, Монгол Улсын Ерөнхийлөгч /цаашид “Ерөнхийлөгч” гэх/ батална.

8.2.Шүүхийн ерөнхий зөвлөл энэ хуулийн 8.1-д заасан журмыг тогтмол боловсронгуй болгох, шинэчлэх үүрэг хүлээнэ.

8.3.Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг гурваас таван жилд дүгнэх шалгуур үзүүлэлт, журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл боловсруулж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч батална.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ШҮҮГЧИЙН БҮРЭН ЭРХҮҮСЭХ,

ДУУСГАВАР БОЛОХ

9 дүгээр зүйл.Шүүгчийн бүрэн эрх

9.1.Шүүгчийн бүрэн эрх нь Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасан журмын дагуу томилогдон, шүүгчийн тангараг өргөснөөр эхэлнэ.

9.2.Шүүгч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.2.1.шүүх хуралдааныг даргалах;

9.2.2.шүүх хуралдааныг товлон зарлаж, түүний оролцогчдыг тогтоох;

9.2.3.шүүх хуралдааны бэлтгэлийг хангах ажлыг шүүхийн тамгын газартай хамтран зохион байгуулах;

9.2.4.хэрэг, маргааныг шүүх бүрэлдэхүүнээрхянан шийдвэрлэхэд оролцох;

9.2.5.хуульд зааснаар дангаараа шийдвэрлэх хэрэг, маргааныг хянан Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэрлэх;

9.2.6.өөрийн оролцсон шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэж байгаа асуудлаар саналаа бие даан гаргах, тусгай санал гаргах;

9.2.7.цагдан хорих асуудал хариуцсан шүүгчийн хувьд цагдан хорих хүсэлтийг хянан шийдвэрлэх;

9.2.8.шүүн таслах ажиллагааг хуульд заасан дэг журам, хугацааны дагуу явуулах нөхцөлийг бүрдүүлэх, шаардлагатай бол хэргийн оролцогч, өмгөөлөгч болон холбогдох этгээдийг хууль сахиулах арга хэмжээ авах тухай шийтгэвэр гаргах;

9.2.9.тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид, түүнчлэн давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгчид нэрээ дэвшүүлэх, хуульд зааснаар Ерөнхий шүүгчийг орлох;

9.2.10.шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн статистик мэдээлэлдхяналт тавьж, холбогдох байгууллагад шаардлага тавих;

9.2.11.албан үүргээ цалгардуулахгүйгээр багшлах болон эрдэм шинжилгээний ажил эрхлэх;

9.2.12.хуульд заасан бусад бүрэн эрх.

9.3.Шүүгч холбогдох хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичиг, бусад мэдээлэл, тэдгээрийн хуулбарыг зохих байгууллага, албан тушаалтан, иргэнээс шаардан гаргуулах эрхтэй бөгөөд тухайн этгээд нь шүүгчийн шаардсан баримт бичиг, мэдээллийг үнэ төлбөргүй гаргаж өгөх үүрэгтэй.

9.4.Шүүгч энэ хуулийн 9.3-т заасан баримт бичгийг үрэгдүүлэхгүй байх үүрэг хүлээх бөгөөд шаардлагатай бол түүнийг хуулбарлуулан авах, эх хувиар нь авсан баримт бичгийг буцааж өгнө.

9.5.Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрх нь Монгол Улсын шүүхийн тухай хуулиар, шүүгчийн эрх зүйн байдал нь энэ хуулиар тодорхойлогдоно.

10 дугаар зүйл.Шүүгчийг сонгон шалгаруулах журам

10.1.Шүүгчийн албан тушаалд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах ажлыг Шүүхийн ерөнхий зөвлөл зохион байгуулна.

10.2.Шүүгчийг өөрийнх нь саналаар тухайн шатны өөр шүүхэд сэлгэн томилж болно.

10.3.Ерөнхий шүүгч дараах тохиолдолд тухайн шүүхийн шүүгчийн сул орон тооны талаар Шүүхийн ерөнхий зөвлөлд албан бичгээр мэдэгдэнэ:

10.3.1.шүүгч хүсэлтээрээ чөлөөлөгдөх, өндөр насны тэтгэвэрт гарах бол уг орон тоо гарахаас нэг сарын өмнө;

10.3.2.энэ хуулийн 10.3.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийн сул орон тоо гарсан бол тухайн өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор.

10.4.Шүүхийн ерөнхий зөвлөл энэ хуулийн 10.3-т заасан мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүгчийн сул орон тоонд нэр дэвшүүлэх болзол, журам, нэрээ дэвшүүлэхийг хүссэн этгээдийн өргөдлийг хүлээн авах, бүртгэх, шалгаруулах хугацаа, журам, газрыг тодорхойлсон зарыгнийтлэх ба цахим хуудсандаа байрлуулна.

10.5.Энэ хуулийн 10.4-т заасан зарыг тухайн шүүгчийн ажиллах аймаг, нийслэлийн өдөр тутмын хэвлэлд нийтэлж болно.

11 дүгээр зүйл.Нэр дэвшигчийг бүртгэх

11.1.Энэ хуулийн 4-7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан гэж үзсэн иргэн шүүгчид нэрээ дэвшүүлэх эрхтэй.

11.2.Шүүгчид нэр дэвшигч /цаашид “нэр дэвшигч” гэх/нь өргөдөл, дараах баримт бичгийг бүрдүүлэнШүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлнэ:

11.2.1.Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар;

11.2.2.мэргэжлийн боловсролын дипломын хуулбар;

11.2.3.өөрийн намтар бүхий анкет;

11.2.4.нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хөдөлмөр эрхэлж байгааг нотлох бусад баримт бичиг, тэдгээрийн хуулбар;

11.2.5.шүүгчийн албан тушаалд томилогдоход харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүйг нотолсон эрүүл мэндийн тодорхойлолт;

11.2.6.ял шийтгэгдэж байгаагүйг нотолсон цагдаагийн байгууллагын  тодорхойлолт;

11.2.7.байнга оршин суугаа газрын хаяг, ам бүлийн болон эд хөрөнгийн байдал, бусдад хугацаа хэтэрсэнөр зээлгүй тухайгаа бичгээр гаргасан мэдэгдэл;

/Энэ заалтад 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

11.2.8.ажиллаж байгаа бол эрхэлсэн ажлын байдал, хамт олны доторх нэр хүнд, зан төлөвийн тухай аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны тодорхойлолт.

11.3.Энэ хуулийн 11.2-т заасан баримт бичгийг шуудангаар ирүүлэх тохиолдолд тэдгээрийг нотариатаар гэрчлүүлсэн байна.

11.4.Шүүхийн ерөнхий зөвлөл нь нэр дэвшигчийн бүрдүүлсэн баримт бичгийг хүлээн авч, бүрэн гүйцэд, үнэн зөв эсэхийг нягтлана.

11.5.Нэр дэвшигчийг бүртгэмэгц тухайн шүүхийн болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

11.6.Нэр дэвшигчийн талаар олон нийтээс хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр ирүүлсэн мэдээллийг нягтлан шалгаж, бодитой санал дүгнэлт гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдэд танилцуулна.

/Энэ хэсэгт 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

11.7.Шүүхийн ерөнхий зөвлөл нь нэр дэвшигчийн энэ хуулийн 12.1-д заасан үнэлгээг гаргуулахаар холбогдох материалыг Шүүхийн мэргэшлийн хороонд хүргүүлнэ.

12 дугаар зүйл.Шүүхийн мэргэшлийн хорооны үнэлгээ

12.1.Нэр дэвшигч нь энэ хуулийн 4-7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх талаарх үнэлгээг Шүүхийн мэргэшлийн хороо бүртгэл дууссанаас хойш 14 хоногийн дотор гарган Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлнэ.

12.2.Хуульчдын холбоонэр дэвшигчийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаарх дүгнэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлнэ.

13 дугаар зүйл.Нэр дэвшигчийг сонгон шалгаруулах

13.1.Шүүхийн ерөнхий зөвлөл нь энэ хуулийн 11.2-т заасан баримт бичиг, энэ хуулийн 11.6-д заасан мэдээллийг судлан үзэж, нэр дэвшигч бүртэй ганцаарчилсан ярилцлага зохион байгуулж дүгнэлт гаргана.

13.2.Шүүхийн ерөнхий зөвлөл нь энэ хуулийн 13.1-д заасан дүгнэлт, Шүүхийн мэргэшлийн хорооны үнэлгээ болон энэ хуулийн 12.2-д заасан Хуульчдын холбооны дүгнэлтийн хамт шүүгчийн албан тушаалд томилуулах нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг үнэлгээний дүнгээр эрэмбэлж гарган, илээр санал хураан олонхын санал авсан хүний нэрийг ажлын таван өдрийн дотор Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.

/Энэ хэсэгт 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

14 дүгээрзүйл.Ерөнхий шүүгчийн албан тушаалд шүүгчийг сонгон шалгаруулах

14.1нэ хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзсэн шүүгч тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид нэрээ дэвшүүлэх эрхтэй.

14.2.Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд шүүгчийг сонгон шалгаруулахад энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан нийтлэг журмыг баримтлах бөгөөд Хуульчдын холбооны дүгнэлтийг харгалзан үзнэ.

15 дугаар зүйл.Шүүгчийг томилох

15.1.Анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор, хяналтын шатны шүүхийн шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөл санал болгож Улсын Их Хуралд танилцуулснаар тус тус Ерөнхийлөгч томилно.

15.2.ЕрөнхийлөгчШүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигчийг судлан үзэж,түүнийг томилох буюу томилохоос татгалзах шийдвэрийн аль нэгийг гаргана.

15.3.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно.

15.4.Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг гурван жилийн хугацаагаар томилох бөгөөд нэг удаа улируулан томилж болно.

15.5.Ерөнхийлөгч шүүгчийг томилсон тухай зарлиг гаргана.

16 дугаар зүйл.Шүүгчийн тангараг, түүнийг өргөх журам

16.1.Шүүгч томилогдсон өдрөөсөө хойш 30 хоногийн дотор хамт олон болон тухайн орон нутгийн иргэдийн төлөөллийн өмнө “Шүүгч би шүүх эрх мэдлийн ариун журамт үүрэг, Монгол Улсын Үндсэн хуульт байгуулал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж хэрэг, маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж явахаа ард түмэндээ батлан тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал шүүгчийн албан тушаалаас нэн даруй огцорч хуульд заасан хариуцлага хүлээнэ.” гэж Төрийн сүлдэнд тангараг өргөнө.

16.2.Шүүгчийн тангараг өргөх журам, шүүгчийн өмсгөлийн загвар, хэрэглэх журмыгЕрөнхийлөгч батална.

17 дугаар зүйл.Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх

17.1.Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн дор дурдсан үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлнэ:

17.1.1.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн;

17.1.2.Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдсон;

17.1.3.зургаан сараас дээш хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон;

17.1.4.зургаан сараас дээш хугацаагаар суралцах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх болсон;

17.1.5.эрүүгийн хариуцлагад татагдсан;

17.1.6.сураггүй алга болсонд тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;

17.1.7.шүүгчээс огцруулах тухай захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан.

/Энэ заалтад 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

17.2.Шүүгчийн бүрэн эрхийг энэ хуулийн 17.1.2, 17.1.3-т заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн нь түүний халдашгүй байдал, цалин, эдийн засаг, нийгмийн хангамжийн баталгааг хасахүндэслэл болохгүй.

17.3.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийгтодорхой хугацаагаар түдгэлзүүлсэн бөгөөд уг түдгэлзүүлсэн хугацаа дууссан, энэ хуулийн 17.1-д заасан үндэслэл арилсан бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Ерөнхийлөгч шүүгчийн бүрэн эрхийг сэргээнэ.

18 дугаар зүйл.Шүүгчийн бүрэн эрх дуусгавар болох үндэслэл

18.1.Шүүгчийг Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлж, огцруулна.

18.2.Шүүгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж болно.

18.3.Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн дараах үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож чөлөөлнө:

18.3.1.шүүгч албан тушаалаасаачөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргасан;

18.3.2.эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болсон;

18.3.3.өөр ажилд шилжсэн буюу томилогдсон, эсхүл сонгогдсон;

18.3.4.Монгол Улсын харьяатаас гарах болсон, эсхүл гадаад улсын нутаг дэвсгэрт байнга оршин суух эрх авсан;

18.3.5.шүүгч улс төрийн сонгуульд нэр дэвших болсон;

18.3.6.шүүгчийн иргэний эрх зүйн чадамжийг хязгаарласан, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүйг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон;

18.3.7.шүүхийг татан буулгах, эсхүл өөрчлөн зохион байгуулахтай холбогдуулан өөр шүүхэд шилжүүлэхээс шүүгч өөрөө татгалзсан;

18.3.8.шүүгч нас барсан, эсхүл нас барсанд тооцох тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

18.4.Дараах үндэслэлээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн шүүгчийг огцруулна:

18.4.1.шүүгчийн албан тушаалтай хавсарч үл болох үйл ажиллагаа эрхэлсэн;

18.4.2.сахилгын шийтгэл хүлээсэн шүүгч нэг жилийн дотор сахилгын шийтгэл дахин хүлээсэн;

18.4.3.гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон;

18.4.4.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь хүчингүй болгосон;

18.4.5.эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

18.5.Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн, аливаа нэг этгээдийн талд шүүхийг үйлчлүүлсэн буюу үйлчлүүлэхээр дарамт үзүүлсэн нь Ерөнхий шүүгчийг хугацаанаас нь өмнө албан тушаалаас нь огцруулах үндэслэл болно.

18.6.Шүүхийн ерөнхий зөвлөл энэ хуулийн 18.4, 18.5-д заасан үндэслэлээр шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх, эсхүл огцруулах тухай нөхцөл байдал үүссэнээс хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх бөгөөд Улсын дээд шүүхийн шүүгчийг албан тушаалаас нь огцруулах саналыг Улсын Их Хуралд урьдчилан танилцуулна.

18.7.Ерөнхийлөгч шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх болоногцруулах тухай Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор уг асуудлыг шийдвэрлэнэ.

18.8.Шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгосон үндэслэл нь хууль бус байсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол шүүгчийн бүрэн эрхийг сэргээж цалин хөлсийг нь нөхөн олгоно.

18.9.Ерөнхий шүүгч, танхимын тэргүүнээр ажиллах хугацаа дууссан нь шүүгчийн бүрэн эрх дуусгавар болох үндэслэл болохгүй.

19 дүгээр зүйл.Шүүгчийн бүрэн эрх дуусгавар болох хугацааг тоолох

19.1.Шүүгчийн бүрэн эрх дуусгавар болох хугацааг дараах байдлаар тоолно:

19.1.1.Ерөнхий шүүгч, танхимын тэргүүний хувьд бүрэн эрх нь дуусгавар болох сарын сүүлийн өдрөөр;

19.1.2.шүүгчээр ажиллаж болох насны дээд хязгаарт хүрсэн бол уг насанд хүрэх сарын сүүлийн өдрөөр;

19.1.3.энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан үндэслэлээр шүүгчийн бүрэнэрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох шийдвэр гарсан бол уг шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ, ТҮҮНИЙГ

ХАНГАХ БАТАЛГАА

20 дугаар зүйл.Шүүгчийн хараат бус байх зарчим, баталгаа

20.1.Шүүгч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ аливаа этгээдээс хараат бус байж, гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд захирагдана.

20.2.Шүүгчийн хараат бус байдал халдашгүй байх бөгөөд шүүгчийн хараат бус байдлыг Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулиар баталгаажуулна.

20.3.Энэ хууль болон бусад хуулиар тогтоосон шүүгчийн эрх зүй, эдийн засаг, нийгмийн хамгаалалт зэрэг хараат бус, халдашгүй байдлын баталгааг ямар нэг хэлбэрээр дордуулсан хууль тогтоомж, захиргааны акт гаргахыг хориглоно.

20.4.Шүүгчийн хараат бус байдлыг дараах баталгаагаар хангана:

20.4.1.Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд тусгайлан зааснаас өөр үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийгхязгаарлахыг хориглох;

20.4.2.шүүгчийн бүрэн эрхийг Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд зааснаас өөр үндэслэл, журмаар түдгэлзүүлэх, дуусгавар болгохыг хориглох;

20.4.3.өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр албан тушаалд болон өөр шүүхэд шилжүүлэхийг хориглох;

20.4.4.хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд хугацаагүй томилогдож, хуульд зааснаас бусад тохиолдолд захиргааны болон гурав дахь этгээдийн санаачилгаар чөлөөлөгдөхгүй, огцрохгүй байх;

20.4.5.хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд аливаа дайчилгаа болон цэргийн жинхэнэ албанд татахгүй байх;

20.4.6.шүүгчийн эрх зүйн онцгой байдалд нь нийцүүлэн эдийн засгийн болон нийгмийн хангамж, халамжийн тогтолцоог энэ хууль болон бусад хуулиар бүрдүүлж, хангана.

20.5.Улсын дээд шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч нь гадаадад байх, зорчих хугацаанд дипломат эрх ямбаэдэлнэ.

20.6.Шүүгчийн хараат бус байдалд хуульд зааснаас бусад үндэслэл, журмаар халдсан, үл хүндэтгэсэн хэн боловч хууль зүйн хариуцлага хүлээнэ.

21 дүгээр зүйл.Шүүгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс

оролцохыг хориглох

21.1.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн бус, бусад аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.

21.2.Энэ хуулийн 21.1-д заасныг зөрчсөн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ.

21.3.Шүүгчээсхянан шийдвэрлэж байгаа болон хянан шийдвэрлэсэн хэргийнх нь талаар өөрийг нь холбогдуулан хэрэг бүртгэх, мөрдөн байцаахүйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, албан тушаалтантайлбар, мэдүүлэг авахаар шаардахыг хориглоно.

21.4.Шүүгч нь хэргийн оролцогчоос бусад этгээдэд хэргийн материалыг танилцуулах үүрэг хүлээхгүй.

22дугаар зүйл.Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх

22.1.Тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээр хүлээн авсан шүүгч, шүүх бүрэлдэхүүн нөлөөллийн мэдүүлгийг хөтөлнө.

22.2.Энэ хуулийн 22.1-д заасан нөлөөллийн мэдүүлгийн загварыг Шүүхийн ерөнхий зөвлөл батална.

22.3.Шүүгч нөлөөллийн мэдүүлгийн зорилго, хууль зөрчсөнөөс үүсэх үр дагаврын талаар хэрэг үүсгэсэн даруйд тухайн хэргийн оролцогчид тайлбарлан, энэ тухай баримтжуулна.

22.4.Нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн шүүгч нөлөөллийн мэдүүлгийг хэргийн материалд хавсарган, хувийг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлнэ.

22.5.Шүүхийн ерөнхий зөвлөл энэ хуулийн 22.3-т заасан нөлөөллийн мэдүүлэгт тэмдэглэн баталгаажуулсан тухайн этгээдийн үйлдэл нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан гэж үзвэл түүнийг шалгуулахаар холбогдох эрх бүхий байгууллагад хандаж, шийдвэрлүүлнэ.

22.6.Нөлөөллийн мэдүүлгийг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн саналтай эрх бүхий байгууллага, албан тушаалтан заавал танилцах бөгөөд уг саналыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хариуг Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлнэ.

22.7.Эрх бүхий байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 22.5-д заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн санал хүсэлтийг үндэслэн холбогдох арга хэмжээ авч, Шүүхийн ерөнхий зөвлөлд хариу мэдэгдэнэ.

22.8.Шүүхийн ерөнхий зөвлөл нь эрх бүхий байгууллагаас ирүүлсэн хариуг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тухай бүрд нь мэдээлнэ.

23 дугаар зүйл.Шүүгчийн эдийн засгийн баталгаа

23.1.Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна.

23.2.Тухайн шүүгчийн цалингийн хэмжээ шүүгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн жил бүр өмнөх оныхоос хоёр хувиар нэмэгдэж байна.

23.3.Шүүгч нь ажлын ачаалал, бүтээмж, шийдвэрийн чанар зэрэгтэй уялдсан нэмэгдэл авах бөгөөд уг нэмэгдэл нь энэ хуулийн 8.3-т заасан мэргэшлийн үнэлгээний үр дүнгээс хамаарах ба нэмэгдлийн хэмжээ үндсэн цалингийн 50 хувь хүртэл байна.

23.4.Энэ хуулийн 23.3-т заасан нэмэгдэл олгох журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл боловсруулж Улсын Их Хурал батална.

23.5.Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй.

23.6.Тавин таван насанд хүрсэн шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгож болно.

23.7.Шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.

23.8.Хуульд заасан нас, болзолын дагуу өндөр насны тэтгэвэрт гарсан шүүгчидсүүлийн нэг жилийн цалингийн дундажаар тооцон 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгоно.

23.9.Шүүгчийн тэтгэвэртэй холбоотой бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна.

23.10.Шүүгчийн ээлжийн амралтын үндсэн хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоох бөгөөд шүүгчээр ажилласан таван жил тутамд ажлын гурван өдрийн нэмэгдэл амралт олгоно.

23.11.Шүүгчийн албан ёсны айлчлал, томилолт, төрийн ёслол, хүндэтгэлийн болон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон бусад арга хэмжээний зардлыг шүүхийн төсвөөс санхүүжүүлнэ.

23.12.Шүүгч ээлжийн амралтаараа дотоодын амралт, сувиллын газарт, эсхүл төрсөн нутагтаа амрах тохиолдолд түүний очих, ирэх замын зардлыг шүүхийн төсвөөс авто замын зорчигч тээврийн зардлаар тооцож олгоно.

24 дүгээр зүйл.Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний нийгмийн хамгаалалт

24.1.Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг улсын төсвөөс хариуцна.

24.2.Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал дараах хэлбэр, хэмжээтэй байна:

24.2.1.шүүгч албан үүргээ гүйцэтгэхявцад бие махбодь нь бэртсэн буюу эрүүл мэндэд нь гэмтэл учирснаас нас барсан бол даатгалын төлбөрийг түүний авч байсан сүүлийн 15 жилийн цалинтай тэнцэх хэмжээгээр шүүгчийн өв залгамжлагчид төлөх;

24.2.2.шүүгч албан үүргээ гүйцэтгэхявцад бие махбодь нь бэртсэн буюу эрүүл мэндэд нь цаашид мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж чадахааргүй гэмтэл учирсан бол даатгалын төлбөрийн хэмжээ нь тухайн шүүгчийн сүүлийн гурван жилийн цалинтай тэнцэх;

24.2.3.шүүгчийн бие махбодь, эрүүл мэндэд хохирол учруулсан нь түүний хөдөлмөрийн чадварыгцаашид мэргэшлийн үйл ажиллагаа эрхлэхэд саадболохоор алдагдуулаагүй бол даатгалын төлбөрийн хэмжээ нь тухайн шүүгчийн сүүлийн нэг жилийн цалинтай тэнцэх.

24.3.Энэ хуулийн 24.2-т заасан даатгалын төлбөрийг улсын төсвөөс гаргаж даатгалын байгууллагаас төлнө.

24.4.Шүүгч албан үүргээ гүйцэтгэхявцад бэртсэн болон эрүүл мэндэд нь өөр гэмтэл учирснаас цаашид мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүйгээр хөдөлмөрийн чадвараа алдсан бол түүнд шүүгчээр ажиллаж байхдаа авч байсан цалингийн 70 хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг сар бүр олгоно.

24.5.Шүүгч албан үүргээ гүйцэтгэхявцад нас барвал түүний асрамжид байсан хүүхдийг 18 нас хүртэл нь, гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүнд шүүгчийн авч байсан албан тушаалын цалингаас ногдох хэмжээгээр тэтгэмж /нөхөх төлбөр/-ийг сар бүр олгох бөгөөд түүнд улсын төсвөөс төлсөн даатгалын төлбөр, тэжээгчээ алдсаны болон бусад төрлийн тэтгэвэр, цалин, тэтгэлгийг оруулан тооцохгүй.

25 дугаар зүйл.Шүүгчийн мэргэшлийн түвшинг дэмжих

25.1.Шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардагдах мэдлэг, мэргэшлээ дээшлүүлж байх үүрэгтэй бөгөөд жил бүр сургалтад хамрагдаж байна.

25.2.Шүүгч мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдах хугацаанд түүнд шүүгчийн цалин хөлсийг хэвээр олгоно.

25.3.Шүүгчийн мэргэшлийг дээшлүүлэх, давтан сургах ажлыг Шүүхийн ерөнхий зөвлөл зохион байгуулна.

26 дугаар зүйл.Шүүгчийн халдашгүй байдал

26.1.Шүүгч халдашгүй эрхтэй бөгөөд түүнийг энэ хууль болон бусад хуулиар хамгаална.

26.2.Шүүгчийн халдашгүй байдалд дараах зүйл хамаарна:

26.2.1.амь бие;

26.2.2.ажлын байр, хувийн болон албаны орон сууц;

26.2.3.эзэмшиж, ашиглаж байгаа хувийн болон албаны тээвэр, холбооны хэрэгсэл;

26.2.4.өөрийнх нь мэдэлд байгаа бичиг баримт, ачаа тээш, бусад эд хөрөнгө;

26.2.5.захидал харилцааны нууц.

26.3.Шүүгч эрх мэдлээ урвуулан ашигласан, илт хууль бус таслан шийдвэрлэх тогтоол, шийдвэр, шүүхийн бусад акт гаргасан гэмт хэрэгт гэм буруутай нь шүүхийнхүчин төгөлдөр тогтоолоор нотлогдоогүй бол бүрэн эрх нь дуусгавар болсны дараа шүүн таслах ажил эрхэлж байх үедээ илэрхийлсэн санал, гаргасан шийдвэрийнх нь төлөө түүнийг ямар нэгэн хариуцлагад татахыг хориглоно.

26.4.Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, аюулгүй байдалд аюул занал учрах нөхцөл үүссэн болон энэ тухай мэдээлэл авсан бол цагдаагийн байгууллага энэ байдлыг таслан зогсооход чиглэсэн арга хэмжээг нэн даруй авах үүрэгтэй.

26.5.Энэ хуулийн 26.4-т заасан арга хэмжээг авах нөхцөл, журмыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, цагдаагийн төв байгууллагын дарга хамтран батална.

26.6.Шүүгч нь аюулгүй байдлаа хамгаалах зорилгоор бие хамгаалах хэрэгслийг эзэмших, биедээ авч явах эрхтэй.

26.7.Шүүгчийг гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилсан бол энэ тухай Шүүхийн ерөнхий зөвлөлд 48 цагийн дотор мэдэгдэнэ.

26.8.Энэ хуулийн 26.7-д заасан тохиолдолд шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Шүүхийн ерөнхий зөвлөл тав хоногийн дотор Ерөнхийлөгчид гаргана.

26.9.Ерөнхийлөгч энэ хуулийн 26.8-д заасан саналыг хүлээн авсан бол ажлын хоёр өдрийн дотор шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ

ШҮҮГЧИЙН ХАРИУЦЛАГА

27 дугаар зүйл. Шүүгчид хориглох зүйл

27.1.Шүүгчид Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд[3] заасан албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтаас гадна дараах зүйлийг хориглоно:

27.1.1.энэ хуульд заасан өөрийн бүрэн эрхээ урвуулан ашиглах;

27.1.2.шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байхад өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэх;

27.1.3.албан үүрэгтэй нь холбогдож, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг задруулах;

27.1.4.албан ажлын хэрэгцээнд зориулсан материал, техник, санхүү, мэдээллийн хэрэгслийг шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхээс өөр зориулалтаар ашиглах;

27.1.5.олон нийтэд мэдээлэхийг хязгаарласан, эсхүл албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад олж мэдсэн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, задруулах, шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхээс өөр зорилгоор ашиглах;

27.1.6.шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох, нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгөх, авах, урьдчилан санал хэлэх;

27.1.7.шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон бусад иргэн, хуулийн этгээдээс шууд ба шууд бусаар тусламж авах, үйлчлүүлэх, ямар нэгэн давуу байдал, хөнгөлөлт, мөнгөн болон бусад урамшуулал, хууль тогтоомжоор зөвшөөрөгдөөгүй шагнал авах;

27.1.8.өөрийн болон гэр бүлийнх нь, түүнчлэн албан байгууллагынх нь эрх ашиг хөндөгдсөнөөс бусад тохиолдолд гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгч байх;

27.1.9.шүүгч ньЕрөнхий шүүгч, шүүгчтэй гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн холбоотой бол тухайн шүүхэд ажиллах;

27.1.10.өөрөө, эсхүл итгэмжлэгдсэн этгээдээр дамжуулан аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, аж ахуйн нэгж, тэдгээрийн холбоо, нэгдлийн удирдах бүрэлдэхүүнд зохион байгуулалт, эрх зүйн аливаа хэлбэрээр түр болон байнга оролцох;

27.1.11.Монгол Улсын олон улсын гэрээ, гадаад улсын шүүх, олон улсын болон гадаадын байгууллагатай харилцан тохиролцсоноос бусад гадаад улс болон олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүний санхүүжилтээр багшлах, эрдэм шинжилгээний болон бусад ажил эрхлэх;

27.1.12.шинжлэх ухаанаасбусад гадаад улсын засаг төр, олон нийтийн болон бусад байгууллагын хүндэт, тусгай цол, шагнал, одон, тэмдэг авах;

27.1.13.Монгол Улсын олон улсын гэрээгээр болон гадаад улсын шүүх, олон улсын болон гадаад улсын байгууллагатай харилцан тохиролцсоноос өөр гадаад улс, олон улсын болон гадаадын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүний санхүүжилтээр гадаад улсад зорчих;

27.1.14.Монгол Улсын олон улсын гэрээгээр гадаад улсын холбогдох шүүх, олон улсын болон гадаадын байгууллагатай харилцан тохиролцсоноос бусад Монголын Улсын нутаг дэвсгэрт оршин байгаа гадаад улсын болон олон улсын байгууллага, түүний салбар нэгжийн удирдах бүрэлдэхүүнд орох;

27.1.15.шүүгч багшлах болон эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэхээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсрах;

27.1.16үүгч улс төрийн аливаа байгууллагын удирдах болон бусад албан тушаал эрхлэх, улс төрийн байгууллага, сонгуульд нэр дэвшигчийн талаар олон нийтэд хандаж үг хэлэх, сонгуулийнх нь сурталчилгаанд оролцох, улс төрийн сонгуульд нэр дэвшигчид санхүүжилт олж өгөх, хандив өгөх;

27.1.17.хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах;

27.1.18.шүүгч нь хэргийн оролцогч болон бусад этгээдтэй харилцахдаа шүүхийн нэр хүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох хувийн харилцаа тогтоох;

27.1.19.шүүгч хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийнхувьд харилцахдаа зүй бус авирлах;

27.1.20.шүүгч амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалах зорилгоор олгосон бие хамгаалах тусгай хэрэгслийг зориулалтын бусаар ашиглах, бусдад ашиглуулах.

27.2.Баяр ёслолын арга хэмжээ, албан томилолтын болон албан ёсны бусад арга хэмжээтэй холбогдуулан бусдаас шүүгчид өгсөн бэлэг сэлтийг төрийн өмчид тооцох бөгөөд хуулиар тогтоосон журмаар өөрөө худалдан авах саналаа гаргаагүй бол шүүгч тэдгээрийг өөрийн ажиллаж байгаа шүүхэд акт, баримттайгаар хүлээлгэн өгнө.

28 дугаар зүйл.Шүүгчийн иргэний эрхэд тавих хязгаарлалт

28.1.Шүүх эрх мэдлийн бие даасан, шүүгчийн хараат бус, халдашгүй байдлын үндсэн зарчмаас хамааран шүүгчийн хувийн буюу иргэний эрхэд дараах хязгаарлалт тогтооно:

28.1.1.улс төрийн намд харьяалагдах;

28.1.2.улс төрийн нам, олон нийтийн бусад байгууллага болон иргэдэдулс төр, шашны асуудлаар байр сууриаилэрхийлэх;

28.1.3.хөдөлмөрийн маргаанаа зохицуулах зорилгоор албан үүргээ орхих буюу зогсоох.

28.2.Шүүгч улс төрийн сонгуульд улс төрийн аль нэг намаас буюу бие даан нэр дэвших бол тухайн сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ Шүүхийн ерөнхий зөвлөлд гаргана.

28.3.Шүүгч энэ хуульд заасны дагуу улс төрийн үйл ажиллагаанд оролцож, шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа дахин шүүгчээр ажиллахыг хүсвэл чөлөөлөгдсөнөөсөө хойш гурван жилийн дараа шүүгчийн сонгон шалгаруулалтад орж болно.

29 дүгээр зүйл.Шүүгчийнашиг сонирхлын зөрчлийн зохицуулалт

29.1.Шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол оролцохоос татгалзах, эсхүл уг болзошгүй нөхцөл байдал үүсч болохыг шүүх ажиллагаанд оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийн татгалзан гаргах санал тавих боломжийг хангах үүрэгтэй.

29.2.Шүүгчид шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн, эсхүл өндөр насны тэтгэвэрт гарсны дараа хоёр жилийн хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

30 дугаар зүйл.Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг

30.1.Шүүгч нь Авлигын эсрэг хууль[4] болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмын дагуу хөрөнгө орлогын мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй.

31 дүгээр зүйл.Шүүгчид хүлээлгэх хариуцлага

31.1.Шүүгч зөвхөн хуульд захирагдах, шударга ёсны зарчим болон шүүгчийн ёс зүйг санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн бол холбогдох сахилгынболон хуулийн хариуцлага хүлээнэ.

31.2.Шүүгчийн алдаа, гаргасан зөрчлөөс хувь хүн, хуулийн этгээдэд учруулсан гэм хорыг Иргэний хуульд заасан үндэслэлийн дагуу төр хариуцан арилгана.

32 дугаар зүйл.Шүүгчийн ёс зүйн дүрэм

32.1.Шүүгч Шүүгчийн ёс зүйн дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллана.

32.2.Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэнэ.

33дугаар зүйл.Сахилгын хэрэг үүсгэх эрх

33.1.Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж үзсэн иргэн, албан тушаалтан, хуулийн этгээд шүүгчид сахилгын хэрэг үүсгүүлэхээр Ёс зүйн хороонд гомдол гаргана.

33.2.Энэ хуулийн 33.1-д заасан гомдлыг Ёс зүйн хороозаавал хянан үзнэ.

34 дүгээр зүйл.Сахилгын хэрэг үүсгэх

34.1.Ёс зүйн хорооны гишүүн гомдол, хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шалгана.

34.2.Энэ хуулийн 34.1-д заасан шалгалтын дүнг Ёс зүйн хорооны гурван гишүүнхянаж, сахилгын хэрэг үүсгэх, эсхүл үүсгэхээс татгалзах тухай тогтоол гаргана.

/Энэ хэсэгт 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

35 дугаар зүйл.Сахилгын хэрэг шийдвэрлэх бүрэлдэхүүн

35.1.Ёс зүйн хороо сахилгын хэргийг 30 хоногийн дотор нийт гишүүний олонхын ирцтэйгээр хэлэлцэн, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

35.2.Энэ хуулийн 35.1-д заасан магадлалыг маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.

/Энэ хэсгийг 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

36дугаар зүйл.Ёс зүйн хорооны шийдвэр

36.1.Ёс зүйн хороо сахилгын хэргийг хянан хэлэлцээд дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

36.1.1.сахилгын шийтгэл ногдуулах;

36.1.2.сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох;

36.1.3.сахилгын хэргийг дахин шалгуулах;

36.1.4./Энэ заалтыг 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

36.2.Ёс зүйн хороонышийдвэрийг гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор гомдол гаргагчид болон сахилгын хэрэгт холбогдсон шүүгчид хүргүүлнэ.

36.3./Энэ хэсгийг 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

37дугаар зүйл.Шүүгчийн сахилгын хариуцлага

37.1.Шүүгч энэ хууль, шүүгчийн ёс зүйн дүрэм, шүүхийн байгууллага дахь хөдөлмөрийн харилцааг зохицуулсан хуулиар тогтоосон журмыг зөрчсөн бол түүнд дор дурдсан сахилгын арга хэмжээний аль нэгийг авна:

37.1.1.сануулах;

37.1.2.зургаан сар хүртэл хугацаагаар 30 хүртэл хувиар цалинг бууруулах;

37.1.3.огцруулах.

37.2.Энэ хуулийн 37.1.3-т заасан сахилгын арга хэмжээ оногдуулсан тохиолдолдШүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.

/Энэ хэсэгт 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

38 дугаар зүйл.Шүүгчийн хараат бус байдалд халдсан этгээдэд

хүлээлгэх хариуцлага

38.1.Шүүгчийн хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад аливаа хэлбэрээр нөлөөлөх, халдахыг оролдсон иргэн, албан тушаалтан, төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээдийн эрхтэй болон эрхгүй этгээдэд энэ хуулийн 22 дугаар зүйлд заасан нөлөөллийн мэдүүлэг болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүсэлтийг үндэслэн эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу харьяалах шүүх дараах хариуцлага хүлээлгэнэ:

38.1.1.иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах;

38.1.2.төрийн байгууллагын албан тушаалтныг эрх бүхий байгууллага, албан тушаалтан албан тушаалаас нь чөлөөлөх буюу огцруулах арга хэмжээ авах;

38.1.3.улс төрийн нам, төрийн бус байгууллага, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй этгээдийн удирдлага, эрх баригч болон тухайн хууль бус нөлөөлөх, халдах үйл ажиллагааг төлөвлөсөн, зохион байгуулсан, үйлдсэн, оролцсон, мэдсэн боловч таслан зогсоох арга хэмжээ аваагүй аливаа ажилтан, этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл уг байгууллагыг албадан татан буулгах буюу татан буулгахгүйгээр гэм буруутай этгээдийг 30 хүртэл хоногоор баривчлах.

38.2.Энэ хуулийн 38.1.2-т заасан төрийн байгууллагын албан тушаалтныг албан тушаалаас нь чөлөөлөөгүй буюу огцруулаагүй бол шүүхийн журмаар албадан чөлөөлж, огцруулах бөгөөд энэ тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлана.

38.3.Шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн, халдсан албан тушаалтныг албан тушаалаас нь энэ хуулийн 38.2-т зааснаар шүүхийн журмаар албадан чөлөөлж, огцруулахад энэ хуулиас бусад хуулиар тогтоосон нөхцөл, журам хэрэглэгдэхгүй бөгөөд энэхүү үндэслэл нь тухайн албан тушаалтныг төрийн албанд дахин ажиллуулахгүй байх үндэслэл болно.

38.4.Энэ хуулийн 38.1-д заасан хариуцлага хүлээсэн гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсаас албадан гаргаж, дахин ирэх эрхийг нь 10 хүртэл жилээр хасна.

ДОЛДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

39 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

39.1.Энэ хуулийг 2013 оны 4 дүгээр сарын 15-ныөдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

/Энэ хэсэгт 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 6-р сарын 17, Мягмар гариг, 01:09
 

Тунхаг

Зурган дээр дарж үзнэ үү
Текстээр үзэх бол ЭНД
дарна уу.

Цахим сан

Баннер

Шинээр гарсан дүрэм, журмууд

Баннер

Файл шэйр

Баннер

Сонгон шалгаруулалтын зар

Баннер

Санал асуулга

Та Шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?
 

Цаг хугацаа

Манай зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр7
mod_vvisit_counterӨчигдөр698
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт4121
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт1358
mod_vvisit_counterЭнэ сард5862
mod_vvisit_counterӨнгөрсөн сард12900
mod_vvisit_counterНийт зочдын тоо503285

Хэн онлайн байна: 2
Таны IP хаяг: 54.227.51.103
,
Now: 2017-12-16 01:36